Гурван өгүүлбэрээр:
Тэтгэмжид 3 их наяд
11 дүгээр сарын статистик мэдээллээр 28,300 хүнд 69.2 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж олгосныг НДЕГ мэдээллээ. Энэ нь 2021 оны мөн үетэй харьцуулахад 19.6 тэрбум төгрөгөөр өссөн байна. Цар тахлын жилүүдэд халамжийн чиглэлийн зарцуулалт нэмэгдсэний зэрэгцээ ажиллах хүчний оролцооны түвшин буурсан юм. Энэ сарын нийт дүнгээр 724.3 мянган хүний тэтгэвэр тэтгэмж, төлбөр, зардал, шимтгэлийн буцаан олголтод гурван их наяд төгрөг зарцуулжээ. Ингэснээр сангийн тэнцэл 742.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гараад байгаа аж.
"Юнивишн"-ий өөрчлөлт
Хэрэглэгчид "Юнивишн" ХХК-ийн гурвалсан үйлчилгээг заавал багцаар нь авдаг байсныг зогсоож, сонгож хэрэглэх боломжтой болсныг Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө газраас мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл олон суваг дамжуулах үйлчилгээ, интернет үйлчилгээ, суурин утасны үйлчилгээг дангаар нь ашиглах боломжийг олгох шаардлагыг тус компани биелүүлэхээр болжээ. Энэ хүрээнд холбогдох тохиргоог системд хийж, ажлын 10 хоногт багтаан хэрэглэгчдэд хүргэхээр төлөвлөн ажиллаж байгааг мэдээлсэн байна. Мөн гэрээний хугацаанаас өмнө багцаа бууруулах хүсэлт гаргасан хэрэглэгч хэрэв төхөөрөмж авсан бол тухайн төхөөрөмжийн ашигласан хугацаанд ногдох төлбөрийг үндсэн үнээс хасаж тооцдог байхаар шийдвэрлэсэн аж.
Байр суурь
"30 жилийн хугацаанд авч, ашиглаж ирсэн гадаадын төсөл, тусламжийн ашиглалтыг бид эргэж ярих цаг болсон. Таван төсөл тутмын 2-3 нь хугацаа хоцрогдолтой явдаг. Үр өгөөж нь тэр хэмжээнд байна гэсэн үг. Сүүлийн нэг жил гаруйн хугацаанд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар юун дээр хатуу байсан бэ гэхээр түнш орнуудын хоёр талт төслүүд. Цаад улсынхаа экспортыг дэмжсэн, эдийн засгийн үр өгөөжгүй төслүүдийг үндсэндээ зогсоосон. 2023 онд гадаад зээл тусламжууд хуваарийнхаа дагуу төлөгдөөд явна. Жилд бид 1.2-1.5 их наяд төгрөгийн гадаад зээл, тусламж болон хүүгийн төлбөрийг төлдөг. Үүнээс гадна бондын өр гэж байна" хэмээн Сангийн сайд Б.Жавхлан өгүүлсэн юм.
Хөрөнгийн захад...
МХБ-ийн мягмар гарагийн арилжаагаар гол индексүүд бүгд ногоон бүсэд хаалаа. "Топ-20" индекс 0.56 хувь өсөж 36690.92 нэгж болсны зэрэгцээ 2.7 сая ширхэг үнэт цаас 4.4 тэрбум төгрөгөөр эргэлтэд оржээ. Үүнээс гадна МХБ-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгын явц 65.71 хувьд хүрч, 3522 хөрөнгө оруулагчаас 7.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий захиалга авсан байна. Санал болгож буй хувьцааны дийлэнх нь стратегийн хөрөнгө оруулагчдад хуваарилагдсан нь шүүмжлэл дагуулж буй асуудал дээр "Стратегийн хөрөнгө оруулагчид орж ирснээр хувьцааны үнэ тогтворжих, үнэ цэнтэй байх нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой" хэмээн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг тайлбар өгөв.
Эрээн рүү тун удахгүй
БНХАУ-д цар тахлын хорио хязгаарлалт суларч байгаатай холбогдуулан хоёр талын бэлтгэл ажил бүрэн хангагдвал Замын-Үүд-Эрээний боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нэгдүгээр сарын 8-наас нээхээр болсныг Хууль зүй, дотоод хэргийн сайд мэдээллээ. Дараагаар нь Шивээхүрэн, Сэхээ, Ханги-Мандал, Бичигт гэх мэт дарааллаар боомтуудыг нээхээр бэлтгэж байгаа талаар ӨМӨЗО-ны төлөөлөл хоёр талын уулзалтын үеэр илэрхийлжээ. Түүнчлэн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 2023 оны нэгдүгээр сард багтаан санхүүжүүлж, гүйцэтгэхээр санал солилцсон байна.
Хил нээгдэнэ, гэхдээ...
