СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль нь уул уурхай, банк санхүү, батлан хамгаалахаас бусад бүх салбарт үйлчилнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ-аас баталсан хуулиудын талаар долоо хоног бүр танилцуулж буй хүрээнд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг 2023 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. 

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд Улсын Их Хурал 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн, баталсан юм. Хууль 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөнө. 

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг мэдээллийнхээ эхэнд төр, хувийн хэвшлийн түншлэл нь улс орны дэд бүтэц, нийгэм, эдийн засгийн томоохон зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор төрийн чиг үүргийг хувийн хэвшлээр урт хугацааны турш гэрээний үндсэн дээр харилцан ашигтай нөхцөлөөр гүйцэтгүүлэх тухай ойлголт.

Түншлэгч талуудын нийтлэг эрх ашгийг тэгш бүрдүүлж, урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллах эрх зүйн орчин төдийгүй түншлэлийн гэрээний суурь харилцааны хууль, эрх зүйн орчин тодорхой болгох зохицуулалтыг энэ хуульд тусгасан. Хуулийн гол агуулга нь санхүүжилтийн эх үүсвэрийг хувийн хэвшил гаргаж, хөрөнгө оруулалт, ашгаа буцаагаад улсын төсвөөс удаан хугацаанд авах, хэрэглэгчээс авах гэсэн зохицуулалтыг тайлбарлаж, мэдээлэл өгөв. Төр, хувийн хэвшлийн түншлэл уул уурхай, батлан хамгаалах, банк санхүүгийн салбар гэсэн гурван салбарт яагаад хэрэгжихгүй вэ гэдгийг тайлбарласан юм.  

Хуульд түншлэлийн төслийг олон нийтэд зарлах, мэдээлэх болон төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах үе шатуудтай холбоотой процессын зохицуулалтууд, мөн түншлэлийн төслийн төрөл, түншлэлийг олон улсын жишигт нийцсэн, хөгжлийн бодлого, төлөвлөлт болон улсын төсвийн хөрөнгө оруулалттай уялдуулан төлөвлөх, түүнд бэлтгэх, түншлэлийн төсөлд тавигдах шаардлагыг тодорхой болгожээ.

Мөн түншлэлээр төслүүд хэрэгжүүлснээр барилга байгууламжийн ашиглах хугацааны зардлыг бууруулах, тухайн салбарт шинэчлэл, инновацийг нэвтрүүлэх, хөрөнгийн ашиглалтыг сайжруулах боломжийг дэмжих, улсын төсөв хязгаарлагдмал тул өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах, төрийн үйлчилгээг сайжруулахад төр, хувийн түншлэл нь санхүүгийн нэг арга хэрэгсэл болох, судалгаа, шинжилгээний үндсэн дээр нийгмийн ач холбогдол, эдийн засгийн үр ашиг бүхий төр,  хувийн хэвшийн төслийг сонгодог боломж бүрдэх ба төсөвт учруулах эрсдэлийг тооцож, төсвийн хөрөнгө оруулалтыг үр дүнтэй удирдах нөхцөл бүрдэх, “Барих-Шилжүүлэх” төрлийн богино хугацаатай, үр ашиг муутай төслийг түншлэлээр хэрэгжүүлэхийг хориглох зэрэг зохицуулалтуудыг тусгажээ.

Төр, хувийн хэвшлийн гэрээний зүйл нь нисэх буудал, төмөр зам, барилга байгууламж, дэд бүтцийн байгууламжууд, нийтийн тээвэр, эрүүл мэнд, боловсрол, соёл, спортын объектууд зэрэг гол төлөв нийтийн шинж чанартай объект байна. Мөн түншлэлийг хөгжүүлснээр төр өөрийн чиг үүрэг, хариуцлагыг хувийн хэвшлээр дамжуулан хэрэгжүүлэх, төрийн өмч хөрөнгийг илүү үр ашигтай зарцуулах, төрийн үйлчилгээг бага зардлаар чанартай хүргэх боломж гэдгийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг судалгаа, жишээн дээр тайлбарлаж,  түншлэлийн давуу талуудын талаар мэдээлэл өгөв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.