Гурван өгүүлбэрээр:
Төрөлжилтөөр сүүл мушгив
Монгол Улс эдийн засгийн цогц байдлын индексээр бусад ижил төстэй улс орнуудаас хамгийн доогуур буюу судалгаанд хамрагдсан 133 улсаас 113 дугаарт бичигдэж байгааг Дэлхийн банк мэдээллээ. Ноу-хаугийн бөөгнөрөл багатай, байгалийн баялгийн салбарт төвлөрсөн, ихэвчлэн цогц шинж чанар багатай бүтээгдэхүүнээс экспортын сагс нь бүрдсэн байгаа нь шинэ салбарт шилжихийн тулд урт үсрэлт хийх шаардлагатай, ирээдүйд төрөлжүүлэх үйл явцад харьцангуй их бэрхшээлтэй учрахаар байна гэдгийг онцолжээ. Судалгаагаар ажил олгогчдын гуравны нэгээс илүү хувь буюу 35 хувь нь Монгол Улсын улс төрийн тогтворгүй байдал нь бизнес эрхлэхэд хамгийн том саад учруулдаг гэж үзсэн байна. Харин 17.2 хувь нь албан татварын хувь хэмжээг, 15.9 хувь нь санхүүгийн хүртээмжийг, есөн хувь нь авлигыг, таван хувь нь хангалттай боловсрол эзэмшээгүй ажиллах хүчин бизнес эрхлэхэд хүндрэл бэрхшээл учруулдаг гэж хариулжээ.
Том нэрс
АТГ нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бус байдлаар холбогдон шалгагдаж байгаа 17 хүний нэрсийг зарлалаа. Үүнд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, ЕТГ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг зэрэг нэрсийг одоогоор танилцуулаад байна. Мөн АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг нүүрсний олборлолт, тээвэрлэлт, борлуулалттай холбоотой нийт 22 хэргийг мөрдөн шалгаж байгааг мэдээлсэн. Цаашид ийм асуудал үүсэхээс сэргийлж, түүхий эдийн арилжааг ил болгож, нүүрсний цахим арилжааг эхлүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд нүүрсний цахим бирж байгуулах түр журмыг Засгийн газар хэлэлцэхээр болсныг Уул уурхай, Хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал өгүүлсэн юм.
Байр суурь
"2011 оноос хойш Гашуунсухайт, Ганцмод боомтын хоорондох Цагаанхад ачиж буулгах терминалд нүүрсний овоорол үүсээд байсан. Нүүрс олборлох хурд хилээр нэвтрүүлэх хурднаасаа илүү байсан учраас тийм дундын бүс үүссэн. Үүнийг дагаад тэнд маш том далд эдийн засаг бий болжээ. Хилийн цаана тээврийн үнэ хөлс хэд байх нь их тодорхой. Гэтэл татвар төлдөг гэрээн дээрх дүн нь бодит байдлаас хэд дахин бага. Ингээд тооцвол зөвхөн тээврийн хөлсний $1-1.5 тэрбумын төлбөрийн урсгал хилийн цаана явсан. Нүүрсний хулгайн нэг хэсэг нь л энэ" хэмээн Сангийн сайд Б.Жавхлан "Bloomberg TV Mongolia"-д ярилцлага өгөхдөө онцлов.
MMC дефолт руу шилжив
“S&P Global Ratings” Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation” компанийн зээлжих зэрэглэлийг “CC” байснаас “SD” буюу “Хэсэгчилсэн дефолт” ангилалд оруулж буурууллаа. Мөн 2024 онд хугацаа нь дуусах ам.долларын бондын зэрэглэлийг нь “D” буюу “Дефолт” ангилал руу шилжүүлсэн байна. XI сард MMC компани бонд эзэмшигчдэдээ 9.25 хувийн хүүтэй 440 сая ам.долларын өрөө 100 сая ам.доллароор буцаан худалдан авах санал тавьсан ч бүх хөрөнгө оруулагч үүнийг хүлээж аваагүй тул амжилтгүй болжээ. Тодруулбал компани 1000 ам.доллароор үнэлж байсан өрийн бичгээ 630 ам.доллароор буюу 42.6 сая ам.доллароор буцаан худалдаж авсан нь нийт өрийнх нь 9.68 хувьтай тэнцсэн аж. Тиймээс “S&P Global Ratings” дээрх алхмыг дефолт зарласантай адилтган үзсэн байна.
