Гурван өгүүлбэрээр:
Үр дүнгүй сонсгол?
Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой Ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд болж өнгөрөв. ГЕГ-ын илтгэлд дурдсанаар 2018-2022.04.30-ныг хүртэлх хугацааг хамруулсан шалгалтаар 1748 тээврийн хэрэгслээр 186.4 мянган тонн нүүрс экспортын гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүйг урьдчилсан байдлаар тогтоогдсон. Түүнчлэн Гашуунсухайт боомтоор 86 компанийн 2,527 тээврийн хэрэгсэл 2,527 тээврийн хэрэгсэл 17,149 удаа хоосон гарсан байж болзошгүйг тогтоожээ. Одоогийн байдлаар нүүрсний хэрэгт 53 хүн яллагдагчаар татагдаж, 87 хуулийн этгээд хэрэгт холбогдсоны тав нь улс төрд нөлөө бүхий хүмүүс байгааг Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан мэдээлэв. Жагсагчдын тавьсан асуудлыг тав хоногт багтаан Эдийн засгийн байнгын хороонд тайлагнаж, шаардлагатай гэж үзвэл ЭЗБХ эсвэл УИХ-аас шийдвэрийн төсөл гаргана дүгнэлттэйгээр сонсголыг өндөрлүүлсэн боловч жагсагчдын төлөөлөл нээлттэй сонсголоос үр дүн гараагүй гэж үзлээ.
Цалингийн судалгаа
Ажиллагсдын дундаж цалинг салбараар нь харвал барилга болон худалдаа борлуулалтын салбарын дундаж цалин өмнөх оноос хамгийн өндөр дүнгээр өссөн болохыг "Зангиа Портал" ХХК цалин хөлсний судалгаандаа онцолжээ. Тодруулбал барилгын салбарт дундаж цалин 18 хувиар өсөж, 2 сая 421 мянган төгрөг болсон бол худалдаа борлуулалтын салбарт мөн адил 18 хувиар өсөж, 1 сая 895 мянган төгрөг болжээ. Харин албан тушаалын ангиллаар харвал энэ онд удирдлагын шатны ажиллагсдын дундаж цалин 5 сая 581 мянга болж, 13 хувиар өссөн байна.
Байр суурь
"Ипотекийн зээл 10 жилийн хугацаанд 100 гаруй мянган айлыг орон сууцтай болгосон. Тиймээс үүргээ гүйцэтгэсэн, сайн санхүүгийн бүтээгдэхүүн байсан уу гэвэл тийм. Одоо бол санхүүжилтийн хувьд ойлгомжгүй, доголдолтой болсон гэж болохоор байна. 2023 онд хүү нь ямар түвшинд байх, журмын хувьд хэнд олгох, эх үүсвэрийг хаанаас гаргах эсэх нь тодорхойгүй. Банкнууд дээр өргөдөл хүлээгдээд байгаа нь эх үүсвэр бага байгаатай холбоотой гэж бодож байна. Одоогоор энэ зээлийн шаардлагыг хангаж байгаа хүмүүсийн тоо 2013-2015 оны үеийн тооноос харьцангуй багассан гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл 30 хувиа өгөөд зээл авч чадах хүмүүсийн тоо ер нь ханасан байх магадлалтай" хэмээн "Тэнхлэг зууч" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Должинсүрэн "Bloomberg TV Mongolia"-д ярилцлага өгөхдөө өгүүлсэн юм.
Цементийн үйлдвэрлэл
2022 онд барилга угсралтын ажил эрчимтэй явагдах үед дотоодод цемент хомсдож, үнэ өссөнөөр Засгийн газар импортын цементийн татварыг тэглээд байна. Үүнээс хойш 11 дүгээр сарын 10-ныг хүртэлх хоёр сарын хугацаанд 3.17 сая ам.долларын 37083.4 тонн цемент импортолжээ. 2023 оны урьдчилсан тооцоогоор дотоодын цементийн үйлдвэрүүд 2.2 сая тонн цемент үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байна. Нийт төлөвлөлтийн 30 орчим хувийг МАК цемент, 22 хувийг “Монцемент билдинг материалс” ХХК үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа бол “Мөнхийн баянгал”, “Хөтөлийн цемент шохой” компанийн үйлдвэрлэл хэвийн үргэлжлэх төлөвтэй байгаа ажээ. Хэдий тийм боловч цаашид төмөр замын ачилт, тээвэрлэлттэй холбоотой асуудлуудыг шийдэх шаардлагатайг үйлдвэрлэгчид онцолж байна.
"Чөтгөрийн тойрог"
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо цалинг 50 хувиар нэмэх, баялгийн тэгш хуваарилалтыг хангах зэрэг шаардлагуудыг тавьж Төв талбай дахь жагсаалд нэгдлээ. Өмнө нь МҮЭ эдийн засгийн хямралтай холбоотойгоор цалин нэмэх шаардлагыг удаа дараагийн хэвлэлийн хурлаар тавьж байв. Харин жагсаалд УИХ болон ЗГ-ын бүтэцтэй холбоотой шаардлага байхгүй, улс төрийн зорилгогүй гэдгийг тодотголоо. Харин Төв банкнаас цалин нэмэх нь инфляцыг нэмэгдүүлэх, яваандаа бараа бүтээгдэхүүний үнэ болон цалин ээлжлэн өсөх "чөтгөрийн тойрог"-т орох эрсдэлтэйг анхааруулж байсан юм. Нэгдүгээр сарын 1-нээс цалин 15 хувиар өсөхөөр төсөвт тусгаад байгаа билээ.
