Гурван өгүүлбэрээр:
Rio зорьсондоо хүрэв
Канадын Юконы дээд шүүх "Rio Tinto" болон "Turquoise Hill Resources" компанийн хэлцэлтэй холбоотой сүүлийн шатны зөвшөөрлийг олголоо. Ингэснээр "Rio Tinto" компани TRQ-ийн нийт хувьцааны 49 хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчдээс хувьцааг нь худалдан авах ажлыг эхлүүлэхээр болж байна. Үүний зэрэгцээ TRQ Торонтогийн болон Нью-Йоркийн хөрөнгийн биржээс бүртгэлээ хасуулан хаалттай компани болж, "Rio Tinto"-ийн 100 хувийн эзэмшил охин компани болох нөхцөл бүрдлээ. Харин Оюу Толгойн 34 хувийг эзэмшиж байгаа Монгол Улсын ЗГ-ын хувьд төслийн 66 хувийг эзэмших "Rio Tinto" гэсэн ганцхан хөрөнгө оруулагчтай харьцахаар болов. "Зарим хөрөнгө оруулагчдын хувьд энэ төсөлд Rio Tinto илүү давамгайлж, хүч хэрэглэлээ гэж үзэж байгаа бол зарим нь энэ төсөлд яг хоёр оролцогч байх нь илүү үр ашигтай гэж байна. Өнөөдрийн байдлаар хэлцлийн үр дүн ашигтай юу, ашиггүй юу гэдгийг хэлэхэд эрт байна" хэмээн "Ти Ди Би Секьюритис ҮЦК"-ийн Дэд захирал Г.Энхбат өгүүлсэн.
Эхлээд ЭТТ
Засгийн газрын хуралдаанаар “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталж, эхний ээлжид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспортын нүүрсний 30 хувийг 2023 оны 7 дугаар сарын 1 хүртэл МХБ-ээр дамжуулан ил тод, нээлттэй арилжаалж, арилжааны үйл ажиллагаанд СЗХ хяналт тавьж ажиллахаар зохицуулсан. Харин уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг мөрдөгдөж эхлэх хугацаа нь 2023 оны зургаадугаар сарын 30 байх бөгөөд тухайн бирж нь төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байна гэдэг агуулгыг хуулийн төсөлд оруулжээ.
Байр суурь
"Нэн тэргүүнд шууд хийж болох зүйл юу вэ гэвэл ил тод байдал. Бүх мэдээллээ нээлттэй тавь. Сүүлийн хоёр, гурван жилийн хугацаанд ковид гээд маш хаалттай байдалтай байлаа. Дээр нь стратегийн орд газар, ач холбогдол бүхий нэгж гэх мэтээр мэдээллүүдийг үргэлж хаадаг. Тэгэхээр энэ нь өөрөө бухимдал, тодорхойгүй байдал, үл итгэлцэл үүсэх нөхцөл болоод байна. Тиймээс нэгдүгээрт гэвэл байж болох бүх мэдээллээ ил тод тавъя. Нууснаар улсын аюулгүй байдлаа хангаад, сайн сайхан болсон зүйл алга. Олон улсын туршлагад төр том төслийг удирдах, нөлөөтэй шийдвэрийг үр ашигтай гүйцэтгэх цорын ганц арга нь иргэдийн хяналт. Аз болоход энэ нь тийм ч үнэтэй зүйл биш" хэмээн "NRCC" компанийн Гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг "Bloomberg TV Mongolia"-д ярилцлага өгөхдөө онцлов.
Долларжилт дахин нэмэгдэв
11 дүгээр сард хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүнүүд гарсантай зэрэгцээд банкны салбарт хадгаламжийн үлдэгдэл 17 их наяд 31.2 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 0.4 хувиар буурсныг ҮСХ мэдээллээ. Төгрөгийн хадгаламж 2021 оны тавдугаар сараас хойш тогтмол буурсаар 11 дүгээр сарын эцсийн байдлаар 12.3 их наяд төгрөг хүрсэн нь өмнөх сараас нэг хувиар буурсан үзүүлэлт болжээ. Харин валютын хадгаламжийн үлдэгдэл 4.7 их наяд төгрөгтэй тэнцэж байгаа нь өмнөх сараас 1.4 хувиар өссөн дүн болж байна.
