СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-12-15

Инфляц 14.5 хувьд хадгалагдлаа

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Гурван өгүүлбэрээр: 

  1. МХБ хувьцаагаа олон нийтэд санал болгох зөвшөөрөл авч, давхар таваарын биржийн үйл ажиллагаа явуулах боломж нээгдлээ.
  2. X сарын байдлаар 14.5 хувьтай гарсан инфляц XI сард энэ түвшиндээ хадгалагдлаа.
  3. АХБ Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн энэ оны болон ирэх оны өсөлтийн төсөөллөө бууруулж, 4.2 хувь болгон тогтоолоо.

МХБ = таваарын бирж

Монголын хөрөнгийн биржэд олон нийтэд үнэт цаас санал болгож, хувьцаат компани болох зөвшөөрлийг СЗХ-ноос өчигдөр олголоо. МХБ энэхүү IPO-оор нийт 34 хувьд ногдох хувьцаагаа нэгжийн үнийг нь 100 төгрөгөөр тогтоож, 11.9 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр болжээ. Үнэт цаасны танилцуулгад тусгагдсанаар стратегийн хөрөнгө оруулагчдаас 90 хувь, олон нийтээс 10 хувийг татан төвлөрүүлэх аж. Түүнчлэн МХБ цаашдаа уламжлалт үнэт цааснаас гадна таваарын биржийн үйл ажиллагаа явуулж, нүүрс тэргүүтэй Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүнүүдийг биржээр арилжаалах боломжтой болж байгаа юм. Татан төвлөрүүлэх хөрөнгөөр үүнтэй холбоотой техникийн шинэчлэл, сайжруулалт хийх, Монголын санхүүгийн зах зээлийн чухал зангилаа болоход зарцуулахаар төлөвлөснийг МХБ-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай онцоллоо

Байр суурь

"2023 оны төсөвт шинээр баригдах барилга байгууламжийн тоог бууруулж, аль болох өмнө нь эхэлсэн барилгуудаа барьж дуусгахаар тусгасан нь зөв гэж үзэж байна. 2022 онд арилжааны банкнууд барилгын салбарт зээл олгохоо бараг бүрэн зогсоосноос шалтгаалаад нийлүүлэлт буурсан. Улаанбаатарт байгаа төслүүдийн дийлэнх нь үйл ажиллагаагаа зогсоогоод байна. Яг өнөөдрийн байдлаар барилгын салбарт бэлэн мөнгөний хомсдол бий болчихсон. Тиймээс барилгын компаниуд байраар, барилгын материалаар, машин техникээр бартер хийх нь дэндүү нэмэгдээд байна. Тэгэхээр ипотекийн зээлээр л дамжуулж санхүүгийн эх үүсвэрээ бий болгох хэрэгтэй. Харин борлуулагдахгүй байгаа байран дээр нэмж санхүүжилт татна гэдэг нь өрөөсгөл ойлголт" хэмээн "Барилгачин групп"-ын ТУЗ-ийн дарга Г.Батсүх "Bloomberg TV Mongolia"-д ярилцлага өгөхдөө онцлов.

Инфляц саарсангүй

XI сард хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 14.5 хувийн өсөлттэй гарсан нь Монгол Улсад инфляцын эрч сулрах болоогүйг харууллаа. Инфляцын эрч VIII, IX сард бага зэрэг саарсан ч X сараас эргэн эрчимжээд байв. XI сарын инфляцын өсөлтөд импортын барааны үнийн өсөлт гол жин даржээ. Улсын хэмжээнд инфляцын сагсанд нийт 410 нэр төрлийн бараа, үйлчилгээ багтдагаас 221 нь импортын бараа байгаа юм. Задлаад харвал 14.5 хувийн өсөлтийн 7.4 нэгж хувь буюу 51.1 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Түүнчлэн эм тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ хамгийн их хувиар буюу 21.4 хувиар, хувцас, бөс бараа, гутал 19.4 хувиар, хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 16.8 хувиар тус тус өссөн байна.

Орон сууцны үнэ өссөөр...

