Жагсагчдад Сүхбаатарын талбайн автомашины зогсоолд хоёр гэр барих зөвшөөрлийг НЗДТГ-аас олгожээ. Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэд өнгөрсөн баасан гарагт гэр барих зөвшөөрөл хүсжээ. Энэ дагуу НЗДТГ-ын дарга И.Баатархүү, Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ нар жагсагчдын төлөөлөлтэй уулзаж, гэр барих зөвшөөрлийг уншиж, танилцуулав.
НЗДТГ-ын дарга И.Баатархүү:
-Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 11.3.8-д Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан зохион байгуулахдаа гэр, майхан, бусад түр орогнох байр барих болон хоноглохгүй байх, түүнчлэн бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсөг нэвтрүүлэхгүй байхаар заасан. Иймд Сүхбаатарын талбайд үл хамаарах хэсэг буюу талбайн урд хэсгийн автомашины зогсоолд хоёроос илүүгүй гэр барих зөвшөөрөл олгож байгааг мэдэгдэж байна.
Төв талбайд гэр барих зөвшөөрлийн хүсэлт өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 9-нд ирсэн. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, зохицуулалтын хүрээнд боломжит байдлаар зөвшөөрлийг олгож байгаа. Жагсагчдын зүгээс барих гэр шаардлагатай гэж үзэн хүсэлт гаргавал яаралтай хэлэлцээд хариу өгөхөд бэлэн.
Төв талбайд жагсаал цуглаан эхэлснээс хойш иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах болон олон нийтийн хэв журам сахиулахад нийслэлийн холбогдох газрын ажилтнууд, албан хаагчид ажилласаар байгаа гэв.
Харин жагсагчид НЗДТГ-ын зааж өгсөн газарт гэр барихгүй гээд, автомашины зогсоолд бус, төв талбайн баруун, зүүн хэсэгт гэрээ барихыг хүсэж байгаагаа илэрхийллээ. Тэд төв талбайд гэрээ барих, эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэхийг хүсэж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зөв Төв талбайдаа л барих нь зөв. Тэмцэл төв талбайд л байх ёстой
Tuv talbain baruun zuun gesegt geree barij taivnaar jagsaalaa urgeljluulj mongol ulsin irgenii erhee edleh ni zuv!