Монголд мөнгө угааж, татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдсон ОХУ-ын иргэний хэрэгт ЭЦА-ныхан нэмэлт мөрдөн байцаалт явуулж дууссаныг прокурор хянаад яллах дүгнэлт үйлдэн, гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүллээ.
Хойд хөршийн иргэн А.В.Самохин Кипр улсын хөрөнгө оруулалттай, гадаад худалдаа эрхлэх, бизнесийн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар “Валестия” гэх компанийг 2011 онд манай улсад байгуулсан аж. Улмаар арилжааны банкуудад төгрөг, ам.доллар, рубль, еврогийн данс нээж, 2015-2019 онд 54 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют хүлээн авчээ. Түүнийгээ оффшор бүсэд бүртгэлтэй Кипр, Беларусь зэрэг 10 улс руу шилжүүлж, 222.9 сая гаруй төгрөгийн татвараас зайлсхийсэн байж болзошгүй үйлдэлд түүнийг холбогдуулан шалгасан юм.
“Валестия” компанийн захирал ОХУ-ын иргэн А.В.Самохин нь манай улсад анх цөөн хоногоор ирсэн бөгөөд тухайн үедээ 16.2 сая ам.доллар бэлнээр болон гадаад гүйлгээгээр 10 орон руу шилжүүлснээс гадна арилжааны банкууд дахь өөрийн дансандаа хийчихээд буцдаг байсан нь тогтоогдсон гэдэг.
Түүнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 18.6-2.2 дахь хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн”, татвар төлөхөөс зайлсхийсэн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.