Гурван өгүүлбэрээр:
Метан хийн олборлолт
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Elixir Energy компани Өмнөговь аймагт орших Номгон 9 талбайд метан хийн туршилтын олборлолтоо эхлүүлж, амжилттай үргэлжлүүлж байгаагаа мэдээллээ. Олборлосон хийн агуулгыг хэмжиж үзэхэд 99%-ийн метаны агуулгатай гарсан байна. Компани туршилтын олборлолт хийхээр Номгон 8 болон 9 цооногуудаас гадна энэ онд нийт 17 цооног өрөмджээ. "Номгон талбайд туршилтын олборлолтоо эхлүүлсэн нь маш чухал алхам. Өнөөдрийг хүртэл сайн үр дүн гарсан. Хийн олборлолт 2023 оны эхээр тогтворжих хүлээлттэй байна" хэмээн Elixir-ийн гүйцэтгэх захирал мэдээлсэн юм.
Нийтээрээ хэлэлцэх үү?
УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар цаг үеийн нөхцөл байдлыг хэлэлцэж, төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, төрийн өмчит компаниудын тухай хуулийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн батлах шаардлагатай гэж үзжээ. Эдгээр хуулийн хүрээнд төрийн өмчийн компаниудыг нээлттэй болгох, олон нийтийн хараа хяналттай болгох, гүйцэтгэх удирдлагыг нь сонгон шалгаруулалтаар явдаг зохицуулалт хэрэгтэйг онцолсон байна. Мөн үндэсний хэмжээнд нийгмийн бүхий л бүлгүүдийг хамруулсан Нийгмийн зөвшилцлийн үндэсний чуулганыг зохион байгуулах хэрэгтэй гэж үзсэн байна. Бэлтгэл ажлыг хангах чиглэлээр УИХ, Засгийн газар хамтран ажиллахаар тогтсон болохыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга мэдээллээ.
Байр суурь
"Цар тахлын хоёр гурван жилийн хугацаанд өрхүүд тэтгүүлж, хөнгөлөлт аваад сурчихлаа. Хүүхдийн мөнгө өндөр хэмжээгээр өгсөн, хүнсний талон ч их өгсөн, бүх төлбөрөөс чөлөөлж байсан гэх мэт. Энэ байдал нь өрхүүдийн санхүүгийн сахилга баттай байдлыг тодорхой хэмжээгээр алдагдуулсан гэж бодож байна. Үүний улмаас хэрэглээ нэмэгдэж, нэг хэсэг койн руу орж, их хэмжээний мөнгө алдсан. Тиймээс 2023 он бол өрхүүдийн хувьд хэвийн байдалдаа буцаж орох жил болно гэж харж байна. Энэ нь тийм ч амар биш боловч хэзээ нэгэн цагт зах зээлийн жам ёсоороо явах ёстой" хэмээн эдийн засагч С.Хашчулуун "Bloomberg TV Mongolia"-д ярилцлага өгөхдөө онцлов.
Хөрөнгийн захад
Шинэ долоо хоногийн эхний өдөр МХБ-ээр 40 компанийн хувьцаа арилжигдаж үнийн дүн хагас тэрбум орчимд хүрсэн бол "Топ 20" индекс сүүлийн долоон сар орчмынхоо дээд түвшнээс буурч 36570.16 нэгж дээр хаагдлаа. XII сард хоёрдогч зах зээлийн арилжаа нь эхэлсэнээс хойш "Голомт банк" ХК-ийн хувьцааны ханш нэрлэсэн үнээс буураад байсан ч арилжаа хаагдах үед 0.32 хувиар өсөж 1248 төгрөг боллоо. Эрэлт өндөртэй байсан ч 250 удаагийн хэлцлээр 166210 ширхэг хувьцааны эзэмшил өөрчлөгдсөн байна. Мөн өчигдөр "Инвескор" бондын I транчын хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлснээс гадна II транчын анхдагч зах зээлийн захиалга эхэлсэн болохыг МХБ мэдээлсэн. Компани II транчын хүрээнд 10 тэрбумыг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.
Турк рүү нислэг нэмэгдэв
Турк-Монголын агаарын харилцааны тухай хэлэлцээний хүрээнд Истанбул-Улаанбаатар чиглэлд долоо хоногт 7 хүртэл, Анкара, Антальяа чиглэлд долоо хоногт 5 хүртэлх давтамжтайгаар нислэг үйлдэх боломжтой болсныг ИНЕГ мэдээллээ. Мөн хоёр улсын агаарын тээвэрлэгчид хоорондоо "сode sharing" буюу аяллын дугаар хамтран ашиглах зохицуулалтаар гуравдагч орон руу нислэг үйлдэх зохицуулалт хийхээр болсон байна. Энэ хүрээнд "МИАТ" ТӨХК, "Туркиш Эйрлайнс" хамтран эхний ээлжинд Амстердам, Барселона, Брюссель, Ром, Франкфурт, Вашингтон, Чикаго, Вена, Варшав, Цюрих хотууд руу аяллын дугаар хамтран ашиглах зохицуулалтаар нислэг үйлдэхээр болжээ.
