УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг энэ сарын 21-ний өдрийн 10.00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд зохион байгуулахаар болсон. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Г.Ганболд, Т.Доржханд нар мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Г.Ганболд:
-Маргаашийн нээлттэй сонсголоор ЗГХЭГ-аас нүүрсний үнийн зөрүүтэй байдал, зах зээл дээрх ханш зэргийн талаар мэдээлэл өгнө. Дараа нь Тавантолгой компанид тавигдсан бүрэн эрхт төлөөлөгчид оффтейк гэрээтэй холбоотой мэдээлэл өгөх юм.
Түүнчлэн, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын өртөг, үнийн дүнгийн талаар мэдээллийг албаныхан хүргэнэ. Мөн 2013 оноос хойш хууль хяналтын байгуулага дээр шалгагдаж буй болон хэрэгсэхгүй болсон нүүрсний хулгайн хэрэг, түүнд холбоотой улс төрчдийн танилцуулгыг УИХ сонсоно. 2013 оноос хойш хийгдсэн шалгалтуудын талаар ГЕГ-аас мэдээлэл өгнө.
УИХ-ын хяналтын сонсгол гэдэг нь өөрөө УИХ тухайн үүсэж буй асуудал дээр тухайн асуудалд холбогдсон, гэрээний хоёр тал болон Засгийн газар, Эрдэнэс Тавантолгой, нөгөө тал болон оффтейк гэрээ байгуулсан аж ахуй нэгж, хуулийн байгууллагад шалгагдаж байгаа аж ахуй нэгжийн төлөөллийн байр суурийг сонсох зорилготой юм. Өмнө нь иргэд сонсголын үеэр байр сууриа илэрхийлж, үйл ажиллагааг саармагжуулах үйл явдал өрнөж байсан учир энэ удаагийн сонсголд оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Иргэд өөрсдийн тойргоос сонгогдсон гишүүдээрээ дамжуулж асуултаа тодруулах боломжтой. Тус хяналтын сонсголд иргэд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтран ажиллаж идэвхтэй ажиллахыг уриалж байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-Өмнө нь хяналтын сонсгол хийхдээ албаны хүмүүс мэдээлэл өгч, бусад хүмүүс асуулт хариулт гэх дарааллаар өрнөдөг байсан нь ТББ, иргэд асуулт асуух цаг хугацаа хязгаарлагдмал байдаг. Хяналтын сонсголын илтгэлийг 10 минутаас илүүгүй байхаар тогтож байна. Бид Соёлын төв өргөөнд нээлттэй сонсгол хийж жагсагчдыг оруулахыг хүссэн ч хяналтын сонсгол хийх хууль журмын дагуу Төрийн ордонд хийхээр боллоо. Иргэдээс эрх баригчдыг сонсолгүй, Эрдэнэс Тавантолгойн захирал Б.Ганхуягийг дуудах шаардлагатай гэж саналаа хэлж байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Монгол улс парламент дээрээ бүх зүйлээ ярьж, үүрэг чиглэлээ өгдөг байх ёстой. Парламент бол бага ард түмэн. Иймдээ ч маргаашийн нээлттэй сонсголд хууль хүчний байгууллагын удирдлагуудыг байлцуулъя гэж байгаа. Прокурор, шүүгч, АТГ-ын хүмүүсийг, мөн нэр нь зарлагдсан 17 хүнийг байлгая гэж байгаа. Өнөөдөр хамгийн их мэдээлэлтэй хүн бол Б.Ганхуяг. Энэ хүн бүх хүмүүсийг нэрсийг мэдэж байгаа. Тэрнийг нээлттэй сонсголд оролцуулахаар ярьж байна. Өчигдөр оффтейк гэрээг гүйцэтгэсэн "Бодь интернэшнл" ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Баясгалан яарч сандран мэдээлэл өгч байгаа харагдсан. Би ямар ч буруугүй төр буруутай, би яаж мэддэг юм надад буруу байхгүй гэсэн зүйл ярьж байна лээ. Ийм болохоор маргаашийн нээлтийн сонсголд Баясгаланг ир гэж байгаа юм.
Нөгөө талд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат гэж хүн ийм оффтейк гэрээ гэж байхгүй гээд гайхаад сууж байна. Тэгэхээр энэ хоёр хүнийг хамтад нь суугаад асуух шаардлагатай гэж бодож байна. Ш.Раднаасэд гишүүн УИХ-ын чуулганд жинхэнэ эздийг зарлана гэж мэдээлсэн. Тэр талаарх тайлбар, үндэслэлээ маргааш өгөх ёстой. Үр дүнгээ гаргах шаардлагатай гэж үзэж байна. Нээлттэй сонсгол хийнэ гэхэд эдгээр оффтейк гэрээнүүд нээлттэй болсон гэдгийг санах ёстой шүү. Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын захиалагч, гүйцэтгэгчдийг ирээд мэдээллээ өг гэж байгаа. Иргэд мэдээллээ олж авах цор ганц суваг бол маргаашийн нээлттэй сонсгол гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Jenko hulgaich aa zaral chasahgui bol nuursnii hulgai gej orolohoo zogsoo
Bugd niilj jenko mafia darj av tz sainshand tusul huns geed buh hulgaig dabruulsan yaduural bol jenko goos ehtei