Сонгинохайрхан дүүргийн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай, түргэн шуурхай, тэгш хүртээмжтэй, олон улсын стандартад нийцсэн хэлбэрээр үзүүлэх зорилгоор баригдсан “Эрүүл мэндийн төв”-ийн өргөтгөлийн барилгын ажил дуусч, ашиглалтад орлоо.
Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг “Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн найман давхар өргөтгөлийн барилга нь 2019 онд ашиглалтад орох ёстой байсан хэдий ч хэд хэдэн шалтгааны улмаас ажил саатаж, 2022 онд ЭМЯ-аас нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэснээр өнөөдөр барилгын ажил дуусч, ашиглалтад орлоо.
Тус төв нь иргэдэд үндсэн тусламж, үйлчилгээг үзүүлэхээс гадна мэс заслын тусламж, үйлчилгээг үзүүлэх боломжтой болсон. Ингэснээр дүүргийн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ илүү хүртээмжтэй хүрэх боломжтой болж байна. Үүнээс гадна 2021 онд гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэн байгаа энэ үед эмнэлэг хүртээмжээ нэмэгдүүлнэ гэдэг нь санхүүжилт нэмэгдэнэ гэсэн үг юм. Цаашид Азийн хөгжлийн банктай хамтран Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт жишиг эмнэлэг барих ажлыг ирэх онд эхлүүлэх"-ээр төлөвлөж байгаа" гэлээ.Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн захирал Ч.Өнөрсайхан “2019 онд ашиглалтад орох ёстой байсан барилгын зураг төслийг гүйцэтгэгч компани эмнэлгийн өргөтгөлийн зургийг дутуу зурснаас нэмэлт санхүүжилт шаардлагатай болж, ашиглалтад орох боломжгүй болсон байсан. Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, өнөөдөр ийнхүү ашиглалтад орлоо” хэмээв.
Энэхүү өргөтгөл нь 200 ортой яаралтай тусламжийн тасаг, хавдрын хөнгөвчлөх эмчилгээний тасаг, мэс заслын тасаг, хэвтэн эмчлүүлэх тасгууд иргэдэд эмчилгээ үйлчилгээ үзүүлэх юм. Тус дүүрэг нь УБ хотын хамгийн том дүүргийн нэг юм.
Тус өргөтгөл ашиглалтад орсноор Сонгинохайрхан дүүргийн иргэд олон улсын стандартад нийцсэн ая тухтай орчинд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч, эмч ажилтнуудын ажиллах орчин нөхцөл сайжирч, эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэхээс гадна 40 гаруй ажлын байрыг нэмэгдүүлсэн байна. Энэхүү бүтээн байгуулалтыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Хөх бүрдний эх” ХХК гүйцэтгэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.