Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар (ННҮГ)-т удирдах албан тушаал хашиж байсан нэгэн хүнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжүүллээ.
Тус газрын даргаар ажиллаж байсан Х.Эрдэнэбилэгийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж үндэслэлгүйгээр хөрөнгөжин, мөнгө угаасан, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр хэрэг нээн, мөрдөн байцаалт явуулсан аж.
ННҮГ-ын удирдах албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулж, төсвийн хөрөнгийг завшиж байсан тохиолдол өмнө нь гарч байсан билээ. Тодруулбал, дээрх газрын даргаар ажиллаж байсан Ш.Одончимэг, ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргал нар “Унаган төгөл”, “Хөтөл тэлмэн”, “Люкс таун”, “Жоконди”, “Ди Ди Өү Би”, “Би Би Ай”, “Хосчой”, “Үлэмж грийс”, “Мөнгөн гялбаа” зэрэг компанийн данс руу нийт 562.9 сая төгрөг шилжүүлэн завшсан, уг мөнгөөрөө суусрын арьсан хантаазтай пальто зэрэг үнэтэй хувцас, ээмэг, бөгж, зүүлт, бугуйвч, тавилга зэргийг авч, 40 гаруй мянган ам.доллароор шүдээ эмчлүүлсэн хэрэгт холбогдож байсан юм.
Тэд улсад учруулсан 562.9 сая гаруй төгрөгөө нөхөн төлж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд нийтийн албанд томилогдох эрхийг 2-5 жил хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байдаг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.