“Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд, эрдэм шинжилгээний ажилтан ажилчид, их, дээд сургуулийн профессор, багш нар, иргэний нийгэм хувийн хэвшлийн судлаач төлөөлөл оролцож байна.
Тус эрдэм шинжилгээний бага хурал нь удахгүй зохион байгуулахаар бэлтгэл хангаж байгаа “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хүрээнд хийгдэж буй тус хурал улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг тодорхойлох, эрэмбэлэх, шийдвэрлэх арга зам, гарц гаргалгааг шинжлэх ухааны үүднээс тогтоох зорилготой юм.
Эрдэм шинжилгээний хурлыг нээж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэллээ.
-Үндсэн хуульд оруулсан 2019 оны нэмэлт, өөрчлөлтөө бүрэн амилуулж, хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Үүний дагуу 30 гаруй томоохон хуулийг шинэчлэн батлахаар тусгаснаас 13 хууль батлагдаагүй байна. Тухайлбал, төрийн эрх мэдэл хоорондын хяналт, тэнцлийг бэхжүүлэх, парламентын ардчилал, ард түмний засаглах эрхийг баталгаажуулахад нэн чухал ач холбогдолтой Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай, Үндэсний баялгийн сангийн тухай, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиуд одоо болтол өргөн мэдүүлээгүй байна.
Монголын төрд хууль дээдлэх ёс, хариуцлагын тогтолцоо ноёлж, тэр нь шударга хэрэгжиж, товчлон хэлбэл хууль засаглаж байж төрд итгэх ард түмний итгэл сэргэнэ. Зөвхөн Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэлээс болж алдагдсан боломжийн өртөг жилд 3.8 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Хотын нэг иргэн жилд дунджаар 30 хоногийг түгжрэлд өнгөрөөж, ажил алба, үнэт цагаа алдаж, хохирч байна. Энэхүү түгжигч хүчин зүйл, хөгжил дэвшлийг гацаасан цоожийг бид орон зайн шинэ төлөвлөлтөөр хэрхэн тайлах, хууль, эрх зүй, бодлогын ямар хөшүүрэг хэрэглэх, түүнийг ямар эрэмбэ дараагаар, хэрхэн амилуулах асуудлаар өнөөдрийн хурлаас олон шинэ гарц, шийдэл гарна гэдэгт найдаж байна.
Монгол Улс хэрвээ байгалийн баялаг ихтэй юм бол баялгийн сантай байх ёстой. Нийгэм хэт баян цөөнх, ядуу болон ядуурал руу гулсаж буй олонх гэсэн хоёр бүлэгт хуваагдах хандлага сүүлийн жилүүдэд эрчимжлээ. Улс орны хөгжлийн гол тулгуур болдог дундаж давхарга нэмэгдэх боломж хязгаарлагдмал байсаар байна.
Эрдэмтэн судлаачдад хандан улс орныхоо сэргэн мандлын зүг чигийг тодорхойлох хүндтэй хариуцлага ногдож, ард түмэнтэйгээ “Зөвлөлдөж шийдэх” чухал асуудлуудын оньсыг нээх эрхэм үүрэг хүлээж байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.