СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-01-04

2023 он Wall Street-ийн нүдээр...

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Сүүлийн 40 жилд тохиож буй эдийн засгийн хамгийн хүндрэлтэй жилүүдийн нэг нь 2023 он болно гэж "Barclays" үзэж байна. "Ned Davis"-ийн шинжээчдийн тооцоолсноор энэ онд дэлхийн эдийн засаг ноцтой уналтад орох магадлал 65 хувьтай байна. "Fidelity"-ийн үзэж байгаагаар уналтаас зөөлөн газардана гэж бараг боломжгүй зүйл бололтой.

Энэ мэтээр Уолл Стритийн стратегичдын армиас 2023 оны хөрөнгө оруулалтын орчны ерөнхий өнгийг тодорхойлох 500 гаруй дүн шинжилгээг "Bloomberg News" цуглуулан нэгтгэжээ. Тэдгээрийн дундаас өөдрөг төсөөлөл олоход тун бэрх байгаа нь 2022 оны "их уналт"-аас гарч ирсэн хөрөнгө оруулагчдын сэтгэлийг дахин чилээхээр байна. Ингээд шинэ онд хамгийн их анхаарал татаж буй 10 талбарт та биднийг юу хүлээж байгааг сонирхоцгооё.

UBS

Бидний төсөөллөөр бол өсөлт түүхэн доогуур түвшинд байхаар байна. Дэлхийн эдийн засаг 2023 онд жилийн дүнгээр 2.1% өсөх төлөвтэй байгаа нь цар тахал болон дэлхийн санхүүгийн хямралын үеийг эс тооцвол 1993 оноос хойших хамгийн тааруу үзүүлэлт болох юм. Мөн 32 эдийн засгийн 13 нь 2023 оны сүүл гэхэд багадаа 0.5% агшихаар байна. Өөрөөр хэлбэл бидний төсөөлөл “дэлхийн эдийн засгийн уналт”-тай их дөхөж байна. 

Citi

2023 онд дэлхийн эдийн засаг 2%-иас бага дүнгээр өсөхөөр байна. БНХАУ-ыг хасаж тооцвол өсөлт 1%-иас бага байхаар байгаа нь дэлхийн эдийн засгийн уналт гэх тодорхойлолттой зарим талаараа нийцэж буй. Мөн инфляц ирэх онд аажмаар саарах төлөвтэй байгаа ч өндөр түвшинд хадгалагдахаар байна. 

JPMorgan

Сайн мэдээ гэвэл төв банкнууд бодлогoo өөрчлөх шаардлагатай тулж, бодлогын хүүгээ 2023 оны аль нэг үед бууруулах дохио өгч эхлэх төлөвтэй байна. Энэ нь хөрөнгүүдийн үнэ тогтвортой өсөхөд нөлөө үзүүлж, улмаар 2023 оны сүүлээр эдийн засгийн сэргэлтэд түлхэц болно. Харин муу мэдээ нь гэвэл төв банкнууд бодлогын чиглэлээ өөрчлөхөд эдийн засгийн идэвх улам сулрах, ажилгүйдэл өсөх, зах зээл савлах, инфляцын түвшин буурах зэрэг нөхцөлүүд бүрэлдсэн байх хэрэгтэй. Дэлхийн ДНБ-ий өсөлт 2023 онд 1.6% хүрэх төлөвтэй. Хөгжингүй орнуудын эдийн засаг 0.8%, АНУ-ын эдийн засаг 1%, евро бүсийнх 0.2%, харин БНХАУ-ын эдийн засаг 4% бол хөгжингүй орнуудын эдийн засаг 2023 онд 2.9% өсөх тооцоотой байна. 

Bank of America

2023 оны хувьд хүлээгдэж буй шок бол эдийн засгийн уналт. АНУ, Евро бүс, Их Британийн эдийн засаг уналтад орох төлөвтэй байгаа бол дэлхийн бусад улс орнуудын эдийн засгийн идэвхжил суларна. Харин БНХАУ үүнд хамаарахгүйг онцлууштай. Өөрөөр хэлбэл 2023 оны эхний хагаст компаниудын ашиг, эдийн засаг өсөлтийг доош татах дарамт нэмэгдэнэ гэсэн үг. Харин Хятад улс эдийн засгаа дахин нээж буй нь тодорхой салбаруудад дэмжлэг болно.