Урд хөршид цар тахалтай холбоотой бүх хязгаарлалт цуцлагдаж байгаатай зэрэгцэн Covid-19 ч мөн хязгаарлалтгүй тархаж байна. "БНХАУ-ын одоогийн халдварын дэгдэлт хяналтаас гарвал вирус мутацилагдах магадлал нэмэгдэж, бусад улсуудад ч эрсдэл авчирна" гэж АНУ-ын Төрийн Департаментаас анхааруулж байв. Сүүлийн мэдээллээр БНХАУ Хонгконг, Макаогоос гадна Монгол тэргүүтэй хөрш орнуудтайгаа боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээхээр бэлтгэж, гурван жилийн дараа анх удаа иргэдийнхээ хилийн дээс алхах эрхийг сэргээхээр болжээ. Харин бусад орнуудын хувьд энэ шийдвэрт тийм ч нааштай хандахгүй бололтой. Тухайлбал Япон улсын Засгийн газар эх газрын Хятадаас ирэх зорчигчдоос Covid-19-ийн шинжилгээний хариу шаардахаар болсноо зарласан байна.
$10,000-ыг хааш нь хийх вэ?
Инфляц хоёр оронтой тоонд хадгалагдсан хэвээр, ирэх онд ч төв банкны зорилтот түвшнээс өндөр байх төлөвтэй энэ үед 10 мянган ам.доллароор ашигтай хөрөнгө оруулалт хийх боломж хаана байгаа бол? Салбарын мэргэжилтнүүд энэ талаар юу зөвлөж байгааг сонирхоё. Бүрэн нийтлэлийг тун удахгүй Bloombergtv.mn-ээс уншаарай.
Базаахгүй жил
Чип үйлдвэрлэл ба интернэт үйлчилгээний тэргүүлэх компаниудын уналтын нөлөөгөөр БНСУ-ын хувьцаанууд дэлхийн санхүүгийн хямралаас хойших хамгийн тааруу үзүүлэлттэй жилээ үдэж байна. Тус улсын хөрөнгийн зах зээлийн жишиг индекс KOSPI энэ онд 22 хувиар унасан нь 2008 оноос хойших хамгийн огцом уналт болохоор байгаа юм. “Samsung” компанийн хувьцааны ханш он гарсаар 26 хувиар унасан бол “Kakao”-ийнх үүнээс хоёр дахин илүү хувиар унасан нь дээрх тааруу үзүүлэлтэд гол жин даржээ. Харин цахилгаан автомашин үйлдвэрлэл болон батлан хамгаалахын салбарын хувьцаанууд БНСУ-д энэ оны гол “ялагчид”-ын тоонд багтжээ. Тухайлбал “Tesla”-ийн цэнэг хураагуурын ханган нийлүүлэгч “LG Energy Solution” компанийн хувьцааны ханш нэгдүгээр сард IPO гаргаснаас нь хойш 53 хувиар өсөөд байгаа юм
Криптод найдах хэрэггүй
“Bitcoin”-ийн ханшийн уналт өмнөхөөсөө улам дордоно уу гэхээс дээрдэхгүй болохыг Уолл Стритийн хөрөнгө оруулагчид сануулж байна. “MLIV Pulse”-ийн хамгийн сүүлийн судалгаанд хамрагдсан 950 хөрөнгө оруулагчийн 60 хувь нь энэхүү криптовалютын үнэ 10 мянган ам.доллар буюу одоогийн ханшийнхаа тал хүртэл унах магадлал илүү өндөр гэж үзжээ. Өнгөрсөн оны сүүл үеэс хойш криптовалютын нийт зах зээлийн үнэлгээнээс хоёр их наяд гаруй ам.доллар арчигдсаныг “CoinGecko”-ийн тайлангаас харж болно. Энэхүү уналтад жижиг хөрөнгө оруулагчид хамгийн эмзэг хандаж байгаа бөгөөд “MLIV Pulse”-ийн судалгаанд тэдний 25 гаруй хувь нь криптовалютыг “Ямар ч үнэ цэнгүй болсон” гэж тодорхойлжээ. "Bitcoin”-ийн ханш өнгөрсөн оны 11 дүгээр сард 69 мянга орчим ам.доллар хүрч байснаасаа хойш үнэлгээнийхээ бараг гуравны хоёрыг алдаад байгаа юм.
Үзэмжтэй станц
Эрчим хүчний томоохон төсөл хэрэгжүүлэхэд зай талбай дутагдалтайгаас гадна иргэдийн эсэргүүцэл их байдаг асуудлыг Өмнөд Солонгосчууд нуурын мандал дээр гоёмсог хэлбэртэй нарны цахилгаан станц суурилуулах замаар шийджээ. БНСУ-ын өмнөд хэсэгт орших Хапчонд ашиглалтад орсон хөвдөг цахилгаан станц нь 92 мянган нарны хавтангаас бүрдсэн бөгөөд хэсэг бүрийг нь чавганы модны цэцэг хэлбэртэйгээр суурилуулжээ. Уг станцын хүчин чадал 41 мегаватт тул 20 мянган өрхийг цахилгаанаар хангах боломжтой аж.
BloombergTV.mn танд санал болгож байна
Нүүрсний эрэлт нэмэгдэж, таваарын үнэ улам өсөх төлөвтэйг “Bloomberg”-ийн судалгаа харуулав
БНХАУ-ын ДНБ 2021 онд тооцооллоос нь $80 тэрбумаар давжээ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.