Гурван өгүүлбэрээр:
Хөдөлмөрийн зах зээлийн сорилт
Монгол Улс эдийн засаг, экспортын гол гарц болох уул уурхайн салбарт хэт төвлөрөх болсон нь бусад салбарын ажиллах хүчний зах зээлд сөргөөр нөлөөлж буйг Дэлхийн Банк судалгаандаа онцолжээ. Мөн макро эдийн засаг тогтвортой бус байдаг нь хөдөлмөрийн зах зээлийн хүртээмжид голлон нөлөөлж байна. Энэ оны II улиралд Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 18 хувиар өссөн бөгөөд эдгээр гадаад иргэдийн гуравны хоёр нь уул уурхайн салбарт ажиллаж байгаа аж. Тиймээс уул уурхайн Төрийн өмчит томоохон компаниудыг хувийн хэвшилд хамтран эзэмшиж, ажлын байр шинээр бий болгох боломжтой гэж Харвардын их сургуулийн профессор Даваа гарагт болсон хэлэлцүүлгийн үеэр дурдсан юм.
Бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?
Ижил төстэй эдийн засагтай орнуудтай харьцуулахад Монгол Улсад хөдөлмөрийн бүтээмж харьцангуй доогуур үзүүлэлттэй байгааг Дэлхийн банкны тайланд мөн анхааруулсан байна. Эрдэс баялгийн салбар давамгайлснаас гадна ажиллах хүчний ур чадвар хангалттай сайн биш байгаа нь хөдөлмөрийн зах зээлд нөлөөлж байгаа аж. Одоогоор Монгол Улсад үйлчилгээ болон мэдээлэл технологийн салбарт ажиллах хүчин хамгийн их шаардлагатай байгааг Дэлхийн банкны Эдийн засагч Ян Хуан онцолж байв. "Мэдээлэл технологийн салбар нь худалдаа болон үйлчилгээг хүртээмжтэй байлгах тод жишээнүүдийн нэг болох боломжтой. Мөн зөвхөн дотооддоо бус олон улсад үйлчилгээ үзүүлж, тэлэх боломжтой салбаруудын нэг" хэмээн тэрбээр өгүүлсэн.
Байр суурь
"Манай макро эдийн засаг төрөөс хамааралтай байна. Тэгэхээр экспорт хийж чаддаг, хүнийг ажилд авдаг газар нь төр өөрөө, эсвэл төрийн мэдлийн аж ахуйн компаниуд болоод байна. "Эрдэнэт" гэх мэт уул уурхайн том том компаниуд төрийн мэдлийнх. Тийм байх тусам эрдэм чадалтай залуус тэдгээр компаниудад орох, хөгжих боломж багасаж байгаа" хэмээн МУИС-ийн эдийн засгийн тэнхимийн профессор Б.Отгонтөгс өгүүлсэн юм.
ЭТТ-н эргэн тойронд
Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагаанд олон улсын аудит оруулж, 3D газрын зургаар нарийвчилсан тооцоолол хийж шалгахаар болсон байна. Тус компани 12 жилийн хугацаанд 12.8 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсныг Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн. Түүнчлэн ЭТТ-н нүүрс худалдахтай холбоотой болон тус компанийн худалдан авалтын бүх гэрээг олон нийтэд ил тод болгож, албан ёсны сайтад байршуулна гэж онцлов. Нүүрсний хулгайн асуудлаарх мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд ойролцоогоор сая орчим тонн нүүрс бүртгэлгүй гарсан байж болзошгүй гэсэн дүгнэлтийг сэргээн шалгахаар болсныг тэрбээр мөн өгүүлсэн байна.
"Топ 20"-ийн өсөлт
Даваа гарагт "Топ 20" индекс 3.13 хувиар өсөж 36913 нэгжид хүрсэн нь сүүлийн долоон сар гаруй хугацаан дахь дээд үзүүлэлт боллоо. Ингэснээр зах зээлийн үнэлгээ нь 6.6 их наяд төгрөг давж байна. 2.3 сая ширхэг үнэт цаас 1.9 тэрбум төгрөгөөр эргэлтэд орсон бөгөөд "Ард санхүүгийн нэгдэл"-ийн нэгж хувьцааны ханш 14.8 хувь, "Ард Кредит" ББСБ-ийнх 13.6 хувиар, АПУ ХК-ийнх 2.3 хувиар, "Түмэн Шувуут" ХК-ийн хувьцааны ханш 4.09 хувиар өсөж хаасан нь дээд үзүүлэлт гарахад голчлон нөлөөлсөн байна.
