Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотойгоор холбогдох эрх мэдэл бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах Ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:
-Албан тушаалтнууд бид нүцгэн ярих хэрэгтэй л дээ. Харамсалтай нь, зарим мэдээлэл үнэн биш байна, үнэн сонсогдохгүй байна. Олон тоогоор будилуулах явдал харагдлаа.
Улсын төсвийг УИХ баталдаг. Бид тэрбумаар төлөвлөж баталдаг юм шүү дээ, Б.Жавхлан сайд аа! Гэтэл өнөөдөр яригдаж байгаа оффтейк гэрээ, хулгай их наядаар яригдаж байгаа нь бид ямар их боломжоо алдаж буй нь харагдаж байна.
10 жилийн хугацаанд нийт 11 уурхайд 239 удаа татварын шалгалт хийжээ. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-д яагаад дөрөвхөн удаа шалгалт хийсэн юм бэ? Энэ компани сүүлийн зургаан жилийн хугацаанд 7.5 их наяд төгрөгийн худалдан авалт хийсэн. Үүний 40 орчим хувь нь компанийн дотоод урсгал зардал болох цаас, хоол, хувцас хунар, 10 жилийн ойд зориулсан дууны үнэ хөлс зэрэгт зарцуулагджээ. Үүнийг татвар хянах ёстой юу, аудит уу?
Хоёрдугаарт, прокурорын байгууллага 2871 хүнийг гэрчээр байцааж байна гэсэн. Миний хувьд гэрчээр байцаагдсан. Энэ 2871 гэрч дотор хэд нь төрийн өндөр албан тушаал хашсан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн байна вэ?
Гуравдугаарт, хулгайн загвар 2-3 замаар явж байна. Тодруулбал, оффтейк гэрээ гэж нүүрс үнэгүйдүүлэх замаар, хоёрт, хоосон машин гарах замаар. Яагаад 20 мянган хоосон машин гарч байхад гааль, тагнуул яагаад тайлж чадахгүй байгаа юм?
Сүүлийн үед надад хэд хэдэн мэдээлэл ирж байгаа дотор нүүрс буруулах гэж арга байна. Нэгт, “Туг тойрох” буюу туг тойрч нүүрс хулгайлах. Тавантолгойгоос нүүрс ачсан машинууд яагаад Хөөтийн уурхай дээр буулгаад, Замын-Үүдээр эрчим хүчний нүүрс гэж гарч байна вэ. Хоёрт, шахмал түлшний үйлдвэр рүү ирж байгаа мидлингийн машинууд мидлингээ хашаанд буулгачихаад, яагаад Говьсүмбэрт очиж нүүрс буулгаад байна вэ. Энэ бас хулгай.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 10 наяд төгрөгийн татвар авсан гэж байна. Дахиад л энд хулгай явагдаад байна. Оффтейк гэрээтэй холбоотой асуудлыг Т.Доржханд тэргүүтэй бүх гишүүн хэлж, “арай хэтэрлээ” гээд МАН-ын бүлэг санаачилж ярьж эхэлсэн. Оффтейк гэрээний цаана хэдэн их наядаар тооцогдох хэмжээний мөнгө байгаа. Хүүхдийн мөнгөнд жилд 1.4 их наяд төгрөг зарцуулж байгаа гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.