НЗДТГ, Нийслэл Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран жил бүр хотын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөлмөр зүтгэл, оюун ухаанаа зориулан, ажил бүтээлээрээ манлайлсан хөдөлмөрийн аваргуудаа тодруулдаг уламжлалтай.
Ажил үйлсээрээ салбартаа тэргүүлж буй 30 эрхмийг нийслэлийн 2022 оны хөдөлмөрийн аваргаар тодрууллаа. Шагналыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, НЗДТГ-ын дарга И.Баатархүү, Нийслэл Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга Ё.Соёлмаа нар гардуулсан юм.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн мэндчилгээ дэвшүүлж “Байгууллага, хамт олныхоо түүчээ болж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хөдөлмөрийн аваргаар шалгаран, хөгжил дэвшилд нь үнэтэй хувь нэмэр оруулж буй та бүхэнд иргэд болон албан хаагчдын өмнөөс халуун талархал дэвшүүлж, улам их амжилтыг хүсье. Улаанбаатар хот бол их айл. Энэ их айлыг хөгжүүлэхэд нийслэлийн мянга, мянган ажилтны хувь нэмэр их. Ирж буй 2023 ондоо эрүүл энх, аз жаргалтай байхыг хүсэж, илүү их амжилтаар бялхаж байх болтугай” хэмээлээ.
Нийслэл Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга Ё.Соёлмаа “Хотынхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөлмөр, оюун ухаан, хөлс хүчээ дайчлан ажилласан нийслэлийн 2022 оны хөдөлмөрийн аваргууд та бүхэнд халуун баяр хүргэе. Ирэх он жилүүдэд ажилчдын орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, ажлын байрны эрүүл ахуйг дээшлүүлэх чиглэлд олон ажил хийнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
Нийслэлийн 2022 оны хөдөлмөрийн аваргаар тодорсон гэрэл зургийн www.mpa.mn вэбсайтын үүсгэн байгуулагч, фото сэтгүүлч Б.Бямба-Очир “Би гэрэл зургийн салбарт 10 гаруй жил ажиллаж, 2013 оноос www.mpa.mn сайтыг үүсгэн байгуулсан. Нийслэлийн хөдөлмөрийн аварга хэмээх нэр хүндтэй, том шагналыг хүртэж буйдаа, тэр дундаа хэвлэл мэдээллийн салбараас тодорч байгаадаа баяртай байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.
Түүнчлэн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч Б.Энхболд “Би Хот тохижилтын газарт 2014 онд ажилд орж, өдгөө ес дэх жилдээ ажиллаж байна. Иргэд маань хог хаях нь багасаж, жил ирэх тусам соёлтой болж байгаад талархдаг. Хамт олондоо, намайг дэмждэг ах эгч, найз нартаа баярлалаа, бас шинэ жилийн мэнд хүргэе” гэлээ.
Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын жолооч Б.Энхбаяр “Би давс, бодис цацах тусгай зориулалтын камаз машин барьдаг. Шагнал авсандаа сэтгэл маш өндөр байна. Хамт олондоо баярлалаа” хэмээв.
Мөн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 30 дугаар ангийн гал сөнөөгч Н.Гантулга “2022 оны нийслэлийн хөдөлмөрийн аваргаар шалгарсандаа тун баяртай байна. Энэ бол нийслэлийн Онцгой байдлын хэлтсийн 2000 гаруй алба хаагчийн шагнал. ОБЕГ, Нийслэлийн Онцгой байдлын газар, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 30 дугаар ангийн нийт удирдлага, алба хаагчдадаа эрүүл энх, сайн сайхныг хүсье. Энэ жил би ойролцоогоор 50 хүний амь нас авран хамгаалсан” гэлээ.
Нийслэлийн 2021 оны хөдөлмөрийн аваргууд
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.