Нийслэлийн Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хороо өнөөдөр хуралдаж, НЗДТГ, Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Нийслэл Улаанбаатар хотын Ажил олгогч эздийн холбооны хооронд 2023-2025 онд хэрэгжүүлэх хамтын хэлэлцээрийг байгууллаа.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоонхөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газрын дарга Б.Мөнхбаяр, Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга Ё.Соёлмаа, Нийслэлийн ажил олгогч эздийн холбооны удирдах зөвлөлийн дарга Ч.Нанжидсамбуу тэргүүтэй төлөөлөл хэлэлцээрт гарыг үсэг зурж баталгаажуулсан юм.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө “Уг хэлэлцээр нь хөдөлмөрийн харилцаа, нийслэлийн хүн амын чанартай, хүртээмжтэй хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрлөх эрх, аюулгүй байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зэрэгт баримтлах чиглэлийг зохицуулан, хэрэгжүүлэх зорилготой. Цаашид дүүргүүдийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны үйл ажиллагааг эрчимжүүлэх, гишүүдийг нь чадавхжуулах ажлуудыг шат дараатайгаар хийнэ. Тиймээс талууд үйл ажиллагаагаа уялдуулж, идэвх санаачилгатай хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.
Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу тус хороог Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан билээ. Уг гурван талт хороо нь Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт удирдлагыг орон нутагт хэрэгжүүлэх, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг сурталчлах, хөдөлмөрийн маргаанаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажлуудыг зохион байгуулах чиг үүрэгтэй юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.