СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-12-09

Бонд, ХБҮЦ худалдаж авахдаа...

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Гурван өгүүлбэрээр: 

  1. Нүүрсний хулгайн асуудалтай холбогдуулан ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг тэргүүтэй найман хүнийг хойшлуулшгүй журмаар баривчилжээ
  2. Оны эхний 11 сард Монгол Улсын экспортолсон нүүрсний хэмжээ өмнөх оны мөн үеэс 78.7 хувиар өслөө
  3. Төрийн байгууллагуудаас яамд, гааль, цагдаагийн газруудад авлигын эрсдэл хамгийн өндөр байгааг судалгаагаар тогтоов.

Эхний баривчилгаанууд

Нүүрсний хулгайн асуудалтай холбогдуулан ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, "Хишиг арвин индустриал" ХХК-ийн ерөнхий захирал Б.Хишигдорж нарын найман хүнийг хойшлуулшгүй журмаар баривчилсныг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын ахалсан ажлын хэсгээс мэдээллээ. Нэр дурдагдсан хүмүүсийн орон байранд болон “Хишиг арвин индустриал" компанийн оффис, салбар оффист нэгжлэг хийгдэж байгаа аж. Үүнээс гадна Нийслэлийн прокурорын газраас нүүрсний олборлолт, экспорт, боомтын нүүрс тээвэрлэлттэй холбоотой хэрэгт холбогдсон Автотээврийн Үндэсний төвийн удирдах албан тушаалтнууд, инженер техникч нараас бүрдсэн 10 хүнд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Нүүрсний экспорт 

Гаалийн ерөнхий газрын мэдээллээр оны эхний 11 сард Монгол Улсын экспортолсон нүүрсний хэмжээ 27.1 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 78.7 хувиар өслөө.  Тайлант хугацаанд нүүрсний экспортын орлого 5.7 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 120 хувиар, 2019 оны үетэй харьцуулахад 94.9 хувиар өссөн байна. Харин экспортын хоёр дахь гол бүтээгдэхүүн болох зэсийн баяжмал 1.29 сая тонн буюу бараг 1.3 сая тонн болсон. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.7 хувиар өссөн үзүүлэлт болж байна. 

Байр суурь

"Ирэх онд хөрөнгө оруулагчид төгрөг, ам.доллар гэсэн хоёр валютаар хөрөнгө оруулалтын багцаа хослуулж барьж явах нь зүйтэй. Гэхдээ нийт мөнгөнийхөө 60-70 хувийг тогтмол өгөөжтэй бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас зэрэг хэрэгслүүдэд байршуулаад, үлдсэн хувийг нь ETF, хувьцаанууд руу байршуулах нь оновчтой гэж харж байна. Дотоодын зах зээлд зээлжих зэрэглэл гэдэг ойлголт тогтоогүй учраас бонд, ХБҮЦ худалдаж авахад үнэт цаас гаргагч талын барьцаа, баталгаа, background хэр сайн байгааг харах хэрэгтэй. 2024 онд эдийн засгийн төлөв харьцангуй сайжрах хүлээлттэй байгаа учраас 2023 оны төгсгөл үеэс эхлээд багцынхаа тодорхой хэсгийг өсөлттэй хувьцаанууд руу байршуулах нь таны багцын дундаж өгөөжийг нэмэгдүүлэх давуу талтай" хэмээн "Ти Ди Би Секьюритис ҮЦК"-ийн Хөрөнгө оруулалтын зөвлөх Г.Маргад онцоллоо.

Авлига хаана байна вэ?

АТГ-ын судалгаагаар төрийн өмчийн 74 компанийн ашиг сонирхлын зөрчил, авлигын эрсдэлтэй 404 албан тушаал байгааг илрүүлсэн байна. Түүнчлэн нийт 43 мянга орчим албан тушаалтны мэдээлэлд авлигын эрсдэлийг тооцоолоход дунд болон өндөр эрсдэлтэй албан тушаалтан 6,895 буюу 16.2 хувийг нь эзэлжээ. Төрийн өмчийн байгууллагуудаас яамд, гааль, санхүү, цагдаагийн газруудад авлигын эрсдэл өндөртэй албан тушаал хамгийн их байна гэж үзжээ. 2022 оны эхний хагаст тус байгууллагын хүлээж авсан ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлгийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 110 хувиар, шийдвэрлэсэн мэдүүлгийн тоо 50 хувиар өссөн байна.

Жуулчдыг авчиръя гэвэл...

ИНЕГ-ын хийсэн судалгаагаар шатахууны үнийг 30 хувиар бууруулахад агаарын тээврийн тийзийн үнэ 5-14 хувиар буурах боломж бүрдэнэ гэсэн дүгнэлт гарчээ. 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарлаад байгаа ч одоогийн байдлаар нэг сая жуулчин хүлээн авахад нислэг хүрэлцэхээргүй байгаа юм. Нэг сая жуулчны тал нь ирлээ гэж бодоход 250 суудалтай онгоцоор 2000 нислэг хийх шаардлага гарна. Нэмэлтээр орон нутгийн нислэгээр 10 мянган жуулчин тээвэрлэхэд сард 50, өдөрт 1-2 нислэг хийх ёстой болох юм. Агаарын тээвэрлэгчдийн нийт зардлын 35-46 хувийг агаарын хөлгийн шатахууны зардал эзэлж буй нь тийзийн үнэ нэмэгдэхэд нөлөөлж буйг ЗТХЯ-аас мөн мэдээлж байсан билээ.