ҮСХ-ноос гаргасан мэдээллээр Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.7 хувиар, өмнөх сараас 3.5 хувиар өссөн байна. Энэ оны тавдугаар сард орон сууцны үнэ 0.9 хувиар буурч байсан бол түүнээс хойш тасралтгүй өссөөр 11 дүгээр сард улам эрчимжжээ. Шинэ орон сууцны үнийн жилийн өсөлт 17.3 хувьтай байгаа бол хуучин орон сууцных 14.9 хувьтай байна. Харин байршлын хувьд бүх дүүрэгт орон сууцны үнэ өсөөд байгаа бөгөөд Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны үнэ хамгийн өндөр буюу метр квадрат нь 3.76 сая төгрөг, Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд буюу 2.48 сая төгрөгийн ханштай байна.

Түр журам

Уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулагдах хүртэл Төрийн өмчийн компаниудын олборлож буй нүүрсийг биржээр арилжаалж байх Түр журам баталж байгааг УУХҮ-ийн сайд мэдээллээ. Түр журамд биржийн арилжааны шимтгэлийн хувь 0.1 хувь байхаар заажээ. “Эрдэнэс Монгол” компанийн өмнөх тооцооллоор арилжааны шимтгэлийг 0.05 хувиар авахад татварын дараах цэвэр ашиг 14.7 тэрбум төгрөг байх тооцоо гарч байсан аж. Онцгой дэглэм тогтоогоод буй “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК болон хүсэлт гаргасан бусад уул уурхайн компаниудын экспортод гаргах нүүрсийг Монголын Хөрөнгийн биржийн цахим системээр дамжуулан арилжаалах нөхцөл бүрдүүлэхийг Засгийн газарт даалгахаар болсон юм.

Метан хийн хайгуулын ахиц

Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр Тавантолгойн XXXV талбайд метан хийн хайгуул хийж байгаа “Jade Gas Holdings” компани хоёр дахь туршилтын цооногоо өрөмдөж дууссанаа мэдээллээ. Сүүлийн байдлаар тус компани “Red Lake-5” цооногийг газрын гүнд 687 метр хүртэл өрөмдөж, 36 метр зузаан хийтэй нүүрс илрүүлжээ. Үүнээс гадна “Баруун наран” нүүрсний уурхайд шинэ цооног 592 метр хүртэл өрөмдөж, 26 метр зузаан хийтэй нүүрс илрүүлсэн байна. “Jade Gas Holdings” энэ онд нийт 14 цооног өрөмдөөд байгаа бөгөөд өрөмдлөгийн үр дүн хүлээлтээс давсан, сайн үзүүлэлттэй байгааг мэдээлэв.

Та цэнхэр, ягаан тасалбартай юу?

1990-ээд оны өмч хувьчлалын үед улсын 475 үйлдвэрийн газрыг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлснээр 8.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 96.1 сая ширхэг хувьцааг иргэдэд эрхийн бичгээр эзэмшүүлсэн байдаг. Тэгвэл эдгээр хувьцааны үнэлгээ өнөөдөр 10 тэрбум төгрөг даваад байгааг МХБ-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай онцлов. Өмч хувьчлалаас эхтэй цэнхэр, ягаан тасалбараар сольж авсан хувьцааны олгогдоогүй ногдол ашиг, идэвхгүй хувьцаа нь үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хадгалагддаг. Цаашид эдгээр хувьцааны эздийг нь олж хуваарилах талаар идэвхтэй ажиллаж, үлдсэнийг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатайг салбарынхан хэлж байна.

