СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

НҮБ-ын Хүүхдийн сан цахим сургалтын хүртээмжийг сайжруулах хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эварист Куасси-Комланыг хүлээн авч уулзжээ.

Сайд Б.Батцэцэг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтууд, ялангуяа хүүхдийн хөгжил, эрх ашгийг хамгаалах үйлсэд НҮБ-ын Хүүхдийн сан олон жилийн турш үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэж, Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн 2023-2027 онд хамтран хэрэгжүүлэх Улс орны хөтөлбөрийн баримт бичиг 2022 оны 9 дүгээр сард болсон НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар амжилттай батлагдсанд баяр хүргэв.

Суурин төлөөлөгч Эварист Куасси-Комлан НҮБ-ын Хүүхдийн сангаас Монгол Улсын Засгийн газарт үзүүлдэг техник, санхүүгийн дэмжлэгээ үргэлжлүүлэн үзүүлэх, чингэхдээ шинээр батлагдсан 2023-2027 оны Улс орны хөтөлбөрийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд хүүхэд бүрт чиглэсэн, хүртээмжтэй байдлыг хангахын чухалчлан анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Энэ хүрээнд агаарын бохирдол эх, хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг бууруулах, Ерөнхий боловсролын сургуулийн интернет сүлжээг сайжруулах, цахим сургалтын хүртээмжийг сайжруулах зэрэг НҮБ-ын Хүүхдийн сангаас амжилттай хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх асуудлаар санал солилцов.

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн 2023-2027 онд хамтран хэрэгжүүлэх Улс орны хөтөлбөрийн баримт бичиг бичгийн хүрээнд (1) эрүүл мэнд, хоол тэжээл, хөгжил, (2) боловсрол, (3) хүүхэд хамгаалал, (4) ус, ариун цэвэр, эрүүл ахуй, уур амьсгалын өөрчлөлт, (5) нотолгоонд суурилсан нийгмийн бодлого, (6) хөтөлбөрийн үр нөлөөг хангах үйл ажиллагаа гэсэн 6 үндсэн хэсэг дор нийт 57,4 сая ам.долларын санхүүжилттэйгээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр баталсан.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.