Хариуцлагыг чангатгана
УИХ-ын чуулганаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцлээ. Нэмэлт өөрчлөлтөөр авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээдийн нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасах, өршөөл уучлал, үзүүлэхгүй байх, мөн халдашгүй бүрэн эрхээр халхавчилж эрүүгийн хариуцлагаас мултрах боломжгүй байхаар тусгажээ. Мөн албан тушаалаа урвуулан ашиглаж авлигын замаар олсон хөрөнгө орлогыг гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхээс үл хамааран хурааж, улсын орлого болгох, хахууль авах гэмт хэргийн ялын дээд хэмжээ 5-12 жил байсныг 12-20 жилийн хорих ял болгон нэмэгдүүлэх зэрэг өөрчлөлтийг тусгасныг Ерөнхий сайд мэдээллээ.
Ээлжит буцалтгүй тусламж
Европын сэргээн босголт хөгжлийн банк Монгол Улсад 62.8 сая ам.долларын зээл болон 5.0 сая еврогийн буцалтгүй тусламж олгохоор гэрээ байгууллаа. Зээлээр Чойр-Сайншандын 220 киловаттын цахилгаан дамжуулах агаарын шугам барих төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Ингэснээр Тавантолгой, Оюу Толгой, Сайншандын Аж үйлдвэрийн парк, газрын тос боловсруулах үйлдвэр, Замын-Үүдийн худалдааны чөлөөт бүсийг эрчим хүчээр хангах эх үүсвэр бий болно гэж ЗГ мэдээллээ. Мөн Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймгуудын нийт 51.4 мянга гаруй хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчтэй холбоно гэж тооцоолсон байна.
ERD-ийн төлөвлөгөө
Монгол болон Торонтогийн Хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй “Erdene Resource Development” компани цөөн тооны, томоохон хөрөнгө оруулагчдад хаалттай хүрээнд үнэт цаас санал болгон, зургаан сая канад доллар татан төвлөрүүлэхээр зорьж байна. Энэ хүрээнд нийт 22.2 сая ширхэг багц байршуулж, нэгжийг нь 0.27 канад доллароор санал болгож байгаа бөгөөд одоогоор биржийн зөвшөөрөл болон бусад шаардлагатай зөвшөөрлүүдийг аваад байгаа аж. Татан төвлөрүүлсэн хөрөнгөөр “Баян хөндий” алтны дүүрэгт хийх хайгуулын ажил, уурхайн эхний шатны хөгжүүлэлтийн ажлуудыг санхүүжүүлэх юм байна.
Гацуурхан, гацуурхан...
Энэ оны 12-р сарын 12-ны байдлаар гадаадын орнуудаас 18,732 ширхэг сүлд мод импортлоод буйг ГЕГ-ын тоо баримтаас харж болно. Өөрөөр хэлбэл гадаад валютын албан нөөц буурч, 2.9 тэрбум ам.доллар болоод байгаа энэ үед 600 орчим мянган ам.долларыг зөвхөн энэ төрлийн худалдан авалтад зарцуулжээ. 2021 онд 12,449 ширхэг сүлд модыг 350 мянга орчим ам.доллароор импортолж байснаас харвал импортын мөнгөн дүн бараг 2 дахин өсжээ. Тэгвэл жил бүр хэдэн зуун мянган ам.доллароор хиймэл гацуур импортолж буйг багасгаж, дотооддоо нэмүү өртөг бий болгохын сацуу жил бүр амьд гацуураар баяр дээрээ баяр нэмэх боломж байна. Үүнд ямар гарц байгааг ЭНД дарж уншаарай.
Зөнд нь орхих нь зөв үү?
БНХАУ эдийн засгаа эргэн нээх үйл явцыг эрчимтэй бөгөөд гэнэтийн байдлаар хэрэгжүүлж байгаа нь тус улсын эмзэг талуудыг сайн мэддэг ажиглагчдын санааг зовоож байна. БНХАУ өнөөдрийн байдлаар дотоодод хэрэгжиж буй ихэнх хязгаарлалтаа цуцалж, сүүлийн гурван жилийн турш чанд хатуу мөрдсөн журмаасаа татгалзаад байна. Энэхүү эрчимтэй өөрчлөлт нь COVID-19-ийн халдварын тоо огцом нэмэгдэхэд нөлөөлж, Бээжин хотын эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байдалд хүргэжээ. БНХАУ-д ахмад настнуудын вакцинжуулалтын түвшин бусад орнуудтай харьцуулахад бага, эрүүл мэндийн системийн нөөц хүчин чадал хангалтгүй, дээрээс нь өвлийн ид хүйтэн өдрүүд үргэлжилж байгаа, цагаан сарын амралтын шилжилт хөдөлгөөн дөхсөн үед энэхүү шийдэмгий алхам нь томоохон эрсдэл дагуулж болохыг шинжээчид онцолж байна.
