УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Нүүрсний гэх хулгайн асуудал, иргэдийн эсэргүүцлийн жагсаалтай холбоотой гишүүд байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-МАН долоон жилийн турш үнэмлэхүй олонхоор санал авч, төрийн эрхийг барьсан. Бүх шатанд төр барьж, хууль хяналтын байгууллагыг атгаж байгаа. Гэтэл өнөөдөр ЖДҮ, Концессын гэрээ, Хөгжлийн банк, нүүрсний асуудлыг бид цэвэрхэн, сөрөг хүчин муухай гэж ярьдгаа хэзээ болих юм бэ. Би хоёр жил Гашуунсухайтын хулгай луйврыг ярьсан. Гэмт хэргийн шинжтэй асуудлыг ярьж байхад өнөөдрийг хүртэл АТГ хяналт тавиагүй.
Нүүрсний машиныг яагаад бүртгэлгүй гаргасан юм бэ. Гаалийн даргадаа хариуцлага тооц. Татварын дарга, Авто тээврийн үндэсний төвийн даргадаа хариуцлага тооц. Өнгөрсөн 2016 онд машин болгон авдаг энгийн цаас байсан С зөвшөөрлийг авлигын схем болгож, жолооч болгон хоёр сая төгрөгийн авлига төлдөг болгосон. Яагаад энэ төвийн даргадаа яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
-АТГ-аас таван хүний нэрийг зарласан. Энэ нэрийг зарлаад жагсаалыг тараана гэвэл горьдсоны гарз. Жинхэнэ хулгайч нар нь цаана үлдлээ. Хэдэн жараахайгаар тоглочихлоо. Тулууд нь цаана нь хэвтэж байна гэдгийг жагсагчид хэлж байна. Өөрийн бодлоор ажлаа хийдэг УИХ-ын таван гишүүнийг хаяж өгч байгаа юм байна. Ингэхгүй шүү. Бид хонь шиг байж байгаад төхөөрүүлэхгүй. Жинхэнэ хулгайч нараа зарла. Жирийн нэг гаалийн байцаагч нүүрсний машиныг хилээр гаргачихна гэж байхгүй. Том улстөрчид оролцсон байгаа.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Яагаад энэ нүүрсний гэрээнүүдийг ил болгоход хойрго хандаад байна вэ? Яагаад ҮАБЗ-ийн гишүүд одоо байгаа мөртлөө тэр бичиг цаасыг ил гаргахгүй байна вэ? Зургаан жил төр барьж байгаа, бүх шатанд хүчээ нэгтгэсэн эрх баригчид улсынхаа эдийн засагтай тэнцэх хулгай байхад яагаад илрүүлдэггүй юм бэ? Чадваргүй менежерүүд удирдаад байгаа юм уу? Иргэд жинхэнэ хулгайч нь сугарч үлдэж байна гэсэн байр суурьтай байгааг хэлмээр байна.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:
-Намайг яагаад энэ хулгайтай холбогдуулсныг мэдэхгүй байна. Хулгайн асуудалд байгаа ордууд Өмнөговьд байгаа учраас намайг хамаатуулж байгаа байх. Хулгайн асуудалд миний бие оролцоогүй. Та бүхэн баттай итгэж болно. Хууль хяналтын байгууллагууд шалгаж болно. Би дуудсан цагт нь гаргаж өгөх бүх материалаа гаргаж өгөөд шалгуулж, олон түмний эргэлзээг арилгана. Харин бидний ард нуугдаж байгаа жинхэнэ хулгайч нарыг илрүүлэхэд жагсагч нартай хамтран тэмцэнэ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-2016 оноос хойш төрийн бүх эрх мэдлийг дангаараа эдэлж, хэнтэй ч хуваалцаагүй нам бол МАН гэдэгтэй хэн ч маргахгүй. Дур зоргоороо аашилсны чинь дүнг талбай дээр ард түмэн тавьж байна. Та бүхнийг хүчээ нэгтгэе гэхэд ард түмэн итгэсэн. Гүйцэтгэх засаглал нь