Тааруухан эхлэл
Өчигдрийн арилжаагаар "Голомт банк" ХК-ийн 733.3 мянган ширхэг хувьцаа 888.3 сая төгрөгөөр зарагджээ. Арилжааны хоёр өдөрт нийт 2 сая ширхэг орчим хувьцаа нь 2.4 орчим тэрбум төгрөгөөр эргэлтэд орсон нь арилжааны хувьд идэвхтэйд тооцогдож байна. Хэдий тийм боловч нэгж хувьцааны ханш нь 10.88 хувиар унаж, 1163 төгрөг болсон байна. "Голомт банк" ХК-ийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа баасан гарагт эхэлсэн билээ.
"Kincora"-ийн төлөвлөгөө
Монголд “Хүрэл үнэг” зэс, алтны төсөл хэрэгжүүлдэг “Kincora Copper” компани 2.4 сая австрали доллар татан төвлөрүүлэхээр болсон байна. Энэ хөрөнгөөр Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужид хэрэгжүүлж буй төслийнхөө хайгуулын ажлыг санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Торонто болон Австралийн Хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй тус компани 12 дугаар сарын 15-нд Австралийн Хөрөнгийн биржид 0.055 австрали доллароор 43.6 сая ширхэг энгийн хувьцаа байршуулах бөгөөд нийт хоёр транчаар арилжаалах төлөвтэй байна. Үүнтэй холбоотойгоор “Kincora Copper” 12 дугаар сарын найманд хувьцааны арилжаагаа зогсоогоод байгаа юм. Одоогоор тус компани Монгол болон Австрали дахь төслүүдийн хайгуулын ажилд төвлөрч, нөөцийн хэмжээг тогтооход анхаарч байгаа аж.
"Инвескор"-ын бонд
"Инвескор бонд 2.0"-ын анхдагч зах зээлийн арилжааны захиалга өнөөдрөөс эхэлж байгааг МХБ мэдээллээ. Үнэт цаасны танилцуулгад тусгасны дагуу энэхүү өрийн хэрэгслийг 5 хэсэгчлэн гаргаж нийт 50 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Нэгдүгээр транчийн нэг бүр нь 100 мянган төгрөгийн үнэ бүхий 12 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, 100 мянган ширхэг бондыг зах зээлд санал болгож 10 тэрбум төгрөг босгохоор байна. Компани 2020 оноос хойш дөрвөн удаагийн өрийн хэрэгсэл гаргаж, 42.2 тэрбум төгрөгийг татаад байна. Үүнээс гадна "Топ 20"-ийн сагсад багтдаг компаниудын өрийн хэрэгслийг гаргах зөвшөөрлийг ажлын 10 өдөрт шийдвэрлэх зохицуулалт шинэ бүтээгдэхүүн гарахад эерэг нөлөөтэй байгааг СЗХ онцолж байсан юм.
Дижитал бүс нутаг
Ази-Номхон далайн бүсэд дижитал ур чадвар, мэргэжлийн эрэлт огцом нэмэгдэхэд цар тахал гол хөдөлгөгч хүч нь болжээ. Азийн Хөгжлийн банк “LinkedIn” компанитай хамтарч БНЭУ, Индонез, Малайз, Филиппиний хөдөлмөрийн зах зээлд судалгаа хийхэд сүүлийн таван жилийн хугацаанд дижитал ур чадварын эрэлт огцом өссөн үр дүн харагджээ. Ялангуяа 2017-2020 онд “LinkedIn” платформ дээр дижитал ур чадвартай горилогсдын ажилд орсон түвшин Ази-Номхон далайн бүсэд жилд дунджаар 9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөн өнгөрсөн онд ажил олгогчид ажлын 10 байрны наймд нь наад захын дижитал мэдлэгийг ажилд тэнцүүлэх гол шалгуур болгон оруулжээ.
