УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж энэ долоо хоногт парламентаар хэлэлцэх хуулиуд дээр ямар байр суурьтай ажиллахаа нэгтгэжээ. Бүлгээс гарсан шийдвэрийг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хоёр шийдвэр гаргав. Нэгдүгээрт, Төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулах, засаглалыг нээлттэй болгох ёстой. Үүнээс үүдэж л нүүрсний хулгай гэх мэт төрийн хулгай гарч байна. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн өмчит компаниудын тухай хуулиудыг энэ намрын чуулганаар багтаж хэлэлцэн шийдвэрлэхээр тогтлоо. Б.Энхбаяр гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгууллаа.
Хоёрдугаарт, Үндэсний хэмжээнд нийгмийн бүхий л салбарыг хамруулсан томоохон чуулган зохион байгуулах хэрэгтэй гэж үзэж УИХ, Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг гаргахаар боллоо. Нийгмийн зөвшилцлийн үндэсний чуулганыг хийж өнгөрсөн 30 жилийн алдаа оноогоо дүгнэхээр боллоо. Улс төр, эдийн засаг, бизнес, нийгмийн салбарын төлөөлөл багтах ёстой гэж үзлээ.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Нүүрсний хулгайд холбогдсон улс төрчид шалгуулах ёстой гэх зарчим дээр бүлгийн бүх гишүүд нэгдсэн. Прокурор, АТГ, цагдаа, тагнуулын байгууллагын хамтарсан том ажлын хэсэг ажиллаж байгаа. Одоо нэр нь зарлагдсан, цаашид зарлагдах улс төрчдийг бүгдийг нь шалгуулна гэх байр суурин дээр нэгдсэн. Өнөөдрийн бүлгийн хурал дээр намын дарга ч ийм байр суурь илэрхийлсэн.
-Өмнө нь УИХ-ын гишүүний ХОМ /хөрөнгө орлогын мэдүүлэг/-ийг зөвхөн УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хянадаг байсан бол одоо Авлигын эсрэг хуульд оруулж буй өөрчлөлтөөр АТГ-аас хүсэлт гаргавал тэднийд өгнө гэсэн агуулга орсон. УИХ-ын гишүүний халдашгүй байдалтай холбоотой асуудал байнга гардаг. УИХ дахь олон намын суудлын тоо ойролцоо тохиолдолд бүр их гарах магадлалтай. Өнөөдрийн хувьд МАН олонх байгаа тохиолдолд харьцангуй гайгүй байна. Гэхдээ бид бүлэг дотроо нэг л шаардлага тавьж байгаа нь "Асуудал үүсвэл бүгд шалгуулна" гэх байр суурь юм. УИХ-ын гишүүнийг шалгах эрх нээлттэй. Ганцхан мөрдөн байцаалтад хүндрэл учруулаад байвал прокурор хүсэлт тавьж бүрэн эрх түдгэлзүүлэх асуудал яригддаг гэдгийг л ойлгох хэрэгтэй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.