Гадаад худалдаа X сард
Гадаад худалдааны нөхцөлийн индекс аравдугаар сард 152.8 нэгж болж, өмнөх сараас 2.5 хувиар өссөн бол өмнөх оны мөн үеэс 30.8 хувиар буурсныг ҮСХ мэдээллээ. Гадаад худалдааны нөхцөлийн индекс өмнөх сараас өссөн ч экспорт болон импортын барааны үнийн индекс аль аль нь бага зэргийн бууралттай байна. Тухайлбал: аравдугаар сард Монгол Улсын экспортын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг чулуун нүүрс, зэсийн баяжмалын үнэ буурснаар экспортын үнийн индекс 1.1 хувиар буурчээ. Мөн импортын үнийн индекс өмнөх сараас 3.6 хувиар буурахад нефть, цементийн үнэ 1.3 хувиар, суудлын автомашины үнэ 8.3 хувиар буурсан нь нөлөөлжээ.
Хамгийн өндөр цалинтай салбар
Энэ оны III улирлын байдлаар ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2015 онтой харьцуулахад 94.7 хувиар нэмэгдсэн боловч худалдан авах чадварыг илэрхийлдэг бодит цалин 25.2 хувиар нэмэгдсэнийг ҮСХ мэдээллээ. III улирлын эцсийн байдлаар дундаж цалин 1.57 сая төгрөг болж, өмнөх улирлаас 1.8 хувиар өсжээ. Задлаад харвал олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдынх 4.5 сая төгрөг буюу хамгийн өндөр, урлаг үзвэр, тоглоомын үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу нэг сая төгрөг байна.
АХБ-ны зээл
Азийн Хөгжлийн Банкнаас Монгол Улсын хүнсний хангамж, ажлын байрыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх 18 сая ам.долларын зээлийн гэрээг "Таван богд" групптэй байгууллаа. Тус зээлийн хүрээнд Улаанбаатар гурил ХХК-д 8 сая ам.доллар, "Таван богд фүүдс" ХХК-д 6 сая ам.доллар, "Таван богд фүүдс пизза" ХХК-д 4 сая ам.долларын санхүүжилтийг тус тус олгосон байна. Санхүүжилт нь "Улаанбаатар гурил ХХК"-ийн дотоодын 6,000 тариаланчдаас худалдан авах 60,000 тонн улаан буудайн татан авалтын эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэхийг онцолжээ. Зээлийн хүрээнд 1,503 ажилчдын амьжиргааг дэмжиж, 358 ажлын байр шинээр бий болно гэж тооцоолсон байна.
Бахамд баригдсан нь...
Саяхан дампуурлаа зарласан виртуал хөрөнгийн “FTX” биржийн хамтран үүсгэн байгуулагч Сэм Бэнкман-Фрид даваа гарагт Бахамын аралд баривчлагджээ. Одоогоор Бэнкман-Фридийг АНУ-д шилжүүлэн өгөх үйл явц шийдэгдэх хүртэл цагдан хорьж байгааг Бахамын арлуудын Ерөнхий прокурор Райан Пайндер мэдэгдсэн байна. Тэрбээр АНУ-аас гадна “FTX”-ийн төв байр оршдог Бахамын арлуудад хууль зөрчсөн байж болох хэд хэдэн үндэслэлээр шалгагдаж байсан аж. Ялангуяа Сэм Бэнкман-Фрид биржийн үйлчлүүлэгчдийн хөрөнгийг өөрийн байгуулсан арилжааны компани болох “Alameda Research”-д зээлдүүлсэн байж болзошгүй гэсэн дүгнэлт нь тэдгээрээс хамгийн чухалд тооцогдохоор байна.
Мэргэжлийнхэн vs. "Жижгүүд"
12 дугаар сарын 14-нд АНУ-ын Холбооны Нөөцийн банкны мөнгөний бодлогын шийдвэр гарах хүртэл ямар стратеги баримтлах талаар жижиг хөрөнгө оруулагчид болон мэргэжлийн хөрөнгө оруулагчдын байр суурь эсрэгцэж байна. “Bloomberg”-ээс явуулсан “MLIV Pulse” судалгаанд жижиг хөрөнгө оруулагчдын 37 хувь нь бодлогын хүүгийн шийдвэрээс өмнө АНУ-ын компаниудын хувьцааг эзэмших нь шилдэг арилжаа гэж үзсэн бол мэргэжлийн хөрөнгө оруулагчдын 40 хувь нь богино хугацааны хөрөнгө оруулалт хамгийн зөв алхам болно гэж үзжээ. “Mapsignals” компанийн хөрөнгө оруулалтын стратегич Алек Янг энэ талд жижиг хөрөнгө оруулагчдын зөв байх магадлалтай гэж үзсэн бөгөөд “Баавгай зах зээлийн төгсгөлд болгоомжлол ихээр нэмэгддэг. Хэдий тийм боловч ерөнхийд нь авч үзвэл инфляц оргилдоо хүрсний дараах 12 сард зах зээлийн өсөлт сайн байдаг” гэжээ.
