Улаанбаатар хот орчимд өнгөрсөн амралтын өдүүдэд цас орсон тул халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж 330 тонн бодис, 577.7 тонн давс цацжээ.
Тухайлбал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж болзошгүй даваа гүвээ, хотын гол магистрал төв замуудад давс, бодис цацах, тусгай техник хэрэгслүүдийн бэлэн байдлыг хангах үүрэг чиглэл өгч, зохион байгуулалтын арга хэмжээг авч ажилласан байна.
Нийслэлийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 18 байгууллагын 917 зам талбайн үйлчлэгч, тусгай зориулалтын 84 машин, техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ. Мөн алслагдсан замд цас хунгарлаж даваа гүвээ хаагдах нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэн Морингийн даваа, Айдсын даваа, Ар гүнт, Өвөр гүнтийн замд давс, бодис цацжээ.
Хот тохижилтын газар ОНӨААТҮГ бодис цацагч 13 машин, 20 техник хэрэгсэл, 371 хүний бүрэлдэхүүнтэйгээр шөнийн ээлжээр ажилласан бөгөөд зам талбайн үйлчлэгч нар явган зам, нуухны цэвэрлэгээ хийж, халтиргаа гулгаанаас сэргийлэх арга хэмжээ авчээ.
Одоогоор 1528.94 тонн бодис, 3660.24 тонн давсны нөөцтэй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.