Гурван өгүүлбэрээр:
Эцэст нь амжилттай
Хэд хэдэн удаа хойшлоод байсан "Turquoise Hill Resources"-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал XII сарын 9-нд боллоо. Хурлаар хувьцаа эзэмшигчид "Rio Tinto" компанид Turquoise Hill-ийн үлдсэн 49 хувьд ногдох хувьцааг худалдан авахад шаардлагатай дэмжлэгийг үзүүлснээр "Оюу Толгой" төслийн хөрөнгө оруулагчдын хоорондох 3.3 тэрбум ам.долларын хэлцэл эцэст нь амжилттай болов. Хувьцааг худалдан авах үйл явц Канадын хууль, зохицуулалтын дагуу хэрэгжих бөгөөд сүүлийн шатны зөвшөөрлийг Канадын Юконы дээд шүүх XII сарын 14-нд хэлэлцэн шийдэх юм. Хувьцаа эзэмшигчид ийнхүү дэмжлэг үзүүлсэн нь бүх оролцогч талуудад олон талын ашигтай бөгөөд Монгол Улсын ЗГ-тай хамтран хэрэгжүүлж буй Оюу Толгой төслийг урагшлуулахад засаглал, хувь эзэмшлийн бүтэц илүү энгийн хялбар, үр дүнтэй болохыг "Rio Tinto"-ийн Зэсийн группын Гүйцэтгэх захирал Б.Болд онцолсон юм.
Дараагийн IPO
“Хаан банк” ХХК-ийн хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэж, анхдагч зах зээлд арилжих зөвшөөрлийг олгосноо СЗХ мэдээллээ. Ингэснээр тус банк олон нийтэд анх удаа хувьцаагаа санал болгож, нээлттэй хувьцаат компани болж буй системд нөлөө бүхий гурав дахь банк болж байна. "Хаан банк"-ны хувьд банкны салбарын нийт активын 30 гаруй хувийг бүрдүүлдгээс гадна өөрийн хөрөнгийн хэмжээгээр системийн банкнууд дундаа хамгийн томд тооцогддог. Харин IPO хийснээр хөрөнгийн зах зээл идэвхжиж, үнэт цаасны арилжаа, хөрвөх чадвар өсөх чухал ач холбогдолтой гэдгийг онцоллоо.
Байр суурь
"Засгийн газар маш удаан ажиллаж байна. Бид энэ хуулийн төслүүдийг хоёр жил хүлээж байна шүү дээ. Олон улсын жишигт нийцсэн, хөрөнгө оруулагчдыг татсан хууль батлах нь мэдээж сайн хэрэг. Гэхдээ зөвхөн хууль батлагдсанаар хөрөнгө оруулагчид шууд ороод ирнэ гэж ойлгож болохгүй. Эко тогтолцоо, хандлагын асуудал, мөн Хөдөлмөрийн хуультай холбогдох олон асуудал байгаа. Энэ бүгдийг цогцоор нь харж байж хөрөнгө оруулагчид орж ирнэ. Мөн тэд хурдан орж ирээд хурдан гараад явчихгүй. Тиймээс ирэх 4, 5 жилийн хугацаанд орж ирэх хөрөнгө оруулагчдыг энэ хуулийг баталснаараа татах боломж байна" хэмээн АНУ-ын Худалдааны танхим (AmCham)-ын Бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс "Bloomberg TV Mongolia" ярилцлага өгөхдөө онцлов.
GLMT-ийн арилжаа
"Голомт банк" ХК-ийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа баасан гарагт эхэлж, хувьцааны ханш нь 1.56% өсөж хаагдлаа. Түүнчлэн зах зээлийн үнэлгээ нь 1 их наяд төгрөг болсон тул биржид бүртгэлтэй компаниудаас их наяд давсан үнэлгээтэй хоёр дахь компани болжээ. "Голомт банк"-ны анхдагч зах зээлийн захиалгын хувьд татан төвлөрүүлэх дүнгээс 69.2 хувиар давж, 21,281 хувь хүн, аж ахуйн нэгжээс нийт 174.8 тэрбум төгрөгийн үнэт цаас худалдан авах санал хүлээн авсан билээ.
Нефтийн хараат улс
Энэ оны эхний 11 сард Монгол Улс 2.2 сая баррель боловсруулаагүй газрын тос экспортолсон байна. Цар тахлын улмаас хил хаагдаж, энэ оны эхний 5 сард экспорт огт хийгдээгүйтэй холбоотойгоор экспортын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 50.1 хувь, 2020 оны мөн үеэс 39 хувиар буурчээ. Харин манай улсын 100 хувь импортоор авдаг газрын тосны бүтээгдэхүүний хувьд нийт импортын 19.6 хувь буюу хамгийн их хувийг эзэлж байна. Тайлант хугацаанд автобензин болон дизель түлш худалдан авахад нийт 1.5 тэрбум ам.доллар зарцуулжээ. Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээлснээр Монгол Улсын хэмжээнд газрын тосны баталгаат геологийн нөөц 333.8 сая тонн байгаа бол ашиглалтын баталгаат нөөц 43.4 сая тонн байна.
Шинэ ХБҮЦ
“Бичил Эй Би Эс Актив ТЗК” ХХК-ийн гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны захиалга эхэллээ. Тус компани нэгж үнэ нь 100 мянган төгрөгийн үнэтэй, 24 сарын хугацаатай, жилийн 17.5 хувийн хүүтэй, улирал бүр өгөөжөө өгөх шинэ бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж байна. Энэ хүрээнд 100 мянган ширхэг ХБҮЦ-ыг зах зээлд санал болгож, 10 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Татан төвлөрүүлсэн хөрөнгөө зээлийн үйл ажиллагаанд зарцуулахын зэрэгцээ жижиг зээлийн бүтээгдэхүүнд тараан байршуулах зорилготой байгаагаа “Бичил глобус финанс ББСБ”-ын Гүйцэтгэх захирал Б.Баярчимэг онцолж байв.