Jade Gas, Xanadu-ийн хамтрал
Монгол Улсад метан хийн хайгуул хийж байгаа "Jade Gas Holdings", мөн "Хармагтай" зэс, алтны төслийг хэрэгжүүлж буй "Xanadu Mines" гэсэн Австралийн компаниуд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Дэлхийн хэмжээний зэс, алтны төсөл болох "Хармагтай" ордод уурхай байгуулагдсанаар үйл ажиллагаа нь 30 жил үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд 12 мегаватт эрчим хүч шаардагдана гэж тооцжээ. Иймд талууд бага зардалтай, цэвэр, найдвартай эрчим хүчээр уурхайн үйл ажиллагааг хангах хүрээнд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байна. "Jade Gas Holdings" компанийн хувьд "Эрдэнэс Монгол"-ын охин компани "Эрдэнэс Метан"-тай хамтран Тавантолгойн нүүрсний уурхайд метан хийн хайгуул хийж байна. Харин "Xanadu Mines" компани "Хармагтай" төсөл дээр БНХАУ-ын "Zijin Mining" компанитай хамтран ажиллаж байгаа билээ.
Зеленский Вашингтонд
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын эзлэн түрэмгийлэл эхэлснээс хойш анх удаа гадаад улсад айлчлал хийж, АНУ-д очоод байна. Ерөнхийлөгч Жо Байден түүнтэй уулзахдаа ОХУ-ын түрэмгийлэл хэр удаан үргэлжлэхээс үл хамааран АНУ Украины талд бат зогсох болохыг амласан байна. Мөн тэрбээр уулзалтын өмнө АНУ-аас Украин улсад цэрэг зэвсгийн тусламж болгон 2 тэрбум ам.долларыг, мөн аюулгүй байдлын тусламж болгон 850 сая ам.долларыг олгохоор болсноо зарласан. Мөн энэ өвөл Украинд хамгаалалтаа бэхжүүлэхэд нь туслах зорилгоор "Patriot" пуужингийн батерей нийлүүлэхээр болсон байна.
Шийдэмгий алхам
Японы Төв банкны тэргүүн Харухико Курода Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөжийн түвшний дээд хязгаарыг хоёр дахин нэмэгдүүлж тогтоолоо. Тодруулбал бондын өгөөжийн дээд түвшнийг 0.25 хувьд хүргэнэ гэсэн хязгаартай байсан бол үүнийг 0.5 хувь болгон нэмэгдүүлжээ. Ингэснээр иений ханш чангарч, Япон улсын Засгийн газрын бондуудын өгөөжид өсөх хөдөлгөөн ажиглагдаж байна. Мөн тус улсын Засгийн газрын хоёр жилийн хугацаатай бондын өгөөж 2015 оноос хойш анх удаа эерэг тоонд хүрч өсжээ. Дээрх шийдвэр нь мөнгөний бодлогыг зөөлрүүлэх арга хэмжээг үргэлжлүүлэхэд тогтвортой байдлыг нэмэгдүүлнэ гэж Японы Төв банк үзэж байна. Хэдий тийм боловч сүүлийн 10 жилийн турш хэрэгжүүлсэн бодлогыг өөрчлөх суурийг тавьж байна гэж эдийн засагчид онцолж байгаа юм.
Бас нэгэн том зорилт
Амьтан, ургамлын олон төрөл зүйл бөөнөөр устаж үгүй болох аюул нүүрлээд байгаатай холбогдуулан дэлхийн 195 улс 2030 он гэхэд дэлхийн хуурай газар, усны дор хаяж 30 хувийг нөхөн сэргээж, хамгаалахад санал нэгдлээ. Даян Дэлхийн Байгаль Орчны Сангийн ивээл доорх биологийн олон төрөлт байдлыг хангах санхүүжилтийн хүрээнд чинээлэг орнууд 2030 он хүртэл жил бүр ойролцоогоор 30 тэрбум ам.долларыг орлого багатай орнуудад олгохоор болсон билээ. Дээрх гэрээг Монреаль хотод болсон НҮБ-ын Биологийн олон төрөлт байдлын асуудлаарх COP15 бага хурлын үеэр хоёр долоо хоногийн турш хэлэлцэж баталсан байна. Хурлыг зохион байгуулж буй Канад улсын Байгаль орчны сайд Стивен Гилбо тус гэрээг дэлхийн уур амьсгалын дулаарлыг цельсийн хоёр хэмээс хэтрүүлэлгүй барих Парисын гэрээтэй ач холбогдлын хувьд адилтган авч үзжээ.
BloombergTV.mn танд санал болгож байна
Илон Маск “Twitter”-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалаа өгч, компанийн инженерчлэлийн багийг удирдана
И Жү: Боловсруулсан зэсийн эрэлт БНХАУ-д ирэх онд 2-2.5 хувиар өсөх төлөвтэй
ОХУ-ын тэргүүлэх олборлогч “Nornickel” ирэх оны гарцаа 10 хувиар бууруулав
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.