Шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлж амжилттай оролцсон багш, тамирчдад Өмнөговь аймгийн засаг дарга хүндэтгэл илэрхийллээ.
Тодруулбал, Мальта улсын Мелльеха хотноо 10 дугаар сарын 20-30-ны өдрүүдэд зохион байгуулсан Шатар сонирхогчдын дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцсон "Цэц" шатрын холбооны багш, дасгалжуулагч Г.Оргил, Шатар сонирхогчдын дэлхийн аварга С.Төгөлдөр, тусгай байрын шагналт Б.Отгонбаяр нарыг Өмнөговь аймгийн Засаг дарга болон бусад албаны хүмүүс хүлээн авч уулзлаа. Шатрын аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн 51 орны 200 гаруй шилдэг тамирчин өрсөлдсөн юм. Чансаа өндөртэй энэхүү тэмцээнд Өмнөговь аймгийн “Цэц” шатрын холбооны хоёр тамирчин сүүлийн өрөг халз тоглож С.Төгөлдөр алтан медаль хүртсэн бол Б.Отгонбаяр тусгай байрыг эзэлсэн. Сонирхогчдын дэлхийн аваргад насны ангилал байдаггүй тул 2 тамирчин сүүлийн өрөг дээр хоорондоо ийнхүү таарч өрсөлдсөн байна.
Ийнхүү нутаг орныхоо нэрийг өндөрт өргөж, амжилттай яваа тамирчид болон олон оюунлаг шавь нарыг бэлтгэж байгаа багш, дасгалжуулагчид амжилт хүсэж мөнгөн шагналыг гардуулан өглөө.
Өмнөговь аймагт шатрын спорт эрчимтэй хөгжиж байгаад талархаж байна. Цаашлаад дэлхийн чансаатай олон тэмцээн уралдаанд оролцохоор бэлтгэж байгаа тамирчдаа бүхий л шаардлагатай зүйлээр нь дэмжин ажиллана гэдгээ аймгийн Засаг дарга илэрхийллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.