Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хүрээнд хэрэгжих төслийн гэрээнд гарын үсэг зурав.
Төслийн нэр : 2022 оны “Баянхонгор аймгийн Бууцагаан сумын цэцэрлэгийн засварын төсөл”
Уг төслийн хүрээнд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын цэцэрлэгийн А байранд их засварын ажил хийгдэх юм. Тус байрны барилга олон жилийн эдэлгээний улмаас хуучирч муудан, дээврээс нь дусаал гоождог болсноос гадна модон цонхоор нь гаднаас хүйтэн агаар нэвтрэх зэрэг асуудлаас болж ашиглахад хүндрэлтэй болсон тул 2014 оноос хойш ашиглалтыг зогсоосон байна.
Энэ удаагийн төсөл хэрэгжсэнээр улсын аюулгүй байдлын стандартыг хангасан эрүүл, аюулгүй орчинд тус цэцэрлэгт хамрагдах боломжгүй байсан 90 хүүхдийг шинээр хүлээн авах боломжтой болно
Япон Улсын Засгийн газар нь Монгол оронд 1990 оноос өнөөдрийг хүртэл 32 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 585 дахь, Баянхонгор аймагт хэрэгжих 25 дахь төсөл болж байна. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 244,809 ам.доллар (761,846,380 орчим төгрөг) юм.
“Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм.
Япон улсын Элчин сайдын яам
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.