Цагдаагийн байгууллагаас жагсаал, цуглааны талаар өнгөрсөн орой /2022.12.21/ дараах мэдээллийг өглөө.
НЦУГ-ын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат:
-Төв талбайд эхэлсэн жагсаал цуглаан арванхоёрдугаар сарын 4-ний өдрөөс хойш 17 дахь өдрөө үргэлжилж байна. Цагдаагийн байгууллагаас нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор аливаа гэмт халдлагаас хамгаалахад нээлттэй, хүндэтгэлтэй хандан ажиллаж байна.
Цаг агаарын байдлаас хамааран жагсагчдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс тогтмол эрүүл мэндийн тусламж үзүүлсэн.
Улмаар өнөөдөр /2022.12.21/ нүүрсний асуудлаар нээлттэй ерөнхий сонсгол болох үеэр Төрийн ордны баруун хойд талын хаалган дээр нэр бүхий 30 иргэн нүцгэлэн тодорхой шаардлага тавьж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Ингээд хуульд заасны дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээ авах талаар зөвлөмж өгсөн. Гэвч хүлээн авахаас татгалзсан учир тухайн иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эмч, эмнэлгийн ажилтнуудын албан үүргээ гүйцэтгэх нөхцөлийг хангах үүднээс эрүүл мэндийн байгууллагуудад хүргэсэн.
Мөн Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдсэн төвөөс талбайд суулт хийж байгаа иргэдийг нарийн мэргэжлийн шинжилгээнд хамруулах шаардлага үүссэн. 18:30 цагт суулт хийж байсан 16 иргэнийг ГССҮТ-ийн Түлэнхийн төв, 12 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт хүргэж, эмчилгээ үйлчилгээнд хамруулаад байна.
Суулт хийж байсан иргэдийн хэрэглэж байсан эсгий, дэвсгэр, дээл бусад зүйлийг гурван автомашинаар ЦЕГ-ын агуулахад хүргэж, түр хадгалах ажлыг зохион байгуулсан. Тухайн иргэдийг баривчлах, саатуулж байгаа явдал биш. Одоогоор баривчилсан, саатуулсан хүн байхгүй гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.