Омикрон=Энгийн ханиад
БНХАУ-д цар тахлын хязгаарлалтууд суларч, албаныхан ч COVID-19-ийн эрсдэлийг өмнөх шигээ ноцтойгоор үнэлэх нь багассаныг тус улсын эрүүл мэндийн салбарын нөлөө бүхий мэргэжилтэн “Omicron” хувилбарын нас баралтын түвшин улирлын томуунаас төдийлөн ялгаагүй хэмээн мэдэгдсэнээс харж болохоор байна. “Omicron” хувилбарын нас баралтын түвшин 0.1 хувь байгаа нь энгийн ханиадтай ойролцоогоос гадна уушгийг бараг үрэвсүүлэхгүй байгааг БНХАУ-ын Халдварт өвчин судлалын тэргүүлэх доктор Жон Наньшань өгүүлжээ. Мөн энэ хувилбараар өвчилсөн хүмүүсийн дийлэнх нь 7-10 хоногийн дотор бүрэн эдгэрч байгааг онцолсон байна. Бямба гарагт тус улсын хэмжээнд коронавирусийн халдварын 10 мянга 514 тохиолдол бүртгэгдсэн нь баасан гарагийнхаас 20 хувиар буурсан үзүүлэлт болжээ.
Хөрөнгө оруулагчдын хүлээлт
Инфляц оргил цэгтээ нэгэнт хүрсэн, мөн Холбооны Нөөцийн банк удалгүй мөнгөний чанга бодлогоо сулруулна гэсэн хүлээлт бий болоод буй энэ үед “Bloomberg News”-ийн судалгаанд хамрагдсан хөрөнгө оруулагчдын 71 хувь нь үнэт цаасны ханш өснө хэмээн хариулжээ. Тодруулбал “BlackRock”, “Goldman Sachs”, “Amundi” зэрэг томоохон хөрөнгө оруулагчдын байр суурийг төлөөлөх 134 сангийн менежерийн дунд явуулсан судалгаанаас үзвэл 2023 онд хувьцаануудын ханш дунджаар 10 хувиар өсөх төлөвтэй байгаа аж. Мөн тэдний талаас илүү хувь нь ирэх онд технологийн компанийн хувьцаа худалдаж авна хэмээн хариулсан байна. Хэдийгээр сүүлийн үед ханш өсөлттэй байгаа ч компаниудын зах зээлийн үнэлгээ харьцангуй бага байгаа нь, мөн ирэх онд бондуудын өгөөж буурах төлөвтэй нь тэдний энэ шийдвэрт нөлөөлсөн байна.
"Эцэг эхийн буян"
Эцэг эхтэйгээ хамт амьдардаг залуусын тоо дээд цэгтээ хүрч өссөн нь АНУ, Их Британид тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэхэд нөлөөлж байгаа гэсэн сонирхолтой дүгнэлт "Morgan Stanley"-ийн судалгаагаар гарчээ. АНУ-ын хүн амын тооллогын хамгийн сүүлийн дүн мэдээллээр 18-29 насны иргэдийн тэн хагас нь эцэг эхтэйгээ амьдардаг гэсэн тооцоо гарсан нь 1940 оноос хойших дээд үзүүлэлт болсон байна. Энэхүү хандлага нь наад захын бус хэрэгцээний зарцуулалтыг нэмэгдүүлж, цаашлаад гар цүнх, бугуйн цаг, үнэт эдлэлийн борлуулалт өсөхөд тодорхой хэмжээнд нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл эцэг эхтэйгээ амьдардаг залуус түрээс, хүнс зэрэгт зардал гаргах шаардлагагүй болсноор үлдсэн орлогоо "чухал бус" хэрэглээнд зарцуулах нь элбэг байдаг аж.
BloombergTV.mn танд санал болгож байна
Улсын хэмжээнд дизель түлшний 10 гаруй хоногийн нөөцтэй байна
АНУ-ын инфляцын дүн мэдээллийн хүлээлт алтны үнэ өсөхөд нөлөөлөв
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.