СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-12-14

Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэдийн гэрийг цахилгаанаар хангажээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 8-ны шөнөөс эхлэн 15 орчим иргэн суулт хийж байна. Хүний Эрхийн Үндэсний комиссоос энэ сарын 11-ний өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт зөвлөмж хүргүүлжээ.

Зөвлөмжийн хэрэгжилтийн хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан, Комиссын гишүүн Б.Энхболд, Г.Нарантуяа, Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов нар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г.Содбаяр, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын ЭТХ-ийн дарга Э.Есү болон бусад холбогдох албан тушаалтан /2022.12.12/ уулзаж, мэдээлэл солилцов.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г.Содбаяр "ХЭҮК-оос өгсөн зөвлөмжийн мөрөөр суулт хийж буй иргэдийг эмнэлгийн үзлэг оношилгоонд хамруулах, дулаацах орчин бүрдүүлэх зорилгоор гурван автобус гарган ажиллаж байна. Мөн нийтийн ариун цэврийн байгууламжийг 24 цагаар ажиллуулахаар шийдвэрлэсэн, суулт зохион байгуулж буй иргэдэд Д.Сүхбаатарын талбайн урд хэсэг дэх автомашины зогсоолд хоёроос илүүгүй гэр барих зөвшөөрөл олгосон. Гэрийг цахилгааны эх үүсвэрээр хангах асуудлыг бүрэн шийдвэрлэсэн" гэлээ.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд "Жагсаал, цуглаан эхэлснээс хойш цагдаагийн алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Нийтийн хэв журам алдагдахаас сэргийлж цагдаагийн алба хаагчид ногоон, шар, улаан түвшинд ажилладаг.

Энэ сарын 5-ны өдөр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Цагдаагийн байгууллагад жагсаал, цуглааны үеэр цагдаагийн алба хаагчид иргэдийн биед халдсан, хүч хэрэглэсэн гэдэг гомдол, мэдээлэл ирээгүй байна. Харин  жагсаал, цуглааны үеэр цагдаагийн алба хаагчид гэмтэж, бэртсэн тохиолдол гарсан" гэв.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд "Жагсаал, цуглаанд оролцож байгаа иргэдийг нийтийн ариун цэврийн байгууламжаар хангах асуудалд “CU” сүлжээ дэлгүүрийн толгой компанийн удирдлагатай уулзаж санал тавьснаар асуудал шийдэгдсэн. Мөн бага насны хүүхэдтэйгээ хамт жагссан эцэг, эхчүүдтэй уулзаж, хүүхдийн эрх болон эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр зөвлөгөө өгч ажиллаж байна" гэв.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын ЭТХ-ийн дарга Э.Есү жагсаал, цуглааны эхний өдрөөс шуурхай штаб байгуулан 24 цагаар ажиллаж байна. Суулт хийж байгаа иргэдийн эрүүл мэндэд учирч болох эрсдэлд дүн шинжилгээ хийж, үзлэг, оношилгоог хийж байна гэдэг байр суурийг илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд, жагсаал цуглаан зохион байгуулах үеэр хүний эрх, эрх чөлөөг хангаж ажиллах ёстойг Комиссын зүгээс онцлон анхааруулав.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.