BlackRock

Макро эдийн засаг болон зах зээлийн тогтворгүй байдал улам нэмэгдсэн шинэ дэглэм үйлчилж байна. Эдийн засгийн уналт тохиохыг урьдаас анхааруулсан; Инфляц гэгч бирдийг лонхонд нь буцааж оруулахаар хөөцөлдөж буй төв банкнууд бодлогын хүүгээ хэт чангаруулах замдаа явж буй. Тактикийн хувьд энэ нь хөгжингүй орнуудын хөрөнгийн захыг чиглэх хөрөнгө оруулалтаа танахад хүргэдэг. Эрсдэл өндөртэй активуудын хувьд 2023 оны аль нэг үед өсөлт ажиглагдахаар байгаа ч нөхцөл нь хараахан бүрдээгүй гэж үзэж байна. Бүрдлээ ч өнгөрсөн үеийнх шиг урт удаан тогтвортой өсөлт хүлээхгүй байна.

Morgan Stanley

Эдийн засгийн өсөлт удааширсан, инфляц буурч, мөнгөний шинэ бодлого хэрэгжиж буй орчинд 2023 онд бондууд, ногдол ашиг тогтмол тараадаг компаниудын хувьцаанууд, мөн хөгжиж буй зах зээлүүд өснө гэсэн хүлээлттэй байхад гэмгүй.

Barclays

2023 онд инфляц огцом буурах төлөвгүй байгаа учир эдийн засаг уналтад орохыг үл харгалзан мөнгөний хатуу бодлого барих ёстой болно гэсэн үг. Европын эрчим хүчний хомсдол болон БНХАУ-д тавьсан АНУ-ын хориг арга хэмжээ гол анхаарах ёстой асуудлууд болохоор байна.

BlackRock

Өсөлт удаашрах үед Төв банкнуудын гаргах шийдвэр хөрөнгө оруулагчдын тооцооллоос зөрнө. Эдийн засагт учирч буй хохирол бодитой болохын хэрээр Төв банкнууд бодлогын хүүг өсгөх зорилтоосоо ухрах болно. Инфляц саарах боловч Төв банкнуудын зорилтот түвшин болох 2 хувьд хүрэхгүй гэж бид таамаглаж байна.

JPMorgan

Олон улсад хэрэглээний үнийн индекс 2022 оны хоёрдугаар хагаст 10 хувь руу дөхсөн бол 2023 оны эхээр 3.5 хувь болж буурах төлөвтэй. Инфляц зорилтот 2 хувийн түвшинд тийм ч амархан хүрэхгүй байх магадлалтай. Гэхдээ инфляцын чиг хандлага зөв зүгтээ хандсан тохиолдолд Төв банкнууд хүүгээ өсгөхөө түр азнахаас татгалзахгүй гэж таамаглаж байна. 

Bank of America

АНУ-д хүүгийн түвшин нэмэгдсэн хэвээр байх боловч оны төгсгөлд буурах хүлээлттэй байна. Өгөөжийн муруй буцаж эргэн бодлогын хүүгийн савлагаа тогтворжих болно. АНУ-ын ЗГ-ын 2 болон 10 жилийн хугацаатай бондуудын хүүгийн түвшин 2023 оны эцэст 3.25% руу очих төсөөлөлтэй байна. Бодлогын хүүгийн өндөр түвшнээс шалтгаалан хүндэрсэн салбаруудад эерэг өөрчлөлтүүд гарч болох юм. 

Barclays

2022 онд төв банкнууд бодлогын хүүгээ эрчимтэй нэмэгдүүлсний нөлөө 2023 онд дэлхийн эдийн засагт илүүтэй мэдрэгдэх болно. Бид хувьцаанаас илүү бондыг санал болгож байгаа. Учир нь 2023 оны эхний хагаст хувьцаануудын ханш доод түвшинд хүрч болзошгүй. Холбооны нөөцийн банкны бодлогын хүү 4.5 хувьд хүрч өсөх магадлалтай байгаа тул бэлэн мөнгө нь эрсдэл багатай хувилбар байх болно. 

Credit Suisse

Бид 2023 оныг хоёр хэсэгт хувааж авч үзэж байна. "Бодлогын хүү илүү урт хугацаанд өндөр түвшинд хадгалагдана" гэх сэдэв зах зээлд юун түрүүнд анхаарал татаж магадгүй. Энэ тохиолдолд хувьцааны зах зээлийн үзүүлэлт сул байна. Бид тогтмол орлоготой, бага хөшүүрэгтэй, үнийн чадавхтай салбар, бүс нутгууд одоогийн орчинд сайн үзүүлэлттэй байна гэсэн хүлээлттэй байна. Төв банкнууд мөнгөний бодлогоо сулруулах дөхөх үед бодлогын хүүд мэдрэг салбаруудад бид анхаарах болно. 

NatWest

2023 онд АНУ-ын ДНБ өмнөх оны мөн үеэс 0.4 хувиар буурч, эдийн засaг нь уналтад орно гэж бид таамаглаж байна.

