Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд цахилгаан скүүтер түрээсийн үйлчилгээг 2023 оны хавраас нэвтрүүлэхээр болжээ.
2023-2024 онд нийт 1,000 ширхэг цахилгаан скүүтер оруулж ирэх юм байна.
Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ:
-Дэлхийн томоохон хотуудад байдаг жишиг үйлчилгээ Улаанбаатарт нэвтэрч байна. Энэ бол залууст чиглэсэн, түгжрэлийг бууруулах арга хэмжээний нэг.
Энэхүү скүүтер нь -16 градус хүртэл хүйтэнд тэсвэртэй ажиллах учраас гуравдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд ашиглах боломжтой.
Түрээсийн үнэ, төлбөрийг бизнес төлөвлөгөөнийхөө дагуу хувийн хэвшил өөрсдөө тогтооно. Харин төрийн зүгээс уг үйлчилгээг нэвтрүүлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэн өгөх юм.
Иргэд автомашины хэрэглээнээс аль болох татгалзах, нийтийн болон бусад тээврийн хэрэгсэл ашиглахыг нь дэмжих чиглэлд Нийслэлийн удирдлага явган хүний болон дугуйн замыг засаж, шинэчилж байгаа. Скүүтерээр зорчих зам, боломжийг нэмэгдүүлэхийн тулд уг ажлыг ирэх жил ч мөн үргэлжлүүлнэ гэв.
Энхтайваны өргөн чөлөө болон Чингисийн өргөн чөлөөний дагуу скүүтрийн зогсоол байгуулахаар төлөвлөжээ. Иргэд тус зогсоол дээрээс аппликэйшнээ уншуулан, төлбөр төлсний дараа ашиглах боломжтой.
АНУ болон Европын холбооны улсууд руу их хэмжээгээр нийлүүлдэг, 2022 оны “X6” загварын уг скүүтер:
-120 кг даацтай, 19 кг жинтэй
-25 км/цаг хүртэл хурдлах, 500 ваттын хүчин чадалтай мотортой
-Усны хамгаалалттай
-13 ампер, сольдог зайтай
-Байршил тогтоогчтой
-5 инчийн, хатуулаг дугуйтай
-25 градус налууд өгсөх чадвартай
-16 градуст ажиллах
-Зайн цэнэгээрээ нийт 36-45 км туулах
-Гар утасны аппликэйшнтэй хоршин ажиллах боломжтой аж.
Скүүтер түрээсийн үйлчилгээг НЗДТГ, “Евро-хан” ХХК, “Нордик кристал стар” ХХК хамтран хэрэгжүүлэх гэрээг өнөөдөр баталжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.