Төрийн өмчит “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар 2021 оны арваннэгдүгээр сард Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн Т.Мөнхбаярт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.
Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт оршдог Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг хувийн аж ахуйн нэгж эзэмшиж байсныг цуцалж, төрийн өмчийн “Эрдэнэс силвер ресурс” компани байгуулан шилжүүлснийг уншигчид санаж буй. Гүйцэтгэх захирлаар нь Т.Мөнхбаяр хэмээх “Империал гоулд майнинг” ХХК-ийг удирдаж байсан нэгнийг томилсон билээ.
Гэвч тэрбээр эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгохын тулд ихээхэн хэмжээний хахууль хясан боогдуулж авсан хэрэгт холбогдоод байгаа юм. Тодруулбал, Т.Мөнхбаяр “Эрдэнэс силвер ресурс” компанийн үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Б.Жаргалсайхан, “Монголиан майнинг саппорт сервисес” ХХК-ийн менежер Б.Баттулга нартай бүлэглэн тендерийн сонгон шалгаруулалт зохион байгуулалгүй гэрээ хийсэн аж.
Өөрөөр хэлбэл, 2020 оны дөрөвдүгээр сарын 29-нд Салхитын мөнгөний ордод хөрс хуулах, олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ “Монголиан майнинг саппорт сервисес” ХХК-тай байгуулан захирал П.Энхтүвшингээс нь хөрс хуулалт, хүдэр олборлолтын ажлын нэг шоо метр уулын цул тутмаас 1500 төгрөгөөр тооцон мөнгө өгөхийг шаардсан аж. Ингээд Сүхбаатар дүүргийн нутаг дахь “Цома” оффисын гадна П.Энхтүвшингээс 192 сая, Хан-Уул дүүрэгт байрладаг “Империал хаус” хотхоны гадна 158 сая гэх байдлаар нийт 1.4 тэрбум төгрөгийн хахууль авсан гэнэ. Уг мөнгөө дээр дурдсан менежер Б.Баттулга болон Б.Пунцагбалжир гэх хүнээр дамжуулан авч байсан хэмээн буруутгагдаж буй.
Мөн Салхитын мөнгөний ордод баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж баяжмал гаргах тендерт шалгарсан “Аглаг хангайн уулс” ХХК-тай 2020 оны тавдугаар сарын 18-нд Баяжуулах үйлдвэрийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан дэд захирал Б.Жаргалсайханаараа дамжуулан бас хахууль авсан үйлдэлд холбогдсон юм. АТГ-ынхны шалгалтын явцад Т.Мөнхбаяр “Аглаг хангайн уулс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Бүрэнбадрахаас боловсруулсан хүдрийн тонн тутмаас 10 000 төгрөг авахаар шаардаж, нийт 1.2 тэрбум төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг зохион байгуулж, хамтран гүйцэтгэсэн хэрэгт яллагдагчаар татагдаад байна.
НПГ-аас Т.Мөнхбаяр, Б.Жаргалсайхан, Б.Баттулга, Б.Пунцагбалжир нарт хахууль авч бусдад давуу байдал бий болгосон, эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор мөнгө угаасан, хахууль өгсөн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 22.4-2, 22.5-1, 18.6-1 дэх заалтад заасны дагуу яллах дүгнэлт үйлдсэн аж. Т.Мөнхбаярыг эл хэрэгт нь холбогдуулж прокурорын гаргасан хүсэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 30 хоногийн хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад буй билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоо энэ хүнииг баатарлаг хулгайч гэж ард түмэн нэрлэх юм уу.
Аглаг Хангайн Уулс нь авилгалаа өгсөнөө хүлээн зөвшөөрсөн байж, яагаад одоо хүртэл үйл ажиллагаагаа явуулаад байгаан Эрдэнэс Силвер Ресурс ХХКд.