Шинэхэн тэргүүн баян

Хөрөнгийн хэмжээ нь нэгэн үе 340 тэрбум ам.доллар хүрч байсан Илон Маск дэлхийн хамгийн чинээлэг эрхэм гэсэн байр сууриа Францын тэрбумтан Бернар Арнод алджээ. "Bloomberg Billionaires Index"-ийг харвал Илон Маскийн хөрөнгө өнгөрсөн нэгдүгээр сараас хойш 100 гаруй тэрбум ам.доллароор буурч, 163.6 тэрбум ам.доллар болсон байна. Энэ нь үндэстэн дамнасан “LVMH” корпорацын 48 хувийг эзэмшдэг Бернар Арногийн 170.8 тэрбум ам.долларын хөрөнгийн дараа орох үзүүлэлт болжээ. Илон Маск “Twitter”-ийн худалдан авалтыг санхүүжүүлэхийн тулд дөрөвдүгээр сард 8.5 тэрбум ам.доллартой тэнцэх, наймдугаар сард 6.9 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний “Tesla”-ийн хувьцаагаа зарсан нь үүнд голчлон нөлөөлжээ. Шинээр тодорсон хамгийн чинээлэг эрхэм Бернар Арногийн хувьд Илон Маскийг бодвол хэл аманд өртөх нь харьцангуй бага нэгэн. Түүний бизнес нь тансаг загварын “Christian Dior”, “Fendi”, үнэт эдлэлийн “Bulgari” болон “Tiffany & Co”, оргилуун дарсны “Moet & Chandon” зэрэг брэндүүдийг багтаадаг юм.

АХБ төсөөллөө бууруулав

Азийн Хөгжлийн банк Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн энэ оны болон ирэх оны өсөлтийн төсөөллөө бууруулан тогтоолоо. 2023 онд бүс нутгийн эдийн засаг 4.2 хувиар тэлнэ гэж тооцоолж байгаа нь өмнөх төсөөллүүдээс 0.7 хүртэлх нэгж хувиар буурсан дүн болж байна. Ялангуяа Азид дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр тэргүүлдэг БНХАУ-ын эдийн засгийн 2022 оны өсөлтийн төлөвийг 3.3 хувь байсныг гурван хувь болгон бууруулж тогтоожээ. Нөгөө талаас аялал жуулчлал эргэн сэргэж, зарцуулалт нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ онд Зүүн Өмнөд Азийн орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүн 5.5 хувиар өснө гэж тооцоолж байгааг тайландаа дурдсан байна.

Rio литийн эрэлд...

“Rio Tinto” компани цэнэг хураагуурын гол түүхий эд литийн үнэ урт хугацаанд өндөр түвшинд хадгалагдана гэж тооцоолсны зэрэгцээ литийн шинэ төсөл идэвхтэй хайж байгаагаа мэдээллээ. Тус компани энэ онд Серби улсад хэрэгжүүлэхээр төлөвлөөд байсан 2.4 тэрбум ам.долларын өртөгтэй литийн уурхайн "Jadar" төслөө хойшлуулаад байгаа юм. Учир нь Сербийн Засгийн газраас энэ асуудлаар олон нийтийн хэлэлцүүлэг явуулах шаардлагатай хэмээн үзэж, тус компанид олгосон тусгай зөвшөөрлийг цуцалсан аж. Энэ төсөл хэрэгжвэл “Jadar” нь Европын хамгийн том литийн уурхай болох бөгөөд жил бүр нэг сая цахилгаан автомашинд ашиглагдах 58 мянган тонн литийн карбонат олборлож, тивийн литийн одоогийн хэрэгцээний 90 хувийг нийлүүлэх юм. 

Тамхигүй улс

Шинэ Зеланд улс тамхины хэрэглээг бүрэн устгах зорилгоор тодорхой насны иргэдийн тамхи худалдан авах эрхийг бүх насаар нь хязгаарлах өвөрмөц заалт бүхий хуулийг баталжээ. Хуульд зааснаар 2009 оны 1-р сарын 1-нээс хойш төрсөн иргэд насан туршдаа тамхи худалдан авах боломжгүй болох аж. Өөрөөр хэлбэл цаашид тамхи худалдахыг зөвшөөрсөн доод нас жил ирэх тусам өндөрссөөр байх юм. Одоогоос 50 жилийн дараа тамхи худалдан авахыг хүссэн иргэн өөрийн бичиг баримтыг шалгуулж, 63-аас дээш настай гэдгээ батлах хэрэгтэй болно гэсэн үг. Гэхдээ энэхүү хууль нь электрон тамхинд үйлчлэхгүй юм байна. 

BloombergTV.mn танд санал болгож байна

Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөөр халдашгүй бүрэн эрхээр халхавчилж хариуцлагаас мултрах боломжгүй болно

БНЭУ цэвэр эрчим хүчний дамжуулах шугам байгуулах $30 тэрбумын төлөвлөгөөгөө танилцуулав

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.