СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-12-27

Авьяас "тогтдоггүй" Монгол...

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Гурван өгүүлбэрээр:

  1. МХБ-ийн IPO захиалгын явц эхний өдрөө 40.81 хувьтай хаагдаж, жижиглэн хөрөнгө оруулагчдын захиалга давамгайлав.
  2. Дэлхийн авьяас, ур чадварын 2022 оны тайланд Монгол Улс сүүл мушгилаа.
  3. Монголд казиногийн бизнес эрхлэх зөвшөөрөл авахын тулд 300 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай болно.

Олон нийт идэвхтэй байв

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгын явц эхний өдрөө 40.81 хувьтай хаагдлаа. Нийт 2277 захиалагч 4 тэрбум 862 сая төгрөгийн захиалга өгөөд байгаагаас олон нийт буюу жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын захиалга хуваарилсан дүнгээс давж, 136.11 хувьд хүрээд байна. Анх санал болгож буй нийт хувьцааны 90 хүртэл хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, 10 хувийг жижиглэнгийн хөрөнгө оруулагчдад хуваарилах зарчимтай байсан ч олон нийтийн эрэлт өндөр байсан тул дээрх 10 хувийг 30 хувь болгон нэмэгдүүлсэн байна. IPO амжилттай болохын тулд стратегийн хөрөнгө оруулагчид хамгийн эхний эрсдэлийг дааж ордог учраас хувь хэмжээг өндөр тогтоох зөвшөөрөл авч байгааг “Инвескор капитал” ҮЦК -ийн ТУЗ-ийн дарга Г.Уянгахишиг өгүүлж байв.

Казино Монголд

Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай, Казиногийн тухай, Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг ХЗДХ-ийн сайд УИХ-д өргөн мэдүүллээ. Хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн өндөр үр өгөөжтэй аялал жуулчлалыг бий болгох үр нөлөөтэй гэж үзэн казино төвтэй аялал жуулчлал, түүнийг дагасан цогц үйлчилгээг Монгол Улсад байгуулах тухай хэлэлцэхээр болсон аж. Үүний дагуу Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд казиногийн цогцолбор барьж, тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар Засгийн газар олгохоор тусгажээ. Мөн казино эрхлэгч нь тусгай зөвшөөрөл авснаасаа хойш гурван жилийн дотор 300 сая америк доллартай тэнцэх хэмжээний төгрөгөөс доошгүй хэмжээний хөрөнгө оруулалтыг Монгол Улсад оруулахыг заасан байна.

АН-ын нэгдэл

УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар тус намын эв нэгдлийг хангуулах 39 гишүүнтэй ажлын хэсэг байгуулахаар болсныг мэдээллээ. Ажлын хэсэг нь 20 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөх багийн хамт ажиллах бөгөөд даргаар нь УИХ-ын гишүүн Ж.Батсуурь томилогдсон байна. Мөн уг бүрэлдэхүүнд С.Эрдэнэ, Х.Баттулга, Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, Ц.Баярцогт зэрэг улс төрчид багтсан нь онцлог болж байна. АН-ыг шинэчлэх үйл явц цар тахлын улмаас болж нэлээд хугацаа алдсаны дээр Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлт нь долоон удаа буцаагдсаныг Ж.Батсуурь өгүүлж байв.

E-mongolia, бас e-business...

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтран иргэн гэрээсээ гаралгүйгээр компани байгуулах боломжтой болгох e-business.mn платформыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаагаа мэдээллээ. Системийг хуулийн этгээдэд зориулсан 51 байгууллагын 545, орон нутгийн 1129 үйлчилгээ, нийт 1674 үйлчилгээтэй нээхээр төлөвлөж байгаа аж. Гэхдээ жилийн өмнө “e-Mongolia” систем дээр хуулийн этгээд болон хязгаарлагдмал хариуцлагатай компани шинээр үүсгэн байгуулах, нэр болон хаяг өөрчлөх, гүйцэтгэх удирдлага, үйл ажиллагааны чиглэл өөрчлөх зэрэг боломжуудыг аль хэдийн нээж өгөөд байсан билээ. Тиймээс энэ үйлчилгээг цаашдаа зогсоох, эсвэл давхардаж явуулах уу гэдэг асуудал хөндөгдөж байна. 