хууль хяналтын байгууллагатай хавсраад ард түмнээ дээрэмдэнэ гэж ард түмэн бодоогүй. Гүйцэтгэх засаглал хууль хяналтын байгууллагатай хавсрахгүйгээр хэн ч хэзээ ч хийж чадахгүй. Хүний эрхийг уландаа гишгэхийн төлөө хүчээ нэгтгэсэн байна. Захаасаа гишүүд чинь гомдлоо гаргаад эхэллээ. Юм л бол сөрөг хүчин рүүгээ дайрдаг. Төмөр замын нарийн царигийг тавиагүйгээс болж алдагдсан боломж тэд гэж ярьж байна. МАН-ын 65 гишүүн хоёр гараараа нарийн царигаар тавих тогтоолыг устгасан. 2020 оны тавдугаар сард энэ тогтоолыг МАН хүчингүй болгосон. Та нар ингэж бүх юмаа сөрөг хүчин рүү чихдэгээ боль.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:
-Гадаа -30 хэм байхад энэ ордон дотор илүү цэвдэг хүйтэн байна.Таван толгойд 30 сая төгрөгөөр футболк авах, 40 сая төгрөгөөр бээлий авах, 1,3 тэрбум төгрөгөөр эрүүл мэндийн үзлэг хийнэ гэх мэтээр мөнгө идэж байна. Ихэнх нь улс төрчдийн компани. Оффтейк гэрээтэй холбоотой жинхэнэ хулгайчдаа яагаад зарлахгүй байгаа юм. Энэ хүмүүсээ барьж хориоч ээ. Хэдэн тэрбумаар нь ашиг хийгээд явдаг. Тавантолгой компани анх үүссэнээсээ хойш асуудал дагуулж байна. Хянан шалгах түр хороо ажлаа эрчимжүүл. Арванхоёрдугаар сарын 21-нийг хүлээлгүй хяналтын сонсголоо яаралтай хийх шаардлагатай байна. Та нар жинхэнэ хулгайчаа одоо зарла. Үгүй бол би өөрөө зарлана гэдгээ хэлье.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-Манайд ч танайд ч хулгайч нар бий, гэхдээ танайд ихэнх нь үлдчихсэн. Хулгайч нар хоёр намын хэрүүл, улс төрийн тэмцэл болгож дуусгаад, дундаас нь энэ олон жил дандаа хожиж ирсэн. Өнөөдөр хэдэн хүнээр туг тахиад жинхэнэ хулгайч нараа хамгаалаад явж болохгүй шүү. Хэдэн гэрээгээ ил болгосон байна. Үлдсэн гэрээг ил болгооч. УИХ-ын гишүүд ч таавар тааж байна. Би юм ярьж чадахгүй байгаа нь мэдээлэлгүйтэй холбоотой. Шударга байя л даа. Оролцсон гэж үзэж байгаа бүх хүнийг дуудаач. Хуулийн байгууллагын хүч хүрэхгүй байна. Нүүрсний хулгай дээр шударга ажиллачихвал болно.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар:
-Бидний нэр цэвэрлэгдээд гарна. Хулгай хийгээгүй учраас хүн айх юм алга. Жинхэнэ хулгайч нарыг ард түмэн мэдэж байгаа. Цаашдаа Тавантолгойг ард түмний өмч болгох уу гэдэг асуудал үлдэнэ. Тавантолгой бол 30 доллараар үйлдвэрлээд 100 доллараар зардаг бэлэн мөнгөний машин. Монголын ард түмэнд малыг нь үнэгүй өмчлүүлж байсан шиг, байрыг нь үнэгүй өмчлүүлж байсан шиг Тавантолгойн бүх хувьцааг ард түмний өмч болгож өгөх ёстой. Ямар ч хүн хараад хулгай хийхгүй сууж чадахгүй. Юань хэвлээд гадаад валют оруулж ирдэг юмыг хувааж идчихээд баригдах болохоороо хэдхэн хүнийг шоронд явуулж байна. Энэ бол Монголын ард түмний өмч. Эрдэнэс тавантолгойг 100 хувь ард түмний өмч болгох ёстой. Энэ талаар хуулийн төсөл өргөн барина гэдгээ хэлмээр байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.