Гурван өгүүлбэрээр :
Бодлогын хүү 13 хувьд
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо энэ оны сүүлийн хуралдаанаараа бодлогын хүүг нэг нэгж хувиар нэмэгдүүлж, 13 хувьд хүргэх шийдвэр гаргалаа. Жилийн инфляц XI сард улсын хэмжээнд 14.5 хувьтай гарсан. Төсвийн зарцуулалт болон цалин хүлээлтээс өндөр өсөхөөр байгаагаас шалтгаалан импортын эрэлт нэмэгдэж, инфляц төсөөлсөн шиг саарахгүй байх нөхцөл бүрдэх эрсдэлтэй байгаа нь бодлогын хүүг нэмэгдүүлэхэд нөлөөлжээ. Мөн Монголбанк Монгол Улсын эдийн засгийн 2022 оны өсөлтийн төлөвийг гурван хувь байсныг дөрвөн хувь болгож нэмэгдүүлжээ. БНХАУ-ын СOVID-19-ийг Үл тэвчих бодлогоо эрт сулруулж, барилгын салбарт дэмжлэг үзүүлж байгаа нь дотоодын эдийн засагт нөлөөлнө хэмээн Төв банк үзсэн байна.
Гурилын нөлөө
Гурилын үнэ тонн нь 1.6-1.8 сая төгрөг хүртэл буюу 50 гаруй хувиар үе шаттайгаар нэмэгдэх нөхцөл байдал үүссэнийг өнгөрсөн IX сард Монголын гурил үйлдвэрлэгчдийн холбооноос анхааруулж байсан билээ. Тэгвэл сүүлийн гурван сар саарч байсан инфляц XI сард 14.5 хувь болж өсөхөд ерөнхийдөө ганцхан л бүтээгдэхүүн нөлөөлсөн нь гурил болохыг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өгүүлсэн юм. Өнгөрсөн сард гурилын үнэ 26 хувиар өссөнтэй зэрэгцээд талх, нарийн боов зэрэг гурилан бүтээгдэхүүний үнэ өссөн байна. Гурилын үйлдвэрүүд энэ оны улаан буудайгаа худалдаж аваад шинэ үнэ, шинэ зардал дээр тооцоо хийгээгүй байсан тул Монголбанк ийм үр дүн гарах төсөөлөлгүй байсныг тэрбээр тайлбарлаж байв. Улаан буудайн үнэ нэмэгдэхэд түлш, шатахуун, улаан буудай тарьдаг үр, бордооны үнэ болоод ажиллах хүчний зардал хоёр дахин өссөн нь голлон нөлөөлж байгаа юм.
Байр суурь
"Өмнө нь Оюу Толгой төслийн үйлдвэрлэл харилцаа холбооны асуудлуудтай холбоотойгоор хойшилж, зардал өсөхөд нөлөөлж байсан. Харин одоо төслийн гол хувьцаа эзэмшигчид зөвхөн Rio Tinto болон Монгол Улсын Засгийн газар болсноор хувьцаа эзэмшигчдийн бүтэц илүү энгийн болж, бүтээн байгуулалтын ажлыг хурдасгахад түлхэц болно. Нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах талаасаа эрэлт нэмэгдэж байгаа ч нийлүүлэлт талаасаа зэсийн шинэ төсөл хангалттай олон хэрэгжихгүй байгаа тул уул уурхайн компаниуд зэсийн ордуудыг эрж байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд томоохон уул уурхайн компаниуд хувьцаа эзэмшигчдийн өгөөжийг нэмэгдүүлэхэд үйлдвэрлэлийн хүчин чадлаас илүүтэй анхаарах болсон. Энэ нь өнөөгийн зах зээлийн нөхцөл байдалд тодорхой түвшний хөрөнгө оруулалт татна гэсэн үг юм"" хэмээн "Bloomberg Intelligence"-ийн Ахлах шинжээч И Жү "Bloomberg TV Mongolia"-д ярилцлага өгөхдөө онцлов.