Sotheby's Азийг онилов
“Sotheby’s” компани дуудлага худалдаа, үзэсгэлэн зохион байгуулах шинэ төвөө Хонгконгт нээхээр болсны зэрэгцээ тус хот руу төв оффисоо нүүлгэх шийдвэр гаргажээ. Урлагийн бүтээлийн борлуулалт дээд түвшиндээ хүрсэн энэ үед тус компани БНХАУ, Хонгконг, Тайваньд өсөлтөө эрчимжүүлэхээр төлөвлөсөн аж. Хонгконгийн Төв дүүргийн “Landmark Chater”-д орших барилга нь 2230 м² талбайтай, хоёр давхар байх бөгөөд 2024 онд нээлтээ хийхийг “Sotheby’s” мэдээлсэн байна. Мөн олон нийтэд нээлттэй, дотроо үзэсгэлэнгийн талбайтай, шууд худалдан авалт хийх дэлгүүрүүд болон кафетай байх аж. Энэ онд тус компанийн Ази тивд хийсэн дуудлага худалдаа 1.1 тэрбум ам.долларын орлого олсон нь 2021 оны дээд амжилттай зэрэгцсэн үзүүлэлт болсон байна.
Яагаад хүйтрээд байна вэ?
Цаг уурын Ла Нинья өвөрмөц үзэгдэл Зүүн Хойд Азийг гурав дахь өвөлдөө дараалан дайрснаар хүн амын нягтшил өндөртэй тус бүс нутагт цочир хүйтрээд байна. Энэ нь Монгол, БНХАУ, Япон, Өмнөд Солонгост цаг агаар ойрын хэдэн хоногт эрс хүйтэрсний шалтгаан болохыг АНУ-ын цаг уурын шинжилгээний төвөөс мэдээлжээ. Ла Нинья үзэгдэл нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст агаарын хэм олон жилийн дунджаас доошилж хүйтрэхэд нөлөөлдөг аж. Үүний улмаас Ази тивд эрчим хүчний эрэлт нэмэгдэж, тэр дундаа шингэрүүлсэн байгалийн хийн үнийн өсөлт эрчимжиж болзошгүйг "Bloomberg" мэдээлжээ.
Дэлгэгддэг нарны хавтан
Австралийн сэргээгдэх эрчим хүчний “5B Holdings” стартап хэдхэн минутын дотор суурилуулагддаг нарны хавтангийн технологийн хөгжүүлэлтдээ “BP” компаниас 20 сая австрали доллар буюу 13.7 сая ам.долларын хөрөнгө оруулалт авсан байна. Тэрхүү нарны хавтан нь баян хуур хөгжим шиг дэлгэгддэг бүтэцтэй тул цөөн ажилчид богино хугацааны дотор суурилуулах боломжтой юм байна. “Бүтээгдэхүүн маань маш энгийн. Нарны хавтангуудыг нугасаар холбож, дараа нь дэлгээд л болно” хэмээн тус компанийн Гүйцэтгэх захирал өгүүлжээ. Энэхүү технологи өргөн ашиглагдах боломжтой нэг салбар нь эрчим хүчний хэрэглээ өндөртэй ч цахилгаан шугам сүлжээнээс хол оршдог уурхайнууд аж. Гол давуу тал нь 5B-ийн нарны хавтангуудыг хэдэн жилийн турш ашиглаад дахин шинэ талбай руу зөөх боломжтой байдал гэдгийг онцолжээ.
BloombergTV.mn танд санал болгож байна
ОХУ-ын автомашины зах зээл сэргэж эхэлсэн нь эдийн засгийн өсөлтийн эерэг дохио болов
Нүүрсний салбарын тэрбумтнуудын орлого өсөх тусам тэднийг чиглэсэн шахалт нэмэгдэж байна
1995-2022/XI сар хүртэлх хугацаанд ААН-үүд нүүрсний борлуулалтаас ₮45.2 их наядын орлого олжээ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.