Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн талаарх Засгийн газрын тайлан, өрийн удирдлагын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг танилцуулав.
Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаасыг төсөвт дарамт учруулахгүйгээр төлж, дахин санхүүжилтийн эрсдэлийг бууруулах, Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгөөр зөвхөн эдийн засгийн үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, орчин үеийн технологийн дэвшлийг ашигласан Засгийн газрын үнэт цаасны арилжааны дэд бүтцийг бүрдүүлэх, Болзошгүй өр төлбөрийн төсөвт үзүүлэх нөлөөллийг үнэлэх, болзошгүй эрсдэлээс сэргийлэх тогтолцоог хөгжүүлэх, Засгийн газрын өрийн удирдлагын тогтолцоог сайжруулж орчин үеийн чиг хандлагад нийцүүлэх зэрэг үндсэн 5 зорилтыг тавьж ажилласан байна.
Ийнхүү стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн хугацаанд бид өрийн хэмжээг хязгаарт нь хүртэл тулгаж зээллэг хийхээс татгалзаж, аль болох гадаад өр, тэр дундаа бондуудын үлдэгдлийг төсвөөс тодорхой хэмжээгээр төлж барагдуулж ажиллалаа.
Мөн барих-шилжүүлэх нөхцөлтэй концесс, векселийн өрүүдийг төлж барагдуулан, Засгийн газрын өрийн баталгаа гаргахгүй байх чиглэлийг тууштай баримталж ажилласнаар 2016 онд 78.8 хувь байсан дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдлийн харьцааг 2019 онд 55.6 хувь, 2022 оны хагас жил гэхэд 50.1 хувь болгож бууруулаад байна.
Өөрөөр хэлбэл 2016 оноос 2022 оны хагас жил хүртэл тус харьцаа ийнхүү 28 хувиар буурахад бодит эдийн засгийн өсөлт 12 хувь, бодит хүүгийн түвшин 18 хувь, баталгааны үлдэгдлээр 13 хувиар тус тус нөлөөлсөн гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Түүнчлэн, Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичигт заасан зорилтуудын хүрээнд холбогдох арга хэмжээг авч ажиллахаар заасны дагуу дараах гол арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлжээ.
Нэгдүгээрт, Засгийн газар 2020 онд 600 сая ам.долларын “Номад” бондыг олон улсын зах зээлд амжилттай арилжаалж, хугацаа тулаад байсан “Мазаалай” бондоос 367 сая ам.доллар, “Чингис” бондоос 201 сая ам.долларыг тус тус дахин санхүүжүүлсэн. 2021 онд 1.0 тэрбум ам.долларын “Сенчири” бондыг гаргаж, “Чингис” бондын 662 сая ам.доллар, “Гэрэгэ” бондын 267 сая ам.долларыг дахин санхүүжүүлж Засгийн газрын өрийн дахин санхүүжилтийн эрсдэлийг бууруулжээ.
Тус өрийн зохицуулалтын арга хэмжээ болон төсвийн мөнгөн хөрөнгөөр 2019 оноос 2022 оны эхний хагас жилийн хооронд нийт 8.9 их наяд төгрөгийн хүү болон үндсэн төлбөрийг төлж барагдуулсан. Үүнд 2021 онд төлсөн “Мазаалай” бондын 133 сая ам.доллар болон 2022 оны 12 дугаар сарын 5-ны өдөр төлж барагдуулсан “Чингис” бондын 137 сая ам.долларын өр төлбөрүүд багтаж байгаа аж.
Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Фитч, Мүүдийз, Стандарт энд Пүүрс агентлагуудтай тогтмол хамтран ажиллаж, дэлхийн олон орны зээлжих зэрэглэл буурч байгаа энэ үед Монгол Улсын зээлжих зэрэглэлийг тогтвортой түвшинд барьж, улмаар 2021 оны 3 дугаар сард Мүүдийз агентлаг B3 сөрөг зэрэглэлээс B3 тогтвортой түвшин рүү нэмэгдүүлсэн бол Фитч болон Стандарт энд Пүүрс агентлагууд 2022 онд олон улсад өрнөж буй зэвсэгт мөргөлдөөн болон цар тахлын дараах эдийн засгийн хүндрэлээс шалтгаалсан хямралын үе тохиосон боловч зээлжих зэрэглэлийн үнэлгээг 2022 оны долдугаар сард “B” тогтвортой зэрэглэлд хэвээр хадгалсан байна.
Хоёрдугаарт, Засгийн газрын зүгээс хөгжлийн стратеги, бодлого, зорилт, тэргүүлэх чиглэлийн хүрээнд хөгжлийн түншүүдтэй хөгжлийн хамтын ажиллагааны дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэн Засгийн газрын шугамаар гадаад улс, олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах зээлээр нийгэм, эдийн засгийн үр ашигтай төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зарчмыг баримтлан ажиллаж байгаа юм байна.
Стратегийн хэрэгжилтийн хугацаанд Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгөөр Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлсэн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд санхүүжилтийн эх үүсвэрийг бэлтгэл ажил хангагдсан, Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн баримт бичигт нийцсэн, эдийн засгийн үр өгөөжтэй, тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл хөтөлбөрүүдэд санхүүжүүлэх арга хэмжээг баримталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан. Гадаад зээлийн хөрөнгөөр 2019 онд 70 төслийн хүрээнд 1.2 их наяд төгрөг, 2020 онд 87 төслийн хүрээнд 1.3 их наяд төгрөг, 2021 онд 80 төслийн хүрээнд 1.3 их наяд төгрөгийн ашиглалт гарсан байна.
Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй төслүүдийн ашиглалтын хувьд 3 төсөл тутмын 1 нь хугацаа сунгаж байгаа бөгөөд дунджаар 5 жилийн дотор хэрэгжиж дуусахаар байгаа боловч нийт төслүүдийн хувьд ашиглалтын хэмжээ 23 хувийн гүйцэтгэлтэй байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм. Иймд төсвийн ерөнхийлөн захирагчид 30 хувиас доош хэрэгжилттэй байгаа төслийг анхаарч авч үзэх шаардлагатай байгааг Б.Жавхлан сайд дурдлаа.
Гуравдугаарт, Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжааг нэгдсэн цахим системээр явуулах ажлын хүрээнд “Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч болон хоёрдогч үйл ажиллагааны журам”-ыг шинэчлэн боловсруулж Засгийн газрын “Журам батлах тухай” 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 77 дугаар тогтоолоор батлуулсан. Мөн Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Аргачлал батлах тухай” 280 дугаар тушаалаар “Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч, хоёрдогч зах зээлийн үнэ, өгөөж, хүү тооцох болон арилжааны хуваарилалтыг хийх, Засгийн газрын дотоод үнэт цаасыг хоёрдогч зах зээлээс буцаан худалдан авах аргачлал”-ыг тус тус шинэчлэн баталжээ.
Дөрөвдүгээрт, Засгийн газар стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн хугацаанд Засгийн газрын өрийн дарамтыг бууруулах, өрийн тогтвортой байдлыг хангаж, төсөв, эдийн засагт учруулах эрсдэлийг бууруулах үүднээс арилжааны нөхцөлтэй гадаад, дотоод зээл авахгүй байх, Засгийн газрын өрийн баталгаа нэмж гаргахгүй, шинээр барих-шилжүүлэх нөхцөлтэй концессын гэрээ байгуулахгүй байх бодлогыг тууштай баримталж, 2016 онд Засгийн газрын өрийн 19.9 хувийг эзэлж байсан вексель, баталгаа, концессын үлдэгдлийг 2022 онд 4.9 хувь болгож бууруулсан байна.
Болзошгүй өр төлбөрийн төсөвт үзүүлэх эрсдэлээс сэргийлэх зорилгоор Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2013 онд гаргасан Засгийн газрын өрийн баталгаат “Самурай” бондын төлбөрийг төлөх валютын эх үүсвэрийг тус банкны зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрээс бүрдүүлж, Монголбанкинд эргэн төлөгдөх хугацаанаас 1 жилийн өмнө байршуулжээ.
Тавдугаар зорилтын хүрээнд, Засгийн газрын өрийн удирдлагын нөхцөл байдлыг олон улсын байгууллагаар үнэлүүлсэн бөгөөд тус үнэлгээнд үндэслэн 2020 онд “Өрийн удирдлагын тогтолцооны болон үйл ажиллагааны хөгжлийн төлөвлөгөө”-г олон улсын байгууллагын үнэлгээний дагуу хэрэгжүүлэх шаардлагатай 14 бүрэлдэхүүн хэсгийн хүрээний 94 арга хэмжээг тусгаж, баталсан болно. Энэхүү арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Өрийн удирдлагын хууль эрх зүйн орчин, бодлого, стратеги, бүртгэл тайлагналт, хөрөнгө оруулагчидтай харилцах харилцаа дээрх 14 бүрэлдэхүүн хэсэг сайжрах, улмаар дотоодын болон олон улсын зах зээлээс хямд нөхцөлтэй эх үүсвэр татах нөхцөл бүрдэх, мөнгөний болон төсвийн бодлого, өрийн удирдлагын уялдаатай байдал сайжрах зэрэг олон эерэг үр дүнг үзүүлэх юм байна.
Цаашид Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичигт тусгасны дагуу хэрэгжүүлж ажилласан Засгийн газрын үнэт цаасны төлбөрүүдийг эдийн засаг, төсөвт дарамт учруулахгүйгээр төлж, дахин санхүүжилтийн эрсдэлийг бууруулах, барих-шилжүүлэх төрлийн концесс, векселийн гэрээ байгуулахгүй байх бодлогыг үргэлжлүүлэн баримталж ажиллах юм байна. Тус зорилтуудаас гадна Засгийн газрын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хүрээнд эхлэн стратегийн ач холбогдол бүхий “МЕГА” төслүүдэд Засгийн газрын өрийн баталгаа гаргах, гадаад зээлийн хөрөнгөөр бодит эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлөх төслүүдийг санхүүжүүлэх бодлогыг хэрэгжүүлж, дотоод үнэт цаасыг арилжаалж, хөрөнгө оруулагчдын бааз суурийг нэмэгдүүлэх, Засгийн газрын дотоод үнэт цаасны жишиг хүүг тогтоох зорилтыг тавиад байгааг Сангийн сайд Төсвийн байнгын хорооны гишүүдэд танилцуулав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.