TRQ Rio-д очлоо
"Rio Tinto" компанийн "Turquoise Hill Resources" компанийг нэгтгэх үйл явц эцэслэгдсэнээр Оюу Толгой нь Монгол Улсын Засгийн газар 34 хувь, "Rio Tinto" 66 хувь гэсэн эзэмшлийн бүтэцтэй болж байна. Канадын Юконы дээд шүүхээс холбогдох зөвшөөрлүүдийг олгосноор XII сарын 16-ны өдөр "Rio Tinto" TRQ-ийн үлдсэн 49 хувийг худалдан авах 3.1 тэрбум ам.долларын арилжааг хийж дуусгасан байна. Ингэснээр TRQ компани бүртгэлтэй хөрөнгийн биржүүдээс бүртгэлээ хасуулж, "Rio Tinto"-ийн хаалттай охин компани болж байна.
MMC ба бондын төлбөр
"S&P Global Ratings" агентлаг "Mongolian Mining Corp" компанийн зээлжих зэрэглэлийг өмнө нь хэсэгчилсэн дефолт ангилалд оруулж бууруулаад байсан бол баасан гарагт ахиулан тогтоосон байна. Өөрөөр хэлбэл бондын төлбөрөө хугацаанд нь төлж чадахгүй байх эрсдэлтэйг илэрхийлэх CCC түвшинд хүргэж, төлөвийг сөрөг гэж тогтоосон байна. MMC компани зарим хөрөнгө оруулагчтайгаа тохиролцсоны үр дүнд бондынхоо тодорхой хэсгийг бага дүнгээр буцаан худалдан авсан тул 2024 онд 376 сая ам.долларын бондын төлөлт хийх ёстой байгаа юм. Тус компанийн хөрөнгийн бүтэц тогтворгүй, хөрвөх чадвар сул гэж "S&P Global Ratings" үзсэн бөгөөд ирэх 12-15 сарын хугацаанд өрийн эрсдэл өндөр гэж дүгнэжээ.
Гадаад өр буурав
Улсын нийт гадаад өр энэ оны эхний есөн сард 32.4 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 873.4 сая ам.доллароор буюу 2.6 хувиар буурсныг ҮСХ мэдээллээ. Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагын өр 18 хувиар, Засгийн газрын гадаад өр 9.8 хувиар тус тус буурсан нь нийт гадаад өр буурахад голчлон нөлөөлсөн байна. Харин шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 133.5 сая ам.доллар, бусад салбарынх 79.3 сая ам.доллар, Төв банкных 43.4 сая ам.доллароор тус тус өсжээ. Түүнчлэн Засгийн газрын нийт өр оны эхний есөн сард 30.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс гурван их наяд төгрөгөөр, өмнөх улирлаас 1.6 их наяд төгрөгөөр өссөн байна.
Удаан хүлээлгэсэн ялалт
"Катар-2022" хөл бөмбөгийн ДАШТ-ий шигшээ тоглолт гайхалтай өрсөлдөөн, уур амьсгалтайгаар өрнөж, Аргентины шигшээ баг гурав дахь удаагаа дэлхийн аварга боллоо. Үндсэн цагт 3:3 харьцаатай тэнцээгээр өндөрлөж, торгуулийн цохилтоор ялагчийг шийдсэн Аргентин, Францын шигшээ багуудын тоглолт түүхэнд үлдэх олон үйл явдлаар дүүрэн байв. Сүүлчийн ДАШТ-дээ оролцсон алдарт Лионель Месси эцэст нь мөрөөдлөө биелүүлж, бүх цаг үеийн шилдэг хөл бөмбөгчин гэсэн байр сууриа баталгаажуулсан бол Францын залуу од Килиан Мбаппе энэ тэмцээнд нийт 8 гоол оруулан бүх тоглогчдыг тэргүүлсний зэрэгцээ шигшээ тоглолтод 3 гоол оруулсан 2 дахь тоглогч болсон юм.
Хамгийн өгөөжтэй зах зээл
Таваарын зах зээл 2023 онд өсөлтөөрөө дахин тэргүүлэх бөгөөд хөрөнгө оруулагчдад 40 гаруй хувийн өгөөж авчирна гэж “Goldman Sachs” банк тооцоолжээ. Ирэх оны эхний улирал АНУ болон БНХАУ-ын эдийн засгийн сул өсөлтөөс шалтгаалж “донсолгоотой” байх бөгөөд үүний дараа газрын тос, байгалийн хий зэрэг түүхий эдийн нийлүүлэлт хумигдсанаар үнэ нь өснө гэж тус банкны шинжээчид үзэж байна. Тэдний тооцоолсноор түүхий эдийн үнийн хөдөлгөөнийг тооцох гол хэмжүүр “S&P GSCI Total Return Index” ирэх онд 43 хувиар өсөх төлөвтэй аж. Газрын тосны ордны хайгуул, уул уурхайн хөрөнгө оруулалт дутагдалтай байгаа нь нөөц багасаж, зах зээл хумигдахад хүргэх магадлал өндөр байгааг мөн онцолсон байна.