Ажилтнууддаа хувьцаа эзэмшүүлье
"Нэйшнл Лайф Даатгал" ХХК компанийнхаа хөгжилд хувь нэмэр оруулсан 50 ажилтандаа хувьцаа эзэмшүүлэх батламж гардуулжээ. “Хамтран хувь нийлүүлэгч” /ESOP/ хэмээх ойлголтоор компанийн түүхийн шинэ хуудсыг нээсэн энэхүү хөтөлбөр нь цаашид жил бүр тасралтгүй үргэлжлэх бөгөөд компанийн хувьцааны үнийг тогтвортой байлгах, үнэлгээг нэмэгдүүлэх ач холбогдолтойг Гүйцэтгэх захирал Г.Монголхүү онцолж байв. Түүнчлэн ажилтан бүр хувьцаа эзэмшигч болсноор эзний сэтгэлгээгээр ажилдаа хандаж, илүү сэтгэл ханамжтай ажиллаж, хүний нөөцийн бодлогын хэрэгжилт сайжирсан судалгааны үр дүн байдгийг тэрбээр дурдсан. Амьдралын даатгалын үйлчилгээг Монгол улсад анхлан нэвтрүүлээд 15 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй тус компани ирэх онд нээлттэй хувьцаат компани болохоор зорьж байгааг мөн мэдээллээ.
Финландыг басаж болохгүй
Европ тивд 1945 оноос хойших хамгийн том зөрчил гараад байгаа энэ үед Финланд улс NATO-д элсэхээр бэлтгэхийн зэрэгцээ цэрэг зэвсгийн хүчээ улам зузаатгаж эхэлжээ. “Одоо Украинд үргэлжилж буй дайнтай ижил цар хүрээний дайнд тулалдах батлан хамгаалахын хүчин чадал бидэнд хангалттай байгаа. Нэг хүнд ногдох тоогоор авч үзвэл Финландын зэвсэглэлийн хүч Европт нэгдүгээрт орж магадгүй” хэмээн Финландын армийн командлагч, генерал Тимо Кивинен онцолсон байна. Финланд улс ердөө 5.5 сая хүн амтай ч артильерийн хүч нь Франц, ХБНГУ-ыг нийлүүлснээс ч илүү байдгийн зэрэгцээ дайны цагт бэлтгэл хүчний 280 мянган цэргийг дайчлах боломжтой гэдгээрээ Их Британиас давуу аж. Мөн удахгүй тус улс агаарын хүчнийхээ “F/A-18 Hornet” сөнөөгч онгоцны флотыг “Lockheed Martin F-35A” хэмээх 64 онгоцоор шинэчлэх юм
Оросын индекс сүүл мушгив
ОХУ-ын эдийн засаг АНУ болон Өрнөдийн холбоотон орнуудын хориг арга хэмжээг төсөөллөөс илүү түвшинд тэсвэрлэж чадсан ч тус улсын хөрөнгийн зах зээл арай өөр дүр зургийг харуулж байна. Тус улсын үнэт цааснууд дэлхийн жишиг индексүүдээс хасагдаж, хувьцааны хөдөлгөөнийг хянах гол хэрэгсэл болох биржээр арилжаалагддаг сангууд нь хаагдах юм уу царцаагдсан байдалтай байна. Ам.доллароор илэрхийлэгдсэн “RTX” индекс энэ онд 35 хувиар унаснаар “Bloomberg”-ийн дэлхийн хэмжээнд хянадаг 92 жишиг индекс дундаас үндэсний мөнгөн тэмдэгтээр тооцвол хамгийн тааруу гүйцэтгэлтэй нь болжээ. Харин рублиэр илэрхийлэгдсэн “MOEX Russia” индекс энэ онд 44 хувиар унаснаар 2008 оноос хойших хамгийн огцом уналттай жилээ үдэхэд ойртож байна.
Австралид ээлтэй жил
Австрали улс энэ санхүүгийн жилд эрдэс бүтээгдэхүүн, эрчим хүчний экспортоос олох орлогын төсөөллөө ахиулж, дээд түвшин буюу 459 тэрбум австрали доллар (308 тэрбум ам.доллар) хүргэжээ. Ялангуяа эрчим хүчний нүүрс болон шингэрүүлсэн байгалийн хийн экспортын орлого ирэх VI сар хүртэл ихээр өсөх төлөвтэйг Австралийн ЗГ тайландаа дурдсан байна. Австрали долларын ханш өмнөх таамаглалаас сул байсны зэрэгцээ эрчим хүчний нүүрсний үнэ өссөн нь төсөөллийг ахиулах гол шалтгаан болжээ. Эрчим хүчний нүүрсний үнэ үргэлжлүүлэн чангарснаар экспортын орлого нь 76 тэрбум австрали доллар болж, өсөлт нь жилийн дүнгээр 65 хувьд хүрэхээр байгаа аж.
Өндөр зардалтай "бүтэлгүйтэл"
Avatar киноны шинэ ангийн нээлтийн дараа Walt Disney компанийн хувьцааны ханш 2020 оны III сараас хойших доод түвшиндээ хүрлээ. Арилжааны дөрвөн өдөр дараалан унаснаар сүүлийн байдлаар 4.8% унаж $85.78 болсон. Тус компанийн Avatar: The Way of Water кино нь Hollywood-ийн түүхэн дэх хамгийн өндөр зарталтай кинонуудын нэг болсон ч нээлтийн орлого нь хүлээлтэд хүрээгүй юм. Кино нээлтийн хоёр өдөртөө Америкийн зах зээлээс $53 сая доллар олсноор Disney компани тус киноны орлогын хүлээлтээ бууруулаад байна.
BloombergTV.mn танд санал болгож байна
2022 оны хамгийн тааруу гүйцэтгэлтэй зах зээл ОХУ-ынх байх төлөвтэй
Эрчим хүчний хямралаас болж Европ тив $1 их наядын хохирол амсаад байна
Онцлох чарт
Австрали улс ногоон эрчим хүчний шилжилтийнхээ хүрээнд анхны далайн салхин паркаа Викториа мужийн өмнөд эргээс холгүй бүсэд байгуулахаар болжээ. Тус бүсэд 10 гигаватт буюу нүүрс ашигладаг таван цахилгаан станцтай тэнцэхүйц хэмжээний цахилгаан үйлдвэрлэх нөөц боломжтой аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.