UBS

АНУ-ын эдийн засгийн өсөлт 2023, 2024 онуудад 0 хувьтай ойролцоо түвшинд очино. Мөн 2023 оноос эдийн засгийн уналт эхэлнэ гэж үзэж байна. Инфляц хурдацтай саарч, Холбооны нөөцийн банк 2024 оны эхэн үе гэхэд бодлогын хүүгээ 1.25 хувь болгож бууруулсан байна. Бодлогын энэхүү өөрчлөлт нь энэ онд зах зээлийн өнцөг булан бүрт мэдрэгдэх болно.

Goldman Sachs

Эдийн засгаа эргэн нээснээр Covid-19-ийн халдварын тархалт даамжирч, нийгэмд болгоомжлол хадгалагдахаар байгаа тул 2023 оны эхний хагаст БНХАУ-ын эдийн засгийн өсөлт сайнгүй байх төлөвтэй. Гэвч эдийн засгаа нээсний үр нөлөө оны хоёрдугаар хагаст гарч, өсөлт огцом эрчимжинэ. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн урт удаан хугацааны уналтаас гадна хүн амын бүтэц, бүтээмжийн тааруу үзүүлэлттэй холбоотойгоор боломжит өсөлт нь буурах төлөвтэй тул бид Хятадын урт хугацааны төлөвийг төдийлөн өөдрөгөөр харахгүй байгаа.

JPMorgan

БНХАУ-ын эдийн засаг 2023 онд өмнөх оны мөн үеэс 4 хувиар өснө гэсэн төсөөлөлтэй байна. Covid-19 цар тахлын хязгаарлалтуудаа сулруулахтай зэрэгцэн эдийн засгийн өсөлт 2 улиралд дараалан дунджаас доош түвшинд байж магадгүй.

Fidelity

БНХАУ-ын бодлого тодорхойлогчид эдийн засгаа сэргээх тал дээр үргэлжлүүлэн анхаарч, урт хугацааны бодлогын дэмжлэг шаардагддаг ногоон технологи болон дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулна гэж харж байна. Цар тахлын хязгаарлалтыг сулруулах нь иргэдийн хэрэглээ нэмэгдэхэд том түлгэц болно. Цар тахлын нөлөөгөөр “өндийсөн” дангааршил, АНУ-тай харилцах харилцаанд үүссэн хурцадмал байдал зэрэг асуудлыг шийдэхэд хугацаа орох боловч улам бүр чухал сэдэв болох болно.

BCA Research

Эсрэг циклийн валют гэдэг утгаараа ам.долларын ханш 2023 онд сулрах төлөвтэй байна. 2024 онд ам.долларын ханш түр хугацаандаа чангарч магадгүй. Энэ нь ам.долларын “уналтын зах зээлд” сэхээ авах завсар болно.

Citi

Ам.долларын гүйцэтгэл 2023 онд хоёр ялгаатай байхаар байна. 2023 оны эхний хэдэн сард эрсдэлтэй хөрөнгө оруулалтын хэрэгслүүд сул байх хэвээрээ байна, ялангуяа хувьцааны ашгаас шалтгаалаад. Ингэснээр үнэт цаасны зах зээлтэй хүчтэй урвуу хамааралтай ам.долларын ханшид дэмжлэг болно. Харин оны сүүлийн хагаст ам.долларын ханш сулрах чиглэлд шилжих боломжтой юм.

JPMorgan

Валютын захад ам.долларын ханш 2023 онд ч үргэлжлэн чангарах тооцоотой байна. Гэхдээ 2022 оныхоос бага хэмжээгээр өсөх бөгөөд хугацаа өөр байна. АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ хадгалснаар ам.долларын ханшийн өсөлт амсхийнэ. АНУ-аас бусад зах зээлд өсөлт сул байгаа нь ам.долларын ханшийн 2023 оны өсөлтийн тулгуур хэвээр үлдэнэ.

Bank of America

Газрын тосны үнэ урт хугацаандаа өндөр түвшинд хадгалагдана. ОХУ-ын эсрэг хоригууд үйлчилж, газрын тосны нөөц буурч, БНХАУ эдийн засгаа нээхтэй зэрэгцэн OPEC эрэлт буурсан үед гарцаа танах зорилгоо гүйцэлдүүлснээр эрчим хүчний үнэ өндөр хэвээр үлдэнэ. 2023 оны туршид “Brent” газрын тосны үнэ баррель нь дунджаар 100 ам.доллар байх төлөвтэй. Харин оны хоёрдугаар хагаст 110 ам.доллар болж өсөхөөр байна.