Элит үнэ
Хувьцаа, бонд, криптовалютууд бүгд уналтад ороод байгаа энэ онд Сингапурын элит гольфийн клуб болох “Sentosa Golf Club”-т оруулсан хөрөнгө оруулалт огцом өссөнийг тус улсын гишүүнчлэлийн үйлчилгээ үзүүлдэг “Singolf Services” компани мэдээллээ. Тодруулбал “Sentosa Golf Club”-т гадаадын иргэн гишүүнчлэл авах төлбөр нь 2019 оны эцсээс хоёр дахин нэмэгдэж, 618 мянган ам.доллар хүрсэн байна. Түүнчлэн Сингапурын байнгын оршин суугч болон тус улсын иргэдийн гишүүнчлэлийн ханш ч мөн адил хоёр дахин өсөж, 368.2 мянган ам.доллар давсан тооцоо гарчээ. Энэ нь COVID-19-ийн халдварын тархалтын үеийн хатуу хязгаарлалтын улмаас БНХАУ-ын чинээлэг иргэдийн урсгал Сингапур руу чиглэсэнтэй холбоотой аж.
Ээлжит хориг
АНУ-ын Засгийн газар ОХУ-ын хамгийн чинээлэг тэрбумтан, уул уурхайн томоохон компаниудын нэг “Норильский никель” буюу “Nornickel”-ийн Ерөнхийлөгч бөгөөд гол хувьцаа эзэмшигч Владимир Потанины эсрэг хориг арга хэмжээ зарлалаа. Пүрэв гарагт АНУ-ын Сангийн яамнаас ОХУ-ын Засгийн газартай холбоо хамаарал бүхий 40 хүнийг багц хоригийн жагсаалтдаа оруулсны нэг нь Потанин байжээ. Хэдий тийм боловч түүний "Nornickel" компанийг хоригийн гадна үлдээсэн нь металлын зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилготой аж. Харин энэ онд Потанины худалдан авсан “Rosbank”, “Interros Holdings” гэсэн компаниудыг хоригт багтаасан байна. Владимир Потанины 30.4 тэрбум ам.долларын хөрөнгийн 40 гаруй хувь нь никель, паллади, зэсийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг болох “Nornickel” компанид хувьцаа хэлбэрээр байдаг.
Энэ 7 хоногт
Даваа: ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Беларусьт айлчилж, Ерөнхийлөгч А.Лукашенкотой өнөөгийн аюулгүй байдлын сорилтуудын талаар ярилцана
Мягмар: Японы Төв банк бодлогын хүүгийн шийдвэрээ танилцуулна. Хонгконгийн хэрэглээний үнийн индексийн дүн мэдээлэл гарна.
Лхагва: Канадын хэрэглээний үнийн индексийн дүн мэдээлэл гарна.
Пүрэв: АНУ, Их Британийн дотоодын нийт бүтээгдэхүүн танилцуулагдана.
Баасан: Япон, Малайз, Сингапурын хэрэглээний үнийн индекс танилцуулагдана.
Онцлох чарт
Дэлхий нийтээрээ шатах түлшнээс татгалзах зорилт тавиад байгаа хэдий ч дэлхийн нүүрсний хэрэглээ энэ онд бүх цаг үеийн хамгийн өндөр түвшинд хүрэхээр байна. 2022 онд нүүрсний хэрэглээ 1.2 хувиар өссөнөөр жилийн дүнгээр түүхэнд анх удаа 8 тэрбум тонн давж байгааг Олон улсын Эрчим хүчний агентлаг тайландаа дурджээ. Түүнчлэн БНХАУ, Энэтхэг зэрэг Азийн хөгжиж буй орнуудын эрэлт өссөнөөр 2025 он хүртэл нүүрсний хэрэглээ энэ түвшиндээ хадгалагдах төлөвтэйг онцолсон байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.