Нүүрс, эргэн тавтай морил!
Их Британи улс гучаад жилийн дараа анх удаа нүүрсний гүний уурхай шинээр нээхээр болсон нь уур амьсгалын зорилтоосоо нэг алхам ухарсан явдал боллоо гэсэн шүүмжлэлд өртөөд байна. Уайтхэйвен хотын ойролцоо орших "The Woodhouse Colliery" нэртэй уг уурхайн төсөлд холбогдох яамнаас зөвшөөрөл олгосон бөгөөд хариуцагч "West Cumbria Mining" компани ихэвчлэн гангийн үйлдвэрлэлд ашиглагдах нүүрсийг гадаадын худалдан авагчдад нийлүүлэхээр төлөвлөжээ. Хоёр жилийн турш хэд хэдэн Засгийн газар дамнан яригдсаны эцэст гарсан энэхүү шийдвэрийг COP26 бага хурлын Ерөнхийлөгч Алок Шарма "Их Британийн арай хийж олж авсан Уур амьсгалын төлөөх тэмцлийн түүчээлэгч хэмээх нэр хүндэд сэв суулгалаа" хэмээн шүүмжилжээ.
Тийзний үнэ нэмэгдэнэ
Ирэх онд дэлхий даяар нисэх онгоцны тийзийн үнэ нэмэгдэх бөгөөд ялангуяа Европ-Ази чиглэлийн нислэгийн үнэ 12 хувиар, Хойд Америк-Ази чиглэл 10 хувиар өсөхөөр байгааг “American Express GBT” компани мэдээлжээ. Цар тахалтай холбоотой хилийн хязгаарлалтаа хожуу цуцалсан Ази тивийн орнуудад эрэлт өссөнөөр тийзийн үнийн өөрчлөлт хамгийн их байхыг тус компани “Air Monitor 2023” судалгаандаа дурджээ. Харин дэлхийн хэмжээнд инфляц, түлшний үнийн өсөлт, хүчин чадлын дутагдал зэрэг хүчин зүйлс нь тийзийн үнэ өсөхөд голлон нөлөөлөхөөр байна. Ази-Европ чиглэлийн тийзийн 12 хувийн өсөлт нь зөвхөн энгийн суудалд хамаарах бол бизнес зэрэглэлийн тийзийн үнэ 7.6 хувиар өсөх төсөөлөлтэй байгаа аж.
Цар тахлын төлөөс
Дэлхийн хамгийн бага орлоготой 69 улсын цар тахлын дараах сэргэлтийг хангаж, гадаадын хөрөнгө оруулалт болон орлогыг нэмэгдүүлэхийн тулд ирэх таван жилийн хугацаанд 436 тэрбум ам.доллар шаардлагатайг ОУВС мэдээллээ. Энэхүү дүнгийн 170 тэрбум ам.доллар нь боловсролын хоцрогдол, ядуурлыг бууруулж, валютын нөөцийг нэмэгдүүлэх зэргээр цар тахлын нөлөөллийг арилгахад зарцуулагдах юм. Харин үлдсэн хэсэг нь 2026 он гэхэд бага орлоготой орнуудын дундаж зарцуулалтын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх харьцааг хөгжиж буй орнуудын түвшинд хүргэхэд шаардлагатайг дурджээ. ОУВС-ийн тооцоолсноор дэлхийн улсуудын гуравны нэгийнх нь эдийн засаг энэ онд болон ирэх онд хамгийн багадаа хоёр улирал дараалан агшихаар байгаа аж.
Харийнхны чихэвч
"Dyson" компанийн бүтээсэн гаднын дуу чимээг бүрэн тусгаарладаг "noise-cancelling" функцтэй, агаар цэвэршүүлэгчээр тоноглогдсон чихэвч 949 ам.доллар буюу "Apple"-ийн "Airpods Max" чихэвчнээс хоёр дахин үнэтэйгээр худалдаанд гарч байна. "The Silence of the Lambs" киноны Ханнибал Лектерийг санагдуулам харагдах "Dyson Zone" нэртэй энэхүү чихэвч нь хоёр давхар шүүлтүүрээр хамгийн багадаа 0.1 микрон хэмжээ бүхий тоосонцрыг шүүх чадалтай аж.
Энэ долоо хоногт
Даваа: Энэтхэгийн хэрэглээний үнийн индекс, Японы үйлдвэрлэгчийн үнийн индекс танилцуулагдана.
Мягмар: АНУ-ын XI сарын инфляцын дүн мэдээлэл гарна. Мөн тус улсын хууль тогтоогчид FTX биржийн дампууралд шалгалт хийнэ.
Лхагва: АНУ-ын Холбооны нөөцийн банкны мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, шийдвэрээ танилцуулна. ОХУ-ын ДНБ, Их Британийн хэрэглээний үнийн индекс, БНСУ-ын ажилгүйдлийн түвшин гарна.
Пүрэв: Европын Төв банк мөнгөний бодлогын шийдвэрээ танилцуулна. БНХАУ-ын орон сууцны үнэ, жижиглэн худалдааны дүн мэдээлэл гарна.
Баасан: "S&P Global"-ийн Евробүс, Австралийн эдийн засгийн тайлан гарна.
Эх сурвалж: Bloomberg TV Mongolia
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.