Малайз улсад амь үрэгдсэн Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу, өмгөөлөгч Б.Баяр нар Малайз улсын анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар мэдээлэл өглөө.
Аав С.Шаарийбуу:
-1990 онд ардчилсан хувьсгал гарч, амьдрахын эрхээр зарим маань ганзагын наймаанд явж эхэлсэн. Миний охин бол тэдний нэг. Охин маань цаг бусаар нас барж, би тэрхүү бохир нийгмийн хаалгаар явж орсон. 2006-2018 оны хооронд 12 жил энэ хэргийг шийдэх гэж явлаа. Малайз руу нийт 12 удаа явсан. Бүтэлгүй шахуу зүйл рүү орсон, боломж ч ховор байсан. Өмгөөлөгч Б.Баяртайгаа эхлүүлсэн, энэ дүү маань надаас нэг ч төгрөг аваагүй. Уучлаарай гэж хэлүүлэх гэж л явсан.
Улсаас өгсөн хоёр өрөө байрыг зараад явж эхэлсэн. Малайз, Австрали, Монгол, Франц гээд олон орон, Хүний эрхийн байгууллага зэрэг олон газарт нийтдээ 300 гаруй өргөдөл бичсэн. Энэ хооронд хань маань өнгөрсөн. Талийгаач охиноос маань хоёр хүүхэд нь үлдсэн. Бие муутай нэг хүүг нь би ээж шиг нь халамжилж чадаагүй ээ.
Нэг талаас Малайзын Ерөнхий сайд, түүний зөвлөх гэх мөнгөтэй, нөлөөтэй хүмүүс, нөгөө талд хохирогч би ганцаараа зогсож, заргалдсан. Шүүхэд олон удаа дуудаж, мэдүүлэг өгүүлсэн.
Багиндатай уулзах бүртээ манай охин хоёр найзтайгаа очдог байсан юм билээ. Багинда болохоор буудлын цонхоор шидэж, золгүй байдлаар үхсэн болгох гэж төлөвлөж байсан. Миний охин хоёр найзтайгаа очдог тул гурван хүн цааш нь харуулж арай чаддаггүй байсан юм билээ.
Аллагыг үйлдсэн офицерууд "Бид Багиндад тусалж энэ хэргийг үйлдсэн" гэж хэлдэг байсан. Гэтэл 2018 оноос Малайзын төрийг мэддэг хүний тушаалаар бид цэргийн хүмүүсийн хувьд үүргээ биелүүлж, энэ хэргийг үйлдсэн гэж хэлдэг болсон. Энэ нь ч үнэ бололтой юм билээ. Гурав хоногийн өмнө л Багиндаг захиалагч нь мөн гэдгийг шүүх тогтоолоо шүү дээ.
Малайзад амиа алдаж, хүний наймааны золиос болсон олон монгол бий. Надаас бусад нь юунд ч хүрч чадаагүй болохоор тэдний өмнөөс би давхар хариуцлага хүлээсэн. Цаашид би монгол хүний эрхийн төлөө хүчтэй шүгэл үлээгч байна.
Тэр хэдэн тоонд битгий анхаарал хандуулаарай. Би нээх баярлахгүй байгаа. Хүний амь гэдэг иймхэн юмаар хэмжигддэг юм биш. Одоо эргээд харахад өнчирсөн хэдэн хүүхэд, навсайсан нэг амьдрал өнгөрсөн 17 жилд үлдлээ дээ.
Энэ их ажлын хажуугаар нэг иргэнийхээ төлөө Малайз руу цаг үеэ олсон захидал бичсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд баярладаг. Миний хүү шиг л хүн. Амжилт хүснэ ээ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоо өнгөрсөн хүний тухай юу ярихав дээ. Хичнээн биеэ үнэлэгч байсан ч хүн алсан хүмүүсийн араас явсаар ялдаг айхтар аав шүү! Биеэ үнэлэгч хүнийг алах нь зөв гэж юу байхав.