Авьяас "тогтдоггүй" Монгол...

IMD буюу Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс гаргадаг Дэлхийн авьяас, ур чадварын 2022 оны тайланд Монгол Улс 63 улсаас 62 дугаарт эрэмбэлэгдлээ. Энэ жагсаалтад манай улс 2019, 2020 онуудад сүүл мушгиж байсан бол 2021 онд 61 дүгээрт орж байжээ. Монголын хойно бичигдсэн ганц улс нь эдийн засгийн хямрал дээд цэгтээ хүрч, инфляц нь 155.8 хувьд хүрээд буй Венесуэл байна. Тус тайлангийн гол шалгуурууд болох хөрөнгө оруулалт болон хөгжил, бэлэн байдлын хүчин зүйлс зэрэг дээр Монгол Улс ахиагүйн зэрэгцээ авьяас, ур чадварыг татах хүчин зүйлсээр долоон байрaaр ухарчээ. Мөн амьжиргаа, цалингийн менежмент, мэргэшсэн ажиллах хүчний хүртээмжийн үзүүлэлтээр сүүлийн байруудад эрэмбэлэгдээд байна. 

Чихрээ дотооддоо...

Оны эхний 11 сард Монгол Улс 1.5 сая ам.долларын үнийн дүн бүхий хатуу чихэр импортолсон нь өмнөх оны мөн үеэс 10.5 хувиар өссөн үзүүлэлт болохыг Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Манай улс хатуу чихрийн хэрэглээнийхээ 7 хувийг дотоодоос хангаж, 93 хувийг импортоор авдаг болохыг "Цайдам трейд" ХХК-ийн захирал А.Солонго онцолж байв. Мөн ГЕГ-ын тайлангаас харвал дотоодын чихрийн жилийн нийт хэрэглээ 10 мянган тонн орчим байдгаас гадна чихрийн гол түүхий эд болох элсэн чихрийг Монгол Улс 100 хувь импортоор авч байна. Дотоодын чихэр үйлдвэрлэгчдээс онцлоход, "Цайдам трейд”-ийн "Бурамхан" брэнд үйлдвэрлэлээ өргөжүүлж, хоногт 1 тонн хатуу чихэр үйлдвэрлэж байгаа аж. Түүнчлэн "MonKondi" брэнд шар сүү зэрэг Монголын үндэсний түүхий эдүүдийг ашиглан чихэр үйлдвэрлэхээр зорьж байгаа бөгөөд ирэх оноос эрчимтэй экспортолж эхлэхээр төлөвлөснийг "Боса Кондитер" ХХК-ийн Бүтээгдэхүүн хөгжүүлэлт хариуцсан захирал Т.Анар өгүүлж байлаа.

Ковидыг зөнд нь орхив

БНХАУ нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн гадаад орнуудаас ирж буй жуулчид, зорчигчдыг тусгаарлах журмаа цуцлахаар боллоо. Цар тахлын эхэн үеэс Хятадад хөл тавьж буй иргэдийг заавал гурван долоо хоног тусгаарлах хатуу журмыг хэрэгжүүлж байсан бол ковидыг Үл тэвчих бодлого сулрах тусам энэ хугацаа богиноссоор таван хоног болоод байв. Харин цар тахлын хамгийн том давлагаа дэгдээд буй энэ үед гадаадаас ирэгсдийг тусгаарлахаа бүр мөсөн больж байгаа нь энэ юм. Түүнчлэн БНХАУ-ын эрх баригчид Covid-19-ийн аюулын зэрэглэлийг А ангиллаас B ангилал руу бууруулсантай холбогдуулан шинээр бүртгэгдсэн халдварын тоо баримтыг албан ёсоор зарлахаа зогсоогоод байгаа билээ.