Citi

Уналтын үед бид таваарын зах зээлд зэсийн “short” арилжаанд найдсаар ирлээ. БНХАУ эдийн засгаа эргэн нээж байгаа ч зэсийн зах зээл үүнээс тийм ч их ашиг хүртэж чадахгүй гэж манай металлын стратегичид тооцоолж байна. Яагаад гэвэл Хятадын үл хөдлөхийн зах зээлийн уналт зогсох ч эргэн сэргэхдээ удаан байхын зэрэгцээ АНУ-ын эдийн засаг уналтад орохоор байна. Тиймээс бид зэсийн төлөвт сөрөг байр суурьтай байгаа. Харин эрчим хүч болон алтны хувьд тодорхой бус байна.

Natwest

Украины дайн ойрын хугацаанд дуусаж, олон улсын зах зээлд Оросын эрчим хүчний анхдагч бүтээгдэхүүний худалдаа эргэн сэргэнэ гэж бид бодохгүй байна. Түүнчлэн OPEC 2023 оны туршид газрын тосны үнийг уналтаас хамгаалах бодлого баримтлахаас гадна эрэлт буурч, хөрөнгө оруулалт багассанаар АНУ-ын үйлдвэрлэл мөн тааруу байх хүлээлттэй байна. Тиймээс дэлхийн эдийн засгийн өсөлтийн удаашрал эрчим хүчний үнэ огцом буурахад нөлөөлж чадахгүй.

T. Rowe Price

Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг харвал бодлогын хүүг хэдэн арван жил бууруулж ирснээс одоо инфляцын тогтмол дарамт, бодлогын өндөр хүүгээр тодорхойлогдох шинэ дэглэм рүү шилжлээ. Дэглэм өөрчлөгдөнө гэдэг эрсдэл дагуулах нь тодорхой. Гэхдээ 2022 онд зах зээл зарим эрсдэлүүдэд хэт хариу үйлдэл үзүүлснээр зарим хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулах таатай боломжууд үүсгэсэн байж болзошгүй юм.

UniCredit

2023 онд эдийн засаг, зах зээлийн томоохон эрсдэлүүд үргэлжлэхээр байгаа. Тиймээс ирж буй ондоо тогтмол өгөөжтэй үнэт цаас, хөгжингүй болон хөгжиж буй орнуудын бондыг чухалчлан аюулгүй хөрөнгө оруулалт хийхийг санал болгож байна. Бондын хувьд эрсдэлтэй уялдан илүү өндөр өгөөж өгөх боломжтой бол үнэт цаасны зах зээл эхэндээ үнэлгээ нь бага зэрэг өсөх ч ашиг багатай байна гэж үзэж байна. Хөрөнгө оруулалтын түвшний, өндөр өгөөжтэй Европын бондууд бидний анхаарлыг татаж байгаа ч хугацааг нь сайтар анхаарууштай.

Wells Fargo

Бидний бодлоор стагфляц бол макро эдийн засгийн хамгийн том эрсдэл, бас төв банкнуудын хариу үйлдлийг тааварлахад хүнд байна. Зарим бодлого тодорхойлогчид инфляцыг дарж авахын тулд эдийн засгаа эрс царцаах сонголт хийж ч магадгүй байна. 

Ned Davis Research

ОХУ-ын эхлүүлсэн дайнаас үүдэлтэй эрчим хүчний шок болон мөнгөний хатуу бодлогоос шалтгаалж 2022 оны IV улирал гэхэд Европын эдийн засаг уналтад орох магадлал өндөр. Уналт он дамнан үргэлжилснээр 2023 онд Евро бүсийн эдийн засгийн өсөлт 0-0.5 хувь байна гэж бид тооцоолж байна. Ерөнхий төлөвийн хувьд бараг тэр чигтээ эрчим хүчнээс хамаарахаар байгаа учраас тодорхой хэлэхэд бэрх. 

Societe Generale

Орос-Украины дайн тооцоолсноос эрт дуусах боломж бий. Европын зах зээл үүнээс хамгийн өндөр ашиг хүртэх ч Европын компаниудын хувьцаанд бид төвийг сахисан байр суурьтай байна. Учир нь өөрчлөлтөд мэдрэг, хямд үнэтэй хувьцаанууд ийм үед огцом өсдөг тал бий. 

Deutsche Bank

2024 он болон түүнээс цааших эдийн засгийн сэргэлтийн эрч өмнөх тохиолдлууд шиг хурдацтай бус, харин ч сулхан байх төлөвтэй. Дэлхийн эдийн засгийн өсөлтөд тодорхой хугацаанд нөлөөлөх гол хүчин зүйлс нь Орос-Украины дайнаас улбаалсан тодорхой бус байдал, тэр дундаа эрчим хүчтэй холбоотойгоор Европ тивд үүсээд буй өрсөлдөх чадварын шок, түүнчлэн АНУ, БНХАУ хоорондын стратегийн өсөн нэмэгдэж буй өрсөлдөөн байх болно.

Эх сурвалж: Bloomberg TV Mongolia

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.