Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нүүрсний хулгай болон Ардчилсан намын дотоод асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ:
-Улс орны дотоодод үүсээд байгаа хямралт нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн зүгээс бухимдаж, үзэл бодлоо илэрхийлэн эрх баригчдаас бодит хариуцлага шаардаж байгаатай Ардчилсан нам байр суурь нэг байгаа. Нүүрсний хулгайтай холбоотой, төрийн өндөр албан тушаалтнуудын үйлдсэн гэмт хэргийг манай нам анхааралтай ажиглаж, холбогдох мэдээллүүдийг цуглуулан, дүгнэлт хийж байна. Дээрх нөхцөл байдлуудаас үүдэн Ардчилсан намаас дараах асуудлуудаар албан ёсны байр суурийг илэрхийлэх шаардлагатай гэж үзсэн.
Нэгдүгээрт, нүүрсний хулгайд холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудыг нам харгалзахгүй шуурхай, шударгаар шалгаж, гэм бурууг нь тогтоон хуулийн хариуцлага тогтоож, улсад учруулсан хохирлыг нь яаралтай нөхөн төлүүлэхийг эрх баригчид, хууль хяналтынхнаас шаардаж байна.
Хоёрдугаарт, эрх баригчид УИХ дахь сөрөг хүчин буюу Ардчилсан намын бүлгийг хүчгүй болгож, тоглоомын бүлэг байгуулсан. Тодруулж хэлбэл, УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй эрх баригчид Ардчилсан намын гишүүд болон намын дэмжигч иргэдийн ашиг сонирхлыг зөрчин намын дотоод асуудалд хувийн болон улс төрийн ашиг сонирхлоор хандаж, Ардчилсан намын бүлгийн даргыг хуйвалдааны аргаар өөрчлөх оролдлогыг хийж ирсэн.
Энэ оны долоодугаар сарын 1-нд Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 31.12-т "Бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох асуудлыг бүлгийн нийт гишүүдийн олонхын саналаар шийдэж, шийдвэрээ Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлнэ. Улсын Их Хурлын дарга уг шийдвэрийг нэгдсэн хуралдаанд уншиж сонсгоно" гэж нэмсэн. Энэхүү заалт нь Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор ҮХЦ-д хандсан. Цэцийн гишүүний 2022.09.12-ны өдрийн 99 тоот тогтоолоор маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүссэн. Үүнийг хэрхэн шийдвэрлэгдэхийг манай нам анхааралтай ажиглаж байна.
Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан Ардчилсан намын зүгээс УИХ-ын даргад УИХ дахь АН-ын бүлэг долоон гишүүнтэй болсныг үндэслэн Улсын Их хурлын тухай хуулийн дагуу АН-ын бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болсныг албан бичгээр мэдэгдсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлсэн. Иймд О.Цогтгэрэл нь Ардчилсан нам болон Ардчилсан намын бүлгийг төлөөлөх эрх зүйн чадамжгүй гэсэн үг.
Ардчилсан нам улс оронд үүсэж байгаа нийгэм, эдийн засгийн аливаа луйврыг анхааралтай ажиглаж байгаа. Өнөөдөр зөвхөн нүүрсний асуудал яригдаж байна. Бидний дараагийн алхам бол төмрийн хүдэр, зэс, алт болон уул уурхайн бусад баялгууд дээр хийгдэж байгаа луйвар, хууль бус гэрээний асуудал дээр ажлын хэсэг гарган ажиллаж буйгаа мэдэгдье. Ер нь өнөөдөр Монгол улсын газрын хэвлийд байгаа баялгийн зарцуулалтад эрх баригчид маш хайхрамжгүй хандсан гэж үзэж байна.Өчигдөр зохион байгуулагдсан Нүүрсний сонсголд Ардчилсан намаас төлөөлөлөө албан ёсоор оролцуулаагүй гэдгээ хэлмээр байна гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Эрдэнэ гэгч энэ хужааг харахаас дургүй хүрнэ.