СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 LIVE: Хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон бол үнэ төлбөргүй хууль зүйн үйлчилгээ авах эрхтэй болжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

УИХ-ын ээлжит “Хуулийн мэдээллийн цаг”-т УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх О.Номинчимэг оролцож Хууль зүйн туслалцааны тухай хуулийн талаар мэдээлэл өглөө.

УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх О.Номинчимэг:

-Хууль зүйн туслалцааны тухай хуулийг Засгийн газраас 2021 онд УИХ өргөн барьж, 2022 оны долоодугаар сарын 1-нд батлагдаж, 11 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Тус хуулийн шинэлэг зохицуулалтын талаар олон нийтэд мэдээлэл өгье. 

Тус хуулийн гол агуулга нь төрөөс үзүүлдэг үнэ төлбөргүй хууль зүйн туслалцааны хүртээмжийг дээшлүүлж, хамрах хүрээг өргөжүүлсэн. Хүртээмжийг сайжруулахтай холбоотой гурван гол зохицуулалт хийгдсэн гэж хэлж болно. 

Нэгдүгээрт, иргэд төрөөс үнэгүй авч болох хууль зүйн туслалцааны төрлийг өргөжүүлсэн. 

Хоёрдугаарт, өмнө нь 2013 онд батлагдсан хуулиар зөвхөн Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан, төлбөрийн чадваргүй этгээдэд үнэгүй хууль зүйн туслалцаа үзүүлдэг байсан бол шинэ зохицуулалтаар хамрагдах хүрээг өргөжүүлсэн. Зөвхөн эрүүгийн хэргээр хязгаарлагдахгүйгээр зарим төрлийн иргэний болон захиргааны хэргийн маргаанд хууль зүйн үнэ төлбөргүй үйлчилгээ авах боломж нь бүрдэж байна. 

Гуравдугаарт, хувийн өмгөөллийн фирмүүдээр дамжуулан өмгөөлөл, хууль эрх зүйн үйлчилгээг нэмэгдүүлэхээр шинэлэг зохицуулалтууд орсон.

Хууль зүйн туслалцааны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дөрвөн талын субъект хууль эрх зүйн үйлчилгээг үнэ төлбөргүй авахаар болсон. Тухайлбал, тухайлсан гэмт хэргийн тэр дундаа хүн худалдаалах болон гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болсон хүмүүс үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээг авах эрхтэй болсон.

Нийтлэг тавигдаж буй шаардлага нь төлбөрийн чадваргүй байх. Нийгмийн халамжийн мэдээллийн санд ядуурлын түвшнээс доод түвшин, халамж зайлшгүй шаардлагатай иргэнийг ийнхүү заасан байдаг. Бүртгэгдэж амжаагүй иргэд байдаг. Энэ төрлийн иргэд өөрийгөө ядуурлын шугамаас доогуур болохоо хорооны Засаг даргын тодорхойлолттой хамт өгч хууль зүйн туслалцааг авах боломжтой болно.

Мөн, үл хөдлөх хөрөнгө болон захиргааны хэргийн шүүх дээр төлбөрийн чадваргүй иргэд хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй авах боломжтой. Хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон, ялгаварлан гадуурхалтын эсрэг гэмт хэргийн хохирогч болсон, гэмт хэргийн гэрч болсон тохиолдолд, асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй бол, эрүүл мэнд амь насны хэвийн орчин алдагдсан тохиолдолд үнэ төлбөргүй хууль зүйн үйлчилгээ авах эрхтэй болсон гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.