Эрүүл мэндийн яамнаас /2022.12.09/ цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга П.Эрхэмбаяр:
-11 дүгээр сард Засгийн газрын олон нийттэй харилцах 1111 төвд 270 иргэн өргөдөл, гомдол, санал ирүүлжээ. Дийлэнх нь талархал байгаа бол 30 гаруй хувь нь гомдол байна. Эрүүл мэндийн байгууллагуудын талаарх мэдээлэл, эрт илрүүлэгт хэрхэн шуурхай хамрагдаж болох асуулт их байна. Санал хүсэлтийг тухайн эмнэлэгт хүргүүлж, эргээд шийдвэрлэлтийг хянадаг байгаа.
ЭМЯ-ны нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд:
-Ханиад томуу их байгаа учраас иргэдийг маскаа зүүхийг уриалж байна. Улсын хэмжээнд эрт илрүүлгийн үзлэгт 707 776 иргэн хамрагдсанаас 45.8 хувь нь эрэгтэйчүүд, 54,2 хувь нь эмэгтэйчүүд байна. Байршлын хувьд 50,1 хувь нь нийслэлээс, 49,2 хувь нь орон нутгийн иргэд хамрагджээ. Одоогийн байдлаар 690 мянга гаруй иргэний шинжилгээний хариу бүрэн гарсан. Шинжилгээнд хамрагдсан иргэд хариугаа E-Mongolia хуудаснаас регистрийн дугаараа оруулж, дүгнэлт хариугаа авах боломжтой.
Нийт 390 мянга 925 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр иргэдээс 64.9 хувь нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг, 9.1 хувь нь дотоод шүүрэл тэжээлийн ба бодисын солилцооны өвчлөл, зургаан хувь нь шээс, бэлгийн тогтолцооны өвчин, 5.8 хувь зүрх судас, 4.2 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөл бүртгэгдсэн. Эдгээр таван өвчлөл нийт өвчлөлийн 90 хувийг эзэлж байгаа нь анхаарал татаж байна.
Эдгээр иргэдэд мэргэжлийн эмчийн зөвлөгөөг өгөхөөс гадна, дараагийн шатны шаардлагатай тусламж үйлчилгээг хүргэж байгаа. Мөн эрт илрүүлгийн хугацаанд хортой болон хоргүй хавдрын нийт 2796 сэжигтэй тохиолдлыг илрүүлж, онош тогтоолгохоор дараагийн шатны байгууллагад хандсан. Одоогоор 135 хортой хавдрын шинэ тохиолдлын оношыг баталгаажуулж, эмчилж эхэлсэн.
ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгаа эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа:
-Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд Covid-19 халдварын 933 тохиолдол батлагдсан. Энэ тоо нь өмнөх долоо хоногоос ойролцоогоор хоёр дахин буурсан. Харин томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын хувьд идэвхжил өндөр байна. Зарим аймаг улбар шар түвшинд шилжиж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүүхдүүдийн тоо ихэслээ.
Томуугийн тархалт өндөр 47 дугаар долоо хоногийн байдлаар 7213 хүн амьсгалын цочмог замын өвчлөлийн А хувилбараар эмнэлэгт хэвтэн эмчлүүлснээс 18 хувь нь цочмог хүнд халдвартай байна. Томуугаар өвдөж байгаа хүүхдүүдийн 89 хувь нь 15 хүртэлх насныхан байна. 0-4 нас ны хүүхэд нийт 15 хүртэлх насны хүүхдүүдийн 75 хувийг эзэлж байна.
Томуугийн вирус идэвхжиж байгаа энэ үед халдварын дэглэмийг хүн бүр сахих нь зүйтэй. Улирлын томуу энэ жил онцлогтой байна. Одоогоор хүн амын дунд хоёр өөр төрлийн вирус тархаж байгаа. Covid-19-ийн тухайд омикроны давлагаа оргил үедээ хүрч буурч байна. Хувилбарын тандалтын шинжилгээгээр BQ1.2-ийн дэд шинж дийлэнх хувийг эзэлж байна. Өнгөрсөн долоо хоногт Covid-19-ийн шалтгаант нэг нас баралт бүртгэгдэж, нийт 2315 болсон.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.