Иргэн Г.Ган-Очир өчигдөр /2022.12.12/ жүжигчин У.Цогтбаяртай цахимаар ярилцах үедээ ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд холбогдох хэд хэдэн ноцтой зүйлийг дурдсан билээ. Уг асуудлыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан няцааж, дараах тайлбарыг өглөө.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Иргэн Г.Ган-Очир өчигдөр У.Цогтбаяртай хамт хийсэн фэйсбүүкийн лайваар бодит бус гүтгэлгийн шинжтэй мэдээллийг олон нийтэд түгээн тараалаа. Ганц энэ удаа ч биш өмнө нь олон удаа энэ мэдээллийг хэлж байсан.
Нэгдүгээрт, миний бие Г.Ган-Очир гэдэг залуутай амьдралдаа нэг ч удаа уулзаж, утсаар ярьж үзээгүй. МАН-д Г.Ган-Очир гэдэг гишүүн ч байхгүй. МАН-д ажилласан, нийгмийн даатгал төлсөн түүх байхгүй. Ийн бодит мэдээллийг ил болгох нь зүйн хэрэг. Нөгөө талаас, Д.Амарбаясгалан н.Лхагваа гэх туслахтай гэж мэдээлсэн. Гэвч би н.Лхагваа гэдэг туслахтай байж үзээгүй.
Хоёрдугаарт, 2021 онд Монгол улсын татварын системээс НӨАТ-ын буцаан олголтоор нийт 177 тэрбум төгрөгийг буцаан олгосон байдаг. Гэтэл Г.Ган-Очир гэх залуу мэдээлэхдээ Д.Амарбаясгалангийн туслах н.Лхагваагийн данс руу 175 тэрбум төгрөг орсон гэж хэлсэн. Бодит байдал, амьдралд нийцэхгүй худал мэдээллийг хийж байгаа нь зориудаар олон нийтийн уур бухимдлыг төрүүлэх, улс орны үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх, үймээн самуунд турхирч байж болзошгүй байна гэж дүгнэхээс өөр аргагүйд хүрлээ.
Хаан банкны жилийн нийт эргэлт 11-12 их наяд төгрөгөөр хэмжигддэг. Монгол улсын ДНБ 42 орчим их наяд төгрөгт эргэлддэг. Тэгэхээр бодит амьдрал дээр нэг хүний дансанд 9.9 их наяд орох боломжгүйг ойлгох ухаан ард түмэнд бий хэмээв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.