СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2022-12-13

Эрчүүд яагаад эмэгтэйчүүдээс богино насалдаг вэ?

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

ДЭМБ-ын эрдэмтэн судлаачдын санааг чилээж буй том асуудал энэ. Эрчүүд яагаад эмэгтэйчүүдээс богино насалдаг тухай.

Дэлхийн аль ч улс оронд эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээс бага байдаг. НҮБ-аас 2020 он гаргасан судалгаанд дэлхийн хүн амын дундаж насжилт 73.2 бөгөөд үүнээс эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75.6 байдаг бол эрчүүдийнх 70.8 юм байна. дундаж наслалтын хувьд хүйсийн ялгаа аль ч улс орон байдаг бөгөөд эрчүүд эмэгтэйчүүдээс дунджаар 4 насаар богино насалдаг аж. Түүгээр зогсохгүй эрчүүдийн нас баралт эмэгтэйчүүдээс илүү өндөр байдаг нь бүр илүү анхаарал татаж байгаа юм.

Эрдэмтдийн гаргаж байгаа томъёоллоор бол энэ нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл, эрчүүдийн төрөлхийн биологийн хүчин зүйл болон гадаад хүчин зүйлтэй холбоотой гэж үздэг юм байна. Биологийн хүчин зүйл гэдэгт захын нэг жишээ гэхэд эмэгтэй хүний эстроген даавар нь зүрх судасны өвчнөөс хамгаалдаг эрэгтэй хүний тестостерон даавар нь зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлж байдаг гэсэн судалгаа бий.

Түүгээр зогсохгүй эрэгтэй хүний тархины шийдвэр гаргах, аюулыг тооцох зэрэг үйл ажиллагаа явуулдаг хэсэг эмэгтэй хүнийхийг бодвол удаан хөгждөг. Нэг ёсондоо эрчүүд байгалиасаа хамгийн аюултай ажлыг ч аюулгүй мэт бодон хийж эрсдэлд ордог аж.

Тухайлбал, цэрэг, дайн байлдаан, барилга байгууламж барих, газрын тосны цооног, усанд шумбах, эрэн хайх, аврах ажиллагаа, гал унтраах зэрэг өндөр эрсдэлтэй ажиллагаанд эрчүүд л дайчлагддаг. Спорт хэдийгээр хүний эрүүл зөв амьдралын баталгаа гэгддэг ч эрсдэлтэй спортын төрлүүд бий. Түүнийг эрчүүд л сонгодог. Регби, бокс, уралдааны машин, мотоцикл гэх мэт. Дуртай спортоороо хичээллэх явцдаа осол аваарт өртөх эрсдэл энэ тохиолдолд элбэг.

Дэлхийн хүн амын нас баралтын тэргүүн эгнээнд бичигддэг зүрх судасны өвчлөлд эрчүүд тэргүүлдэг. 2020 онд Австралийн Эрүүл мэнд, нийгмийн халамжийн хүрээлэнгийн зүрх судасны өвчний талаарх нийтлэлд эрчүүд 6.5 хувь байхад эмэгтэйчүүд 4.8 хувь эзэлсэн статистик байгаа юм. Норвегид 1979-2012 оны хооронд зүрхний шигдээс өвчнөөр өвчилсөн 34.000 орчим хүний дунд явуулсан судалгаагаар эрэгтэйчүүд амьдралынхаа туршид зүрхний шигдээс өвчнөөр өвчлөх магадлал эмэгтэйчүүдээс 2 дахин өндөр байдаг нь тогтоогджээ.

Энд анхаарал татах нэг зүйл бий. Эрчүүдийн дээрх өвчлөлийн эрсдэлт хүчин зүйлсээс хамгаалж чадсан ч өвчлөл байсаар л байгаа нь гэнэ. Мэргэжилтнүүд энэ учрыг өөрсдөө ч олж чадаагүй аж.

Орчин цагт эрчүүдийн амь насанд заналхийлж буй том хүчин зүйл бол амиа хорлолт. ДЭМБ-аас гаргасан улс орнуудын амиа хорлолтын түвшинг харуулсан судалгаагаар 100.000 хүн тутамд ногдох дэлхийн дундаж амиа хорлолтын тоо 10.8 байгааг тогтоосон байдаг. Үүний талаас илүү нь эрчүүд. Монгол Улсад ч ийм ноцтой дүр зураг бий. Монгол Улсын хэмжээнд 2012-2016 оны хооронд 2055 хүн амиа хорлож, жилд дунджаар 411 амиа хорлосон тохиолдол бүртгэгджээ. Хамгийн ноцтой нь нийт тохиолдлын 1729 нь эрэгтэй, 326 эмэгтэй хүн амиа хорлосон бөгөөд эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээс 5.2 дахин их байгаа гэдгийг УЕПГ-ын Сургалт судалгааны төвийн судлаач, хяналтын прокурор, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаагийн судалгаанд онцолсон байдаг.

Эрчүүдийн чимээгүй отсоор байгаа амиа хорлолтын шалтгаан олон янз. Нийтлэг нь эрчүүд эмэгтэйчүүдээс илүү хаалттай, дотогшоо байдагтай холбоотой.

Хамгийн сүүлд гэхэд дэлхий нийтийг хамарсан “Ковид 19” цар тахлаар нас барагсдын гуравны хоёр нь эрчүүд байгаа стастистикийг харж болно. Гол шалтгаан нь цар тахлын халдвар хамгаалалтын дэглэм мөрдөөгүйгээс эрчүүд дийлэнх өвчилсөн гэдгийг эмч мэргэжилтнүүд онцлон тэмдэглэдэг. Өөрөөр хэлбэл, өнөөдөр ч дэлхий дахинд эрчүүдийн амь насанд заналхийлсан олон аюул үргэлжилсээр байна.

Эрчүүдийн насжилтыг уртасгах, эрт нас барах эрсдэлийг бууруулах гол хүчин зүйлүүдэд амьдралын зөв хэвшил, тогтмол дасгал хөдөлгөөн, эрүүл зөв хооллолт, нийгмийн зөв харилцаа, бусдадаа нээлттэй байдал зэргийг тэргүүн эгнээнд зөвлөсөөр байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.