СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-12-13

🔴LIVE: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн есөн хүнийг АТГ шалгаж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

УИХ-аас байгуулагдсаны нүүрсний хэргийг судлах Түр хорооны хуралдаан болж байна. Тус түр хорооны хуралдаанд “Эрдэнэс Тавантолгой” компанийн Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон Ж.Ганбат мэдээлэл өглөө.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат:

- "Эрдэнэс Тавантолгой" ХК 2010 онд үүсгэн байгуулагдсан. Үйл ажиллагаа явуулж эхэлсэнээс хойш нийт 86.0 сая тонн нүүрс борлуулж, 4.9 тэрбум ам.доллар буюу 12.8 их наяд төгрөгийн борлуултын орлого олсон. Мөн үүсгэн байгуулагдсанаас хойш улсын төсөв болон орон нутгийн төсөвт 3.1 их наядын татварыг төвлөрүүлсэн.

Засгийн газрын 2022.10.05-ны өдрийн тогтоолын дагуу надад 500 сая ам.долларыг оруулж ирэх үүрэг өгсөн. Энэ үүргийн дагуу өнөөдрийн байдлаар 420 сая ам.долларын үнэ бүхий 4.8 сая тонн нүүрсийг борлуулаад байна. Үүнээс 11 сард 205.5 сая ам.долларын мөнгөн дүн бүхий 2.3 сая тонн нүүрс борлуулсанаас 1.5 сая тонн нүүрсийг Гашуунсухайт боомтоор экспортод гаргасан.

420 сая ам.долларын орлогынхоо 143.8 сая ам.долларыг Монголбанканд өгсөн. Одоогоор дансандаа 81.5 сая ам.доллар байна. Үүнийг энэ долоо хоногт Монголбанканд өгнө. Үүнээс гадна урьдчилж олсон орлого гээд 198 сая ам.доллар байгаа. Үүгээр өрөө дарсан. Тодруулбал ЭТТ ХК 2022 оны эхээр нүүрс өгөх нөхцөлтэйгөөр 603 сая ам.доллар олсон. Үүндээ 198 сая ам.долларын нүүрс өгсөн. Одоо 405 сая ам.долларын өрийн үлдэгдэлтэй байна. Энэ өрийг нэн яаралтай барагдуулж, нүүрсээ борлуулаад орлогыг нь 100 хувь Монголд авч ирэх нөхцөлийг бүрдүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Засгийн газраас нүүрсээр төлбөр барагдуулах асуудлыг цэгцлэх үүрэг өгсөн. Уулын ажлын төлбөрийг хөнгөлөлттэй үнээр тооцож, нүүрсээр төлбөрийг нь барагдуулдаг нийт зургаан гэрээ байсан. Үүнтэй холбоотойгоор нүүрсээр төлбөр барагдуулах нөхцөлийг аравдугаар сарын 26-ний өдрөөс зогсоосон. Мөнгөн хэлбэрээр ажлын гүйцэтгэлийг хянах нь зүйтэй гэж үзсэн.

Энэ хүрээнд Баруун, Зүүн цанхийн уурхайн уулын ажлын төлбөрийг нүүрсээр барагдуулах гэрээний хүрээнд 2022 онд нийт 781.4 мянган тонн нүүрс нийлүүлсэн байна. 7-10 хувийн хөнгөлөлттэй үнийн нүүрсээр төлбөр барагдуулсан байгаа юм. Тооцоод үзэхээр 31.1 тэрбум төгрөгийг "Эрдэнэс Тавантолгой" компани олох боломжоо алдсан гэж үзсэн. 

Тавантолгой Гашуунсухайт төмөр замын төсөл дээр “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой төмөр зам”, “Бодь интернэшнл” гэрээ байгуулж,  5-13 хувийн хөнгөлөлттэй үнээр нүүрс нийлүүлсэн байдаг. Ингэснээр Бодь интернэшнлд 174.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдлүүлсэн байдаг. Хэрвээ “Эрдэнэс Тавантолгой” компани Бодь интернэшнлд 5-13 хувийн хөнгөлөлт өгөөгүй бол 537.6 сая ам.долларын нүүрсний борлуулалт хийж, 174.3 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжтой байсан.

Богдхан төмөр замын гэрээг  “Эрдэнэс Тавантолгой”, “Бодь интернэшнл” хооронд байгуулснаар мөн нүүрсээ 13 хувийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлэхээр болсон байдаг. Ингэснээр Бодь интернэшнлд 26.3 сая ам.долларын нүүрс нийлүүлж, 63.5 сая ам.доллар буюу 187.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдлүүлсэн. Хэрвээ “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсээ зарсан бол 187.5 тэрбум төгрөгийг олох боломж байсан. Бодь интернэшнлд давуу эрх олгосон байгаа. Хэрвээ гэрээг зогсоох юм бол 20 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг "Эрдэнэс Тавантоглой" компанид төлнө гэсэн байгаа.

"Эрдэнэс тавантолгой" ХК-д санхүүгийн сахилга баттай холбоотой асуудлууд байна. Жишээлбэл 70 тэрбумын ажил гүйцэтгэхээр гэрээлснээ 20 тэрбумыг урьдчилж өгөхөөр гарын үсэг зурах гэж байсан таван хүнийг шалгуулахаар өгсөн. Мөн тендерт компани шалгарчихаад байхад гэрээ байгуулдаггүй. Яагаад гэрээ байгуулдаггүй нь тодорхой бус. Гэрээ байгуулахгүй байсаар хугацаа дуусдаг, тэгээд өмнөх компаниудын гэрээг тендергүйгээр үргэлжлүүлж хийж ирсэн байдаг. Тийм учраас энэ асуудлыг хариуцаж байсан хүмүүсийг чөлөөлж, шалгуулахаар АТГ-т өгсөн байгаа.

Түүнчлэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн эзэмшлийн талбайд газрын зөвшөөрөл олгосон сумын Засаг даргыг АТГ-д шалгуулахаар хандсан гэлээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.