Toyota-ийн сайн мэдээ

Эрэлт тогтвортой байсны нөлөөгөөр "Toyota" компанийн үйлдвэрлэлийн гарц дэлхийн хэмжээнд 11 дүгээр сард дээд түвшиндээ хүрсэн байна. Гэхдээ хагас дамжуулагчийн хомсдол арилаагүй хэвээр, мөн БНХАУ-д ковидын халдвар огцом нэмэгдэж байгаатай холбоотойгоор цаашдын төлөв тодорхой бус байгааг компанийн зүгээс анхааруулжээ. Өнгөрсөн сард тус компани 833 мянган нэгж автомашин үйлдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар өссөн үзүүлэлт болсны зэрэгцээ борлуулалт нь дэлхийн хэмжээнд 2.9 хувиар өсөж, 796 мянган нэгжид хүрсэн байна. Өнгөрсөн сард тус компани чипийн хомсдолтой холбоотойгоор энэ санхүүгийн жилийн үйлдвэрлэлийн зорилтоо танаад байсан билээ.

Фунт өндийхгүй

Донсолгоотой нэгэн жилийг үдэж байгаа фунт стерлингийн хувьд 2023 онд нөхцөл байдал төдийлөн өөрчлөгдөхөөргүй байна. Их Британийн эдийн засаг базаахгүй төлөвтэй байх дохио нэмэгдэх тусам саяхан ам.долларын эсрэг чангарсан фунт стерлингийн ханш цаашид энэ эерэг үзүүлэлтээ ахиулна, эсвэл хадгална гэдэгт шинжээчид эргэлзэх болжээ. 2022 оны нийт дүнгээр фунт стерлингийн ханш 11 хувиар унасан нь “Брексит”-ээс хойших хамгийн тааруу үзүүлэлт аж. Тэгвэл ирэх онд Английн Төв банкны зөөлөн бодлого бусад орнуудынхтай харшилдсанаар фунтын ханш чангарах орон зай хумигдмал байх магадлалтайг шинжээчид онцолж байна. “JPMorgan Chase” банкны шинжээчдийн тооцоолсноор фунт стерлингийн ам.доллартай харьцах ханш нь ирэх оны эхний улирлын төгсгөл гэхэд одоогийн 1.21 ам.доллароос 1.14 ам.доллар болж буурах төлөвтэй байна.

Цэнэглэх станцууд олширсоор...

Цахилгаан автомашины цэнэглэх төхөөрөмж, тэдгээрийн суурилуултад чиглэсэн хөрөнгө оруулалтын нийт хуримтлагдсан хэмжээ энэ оны төгсгөлд 65 тэрбум ам.доллар хүрэхээр байгааг "BloombergNEF" мэдээлж байна. Зөвхөн 2022 онд 28.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт энэ салбарт хийгдсэн нь өмнөх оноос 228 хувиар өссөн үзүүлэлт аж. Үүний 61 хувийг БНХАУ-д баригдсан 600 мянга гаруй цэнэглэх станц дангаараа эзэлж байна. Хятад энэхүү зогсолтгүй эрчээ цаашид ч хадгалбал 2023 онд нийт хөрөнгө оруулалт 100 тэрбум ам.долларын босгыг давахыг мөн онцолжээ. Энэ нь цахилгаан автомашины цэнэглэлт шинэ шат руу шилжиж буйг илтгэсэн ололт амжилт болох юм. 

BloombergTV.mn танд санал болгож байна

Панам улс зэсийн уурхайн асуудлаар “First Quantum Minerals”-тай “шударга” тохиролцоонд хүрэхийг зорьж байна

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдсанаар өрсөлдөх чадвар нэмэгдэнэ

Европын Холбооны хориг боловсруулах үйлдвэрүүдэд нөлөөлбөл ОХУ түүхий газрын тосны экспортоо нэмэгдүүлж магадгүй

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.