Туурга тусгаар, бүрэн эрхт Монгол Улсын ард иргэд, ахан дүүс ээ!
Та бүхэндээ үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 111 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Тэртээ 1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн 9-нд буюу аргын тооллын арванхоёрдугаар сарын 29-ний энэ өдөр монгол түмэн нэгэн хүсэл эрмэлзлээр тэмцэн босож, 200 гаруй жилийн турш үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэслэн халж, үндэсний тусгаар тогтнолоо зарлан тунхагласан түүхтэй билээ.
Өвлийн жавар тачигнаж, эрх чөлөөний тэмүүлэл бадарсан энэ өдөр Манжийн дарлалыг таслан зогсоож, дотоодын үл ойлголцлоо эх орон, тусгаар тогтнолын төлөө эцэслэн энхжүүлснээр Их хүрээнд наймдугаар Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт эзэн хаанд өргөмжилж, төрийн тамга, төрийн далбаагаа хүндэтгэн залж байлаа. Улмаар Засгийн газрынхаа анхны бүтцийг таван яамтайгаар байгуулах түүхэн шийдвэрээ баталгаажуулж, Тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг байгуулсан нь монгол хүн бүрийн хувьд үеийн үед бахархан дурсаж, бахдан хамгаалах учиртай үнэ цэнийг оршоон залсан их хүндэтгэлийн өдөр юм.
Иймд Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг түүчээлэн мандуулж, эцэслэн баталгаажуулсан өвөг дээдэстээ гүн талархал илэрхийлж, Монгол эх орныхоо тусгаар тогтнол, ирээдүйн төлөө хийсэн эрхэм үйл хэргийг нь дурсан хүндэтгэж, түгээн дэлгэрүүлэх нь өнөө цагийн монгол хүн бүрийн эрхэм үүрэг гэдэгт гүнээ итгэж байна. Үүний учир УИХ-ын 2007 оны наймдугаар сарын 16-ны хуралдаанаас жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-нийг бүх нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр, 2011 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн чуулганаар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилсан түүхтэй.
Эрхэм хүндэт Монгол түмэн минь ээ
Эрхэм хүндэт улаанбаатарчууд аа
Та бүхэндээ дахин Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн баталгаажуулсан түүхэн өдрийн баярын мэндийг хүргэж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх Монгол эх орон минь ямагт өнөд дээшээ хөгжин дэвжиж, монгол түмнээрээ энхжин жаргахын ерөөл өргөе.
Монгол Улс минь үүрд мандан бадраг!
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.