Эрсдэл хаана ч дагана
АНУ-ын эдийн засаг сүүлийн 40 гаруй жилд тохиолдоогүй инфляцын цочролд орох үед хөрөнгө оруулагчид Уолл Стритийн “хоргодох байр” гэгддэг инфляцаас хамгаалагдсан бонд буюу хэрэглээний үнэ нэмэгдсэн хэмжээгээр нэмэлт төлбөр олгодог бондууд руу хошуурцгаасан юм. Гэвч бондын зах зээлийн бодит тоо баримтууд энэхүү эрсдэлгүй байдлыг үгүй хийжээ. Хэдийгээр АНУ-ын Төв банк мөнгөний бодлогоо сулруулах дохио өгсөнтэй холбоотойгоор бондууд сүүлийн хоёр сард өсөлттэй байгаа ч инфляцаас хамгаалагдсан Засгийн газрын бондын урсгал энэ онд 11 хувиар буурсан байна. Энэ нь 1990-ээд онд тэдгээр бондуудын арилжааг эхэлснээс хойших хамгийн тааруу үзүүлэлт болсон байна. Инфляцаас хамгаалагдсан бонд нь арилжаанд гарахад хүүгийн түвшин нь тогтмол байдаг гэдгээрээ Засгийн газрын бусад бондуудтай адилхан. Харин гол ялгаа нь бондын нэрлэсэн үнэ буюу хугацаа нь дуусахад бонд эзэмшигчийн авах төлбөр нь хэрэглээний үнийн индексийг даган нэмэгддэгт оршдог байна.
Rivian хэцүүдсээр...
"Rivian" компани "Mercedes-Benz"-тэй хамтран Европт цахилгаан хөдөлгүүр бүхий бүхээгт автомашин үйлдвэрлэх төлөвлөгөөгөө цуцалжээ. Өнгөрсөн IX сард байгуулсан үйлдвэрлэлийн болон технологийн зардлыг хуваан гаргах харилцан ойлголцлын санамж бичгийг биелүүлэх боломжгүй болсноо "Rivian" даваа гарагт мэдэгдсэн байна. Шинэ зах зээлд нэвтрэх боломжтой хэлцлээс татгалзсан явдал нь тус компанид цахилгаан автомашин үйлдвэрлэлийн тэргүүлэгчийн байр суурийн төлөө “Tesla”-тай өрсөлдөх амбиц байхгүй байгааг илтгэж байна. Өнгөрсөн онд АНУ-ын хөрөнгийн биржид хамгийн том IPO-нуудын нэгийг хийгээд байсан тус компани энэ онд нийлүүлэлтийн сүлжээний тасалдлын улмаас үйлдвэрлэлийн хүчин чадлынхаа тал хувийг л ашиглажээ.
BloombergTV.mn танд санал болгож байна
Жанет Иеллен: 2023 оны эцэст инфляц харьцангуй доогуур түвшинд очсон байна
"Saudi Aramco" $110 тэрбумын байгалийн хийн төсөл эхлүүлнэ
Эрэлт нэмэгдэх хүлээлт үүссэнээр газрын тосны үнэ баррель нь 71 ам.долларт хэлбэлзэж байна
Онцлох чарт
АНУ-ын инфляцын дүн мэдээлэл тус улсад үнийн дарамт нэгэнт оргилдоо хүрснийг батлан харуулснаар хөрөнгийн зах зээл "ногоорч", Холбооны нөөцийн банк ирэх оны эхээр бодлогын хүүгээ өсгөхөө зогсооно гэсэн хүлээлт үүслээ. Хүнс, эрчим хүчний үнийг хасаж тооцсон суурь инфляц XI сард ердөө 0.2 хувиар өссөн нь сарын дүнгээр 2021 оны VII сараас хойших хамгийн бага үзүүлэлт аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.