СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монгол Улсын тээврийн холболт болон ложистикийг сайжруулах төсөл хэрэгжинэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.12.27) хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ.

Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон ложистикийг сайжруулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Төслийн хүрээнд мах, махан бүтээгдэхүүний тээвэр логистикийн жишиг төвийг Өвөрхангай аймагт байгуулж, улсын чанартай 311 км автозам, найман ширхэг төмөр бетон гүүрний их болон ээлжит засварыг хийн, Архангай, Булган аймагт 51 км автозам шинээр барих юм. Мөн техник туслалцааны журмаар тээвэр логистикийн болон автозамын сүлжээний чадавх, менежментийг дээшлүүлж, хууль, эрх зүйн орчин, норм нормативыг сайжруулах ажлууд хийгдэнэ гэж Сангийн сайд мэдээлэлдээ дурдлаа. Төслийн нийт өртөг 132 сая ам.доллар бөгөөд үүний 100 саяыг Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны, 7,3 саяыг Олон Улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлнэ. Үлдэх 22.7 сая ам.долларыг Монголын тал хариуцах юм.

Засгийн газар 2022-2025 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2.8-6.14 хувьтай гарна гэсэн хүлээлттэй байна. Монгол Улсын 2023 оны батлагдсан төсөв, 2024-2025 оны төсвийн төсөөлөлд тусгагдсан гадаад зээлийн хөрөнгийг авч ашиглах тохиолдолд өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн Засгийн газрын өрийн Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-д эзлэх хувь 2023 онд 53.2 хувь, 2024 онд 51.7 хувьтай тэнцэж, төсвийн тусгай шаардлагыг хангана хэмээн Сангийн сайд мэдээлэлдээ дурдлаа.

Засгийн газраас зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн энэхүү Зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцээд, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувийн саналаар зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохоор тогтлоо.

Дараа нь Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр)-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Төслийн танилцуулгадаа Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын төлбөрийн тэнцэл 2022 оны 3 дугаар улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 1,358.9 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеэс 778.6 сая ам.доллароор өссөн үзүүлэлттэй, гадаад валютын албан нөөц 2022 оны 11 дүгээр сарын байдлаар 2,935.1 сая ам.доллар болж оны эхэн үетэй харьцуулахад 1,010.0 сая ам.доллароор буураад байгааг дурдав. Мөн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2022 оны эхний 11 дугаар сард 14.4 их наяд төгрөг буюу 98.5 хувийн гүйцэтгэлтэй, нийт зарлага 15.5 их наяд төгрөг буюу 88.0 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.

Сангийн сайд цааш хэлэхдээ, “Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээ"-ний хүрээнд авч ашиглах 100.0 сая ам доллартой тэнцэх хэмжээний зээлийн эх үүсвэр нь Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Засгийн газрын нэмэгдүүлэх өрийн дээд хэмжээнд нийцэж байна гээд, зээлийн эргэн төлөлтийн хугацаа нь долоон жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа гурван жил байх ба Баталгаат овернайт санхүүжилтийн хүү дээр 0.81 хувийн нэмэгдэл бүхий хүүтэй байхыг танилцуулав.

Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжиж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.