Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явуулав.
Хотын дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр нийт 10 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 88 хувьтай байжээ. Тухайлбал, инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан, цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал гарахаас урьдчилан сэргийлэх, шуурхай ажиллагааны бригад, жижүүрийн хуваарь гарган хяналт тавьж, болзошгүй осол, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг үүрэг болгосон. Энэ дагуу нийт 303 хүн 86 машин, техниктэй ажиллаж байна.
Мөн сайжруулсан шахмал түлшний баруун, зүүн бүсийн үйлдвэрийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч, түлшний чанар, стандартад хяналт тавьж, айл өрхүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй хангах арга хэмжээ авч ажиллах чиглэл өгсөн. Өдгөө баруун, зүүн үйлдвэрт 14 шугам хэвийн ажиллаж, өдөрт 2000 тонн гаруй шахмал түлш үйлдвэрлэж байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас түлшний чанарт тогтмол хяналт тавьж, ажиллаж байгаа бөгөөд агуулах, борлуулалтын цэг, үйлдвэрлэж буй шахмал түлш, түүхий эдүүдээс дээж авч, шинжлүүлж байгаа юм.
Нийслэл хот өнөөдрийн байдлаар шахмал түлшний 95 мянган тонны нөөцтэй байна. Мөн түүхий эд, шуудайн нөөц хангалттайгаас гадна өдөрт түлшний 3500 тонн захиалга ирж байгаа юм байна. Харин 31 компанийн 310 машинаар тээвэр гүйцэтгэж байгаа гэх мэдээллийг албаныхан өгөв.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дараах үүрэг, даалгаврыг өглөө.
-Сайжруулсан шахмал түлшний чанар болон борлуулалтад тавих хяналтыг сайжруулах, айл, өрхүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй байхад анхаарч ажиллах.
-Инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, машин механизм, техник тоног төхөөрөмж, бодис, давсны бэлэн байдлыг хангах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
-Нийслэлийн 2023 оны худалдан авах ажиллагааны төлөвлөлтийг боловсруулж, батлуулан холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийгдэх ажлуудыг олон нийтэд мэдээлэх, зар хүргэх ажлуудыг зохион байгуулах.
-Баярын өдрүүдэд ажиллах эргүүл, жижүүр томилон ажиллуулж, Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж ажиллах.
-Жагсаал, цуглаантай холбогдуулан жагсагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах ажлыг хуулийн хүрээнд анхаарч, чиг үүргийн дагуу ажиллах.
-Нийгмийн хэв журам, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, олон нийтийн амгалан тайван, аюулгүй байдлыг хангах, хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж ажиллах.
-Ерөнхий боловсролын сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхдүүдийг гэнэтийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулахыг тус тус үүрэг болгосон байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.