IPO-г эрчимжүүлнэ

Төрийн өмчит компаниудын IPO гаргах ажлыг эрчимжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосныг УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо мэдээллээ. УИХ-ын 16 дугаар тогтоолоор баталсан үндсэн чиглэлд 2022-2023 онд багтаан хувьцааг нь арилжаалах 26 компани жагсаасны 20 нь Авто замын засвар арчлалтын компаниуд байна. Эдгээр компаниуд дунджаар 1 тэрбумын үнэлгээтэй, алдагдал ихтэй, ашиг багатайн дээр зээлээс зээлийн хооронд ажиллаж байгаа нь IPO-ийг нь амжилт багатай болгож болзошгүйг онцолж байв. Мөн ЭТТ, МИАТ зэрэг томоохон аж ахуйн нэгжүүдийг 2023 онд багтаан нээлттэй компани болгох асуудлыг судалж, санал боловсруулахыг Засгийн газарт чиглэл болгожээ. 

Ази дахь өрсөлдөөн

“Tesla” компани Тайланд улсад автомашиныхаа захиалгыг авч эхэлснээр БНХАУ-ын компаниудын ноёрхдог тус улсын зах зээлд нэвтэрч буй барууны компаниудын тоо нэгээр нэмэгдлээ. Компани ирэх оны I улиралд “Model 3” болон “Model Y” загваруудаа нийлүүлж эхлэхийг “Tesla”-ийн Тайланд дахь Үйл ажиллагаа хариуцсан захирал онцолжээ. Мөн энэ хүрээнд ирэх II сард Тайландад цэнэглэх байгууламжаа ашиглалтад оруулах бол I улиралд багтаан автомашины үйлчилгээний анхны төвөө нээх аж. Тайландад “Model 3” автомашин нь 1.76 сая бат (50,200 ам.доллар), харин “Model Y” нь 1.96 сая батын үнэтэйгээр худалдаанд гарсан байна. Зүүн Өмнөд Азийн Сингапур болон Тайландын зах зээлд тус компани нэвтэрснээр “Great Wall Motor”, “BYD” , “Hozon” зэрэг БНХАУ-ын үйлдвэрлэгчидтэй хийж буй өрсөлдөөн нь улам ширүүсэх юм.

Өрийн шок

Ирэх таван жилийн хугацаанд гадаад өрийн үйлчилгээний зардлаа төлөхийн тулд хөгжиж буй орнуудад нэмэлтээр 2.5 их наяд ам.доллар шаардагдана гэж “Finance for Development Lab” тооцооллоо. Төв банкнууд бодлогын хүүгээ өсгөж байгаа энэ үед хөгжиж буй орнууд зээлээ дахин санхүүжүүлэхэд хүндрэлтэй тулгарч байгаа юм. “Bill & Melinda Gates” сангийн хөрөнгө оруулалттай тус байгууллага ОХУ, БНХАУ-ыг оруулалгүйгээр дэлхийн 113 оронд судалгаа хийсэн аж. Тэдний тооцоолсноор бодлогын хүү 2019 оноос хойш 400 суурь нэгжээр өсөж, валютууд ам.долларын эсрэг дунджаар 10 хувиар суларсан байна. Мөн 2024, 2025 онд өрийн үйлчилгээний зардал дээд цэгтээ хүрнэ гэж үзэж байгаа аж. Ингэснээр 2026 он гэхэд хөгжиж буй орнуудын гадаад өрийн хэмжээ 4.3 их наяд ам.доллар хүрэхээр байна. Харин 2021 онд гадаад өрийн хэмжээ 2.9 их наяд ам.доллар байжээ.

"Шоовдор" металл

Тогтмол өсөж байгаа эрэлтийн улмаас 2030 он гэхэд дэлхийн зах зээлд жил бүр 50 мянган тонн цагаан тугалганы хомсдол үүсэх эрсдэл үүсээд байгаа гэж Олон улсын цагаан тугалганы холбоо (ITA) мэдээллээ. Мэргэжилтнүүдийн анхааралд төдийлөн өртөөд байдаггүй энэхүү чухал металлыг хүмүүс ихэвчлэн лааз хийхэд ашиглагддаг гэдгээр нь мэддэг. Хэдий тийм боловч өнөөдрийн байдлаар цагаан тугалганы нийт хэрэглээний зөвхөн 12 хувийг сав баглаа боодолд ашиглаж байна. Харин тус металлын жил бүрийн хэрэглээний тэн хагасыг компьютерын эх хавтангийн гагнуурт ашигладаг аж. Цагаан тугалганы уурхайнууд дэлхийн зах зээлд жил бүр 380 мянган тонн бүтээгдэхүүн нийлүүлдэг. Тиймээс энэ салбарт олборлолтыг 50 мянган тонноор нэмэгдүүлэх нь амаргүй даалгавар байх болно.

Солонгосчууд "залуужина"

\БНСУ-ын парламент Пүрэв гарагт хүний насыг тооцох уламжлалт аргыг халж, олон улсын жишгийг нэвтрүүлэх хууль баталснаар тус улсын иргэд албан ёсны бүртгэл, баримт бичигт 1-ээс 2 насаар "залуужихаар" болжээ. Солонгосчууд хүүхдээ төрөнгүүт нь нэг нас хүрсэн хэмээн үзэхийн зэрэгцээ жил бүрийн нэгдүгээр сарын 1-нд нэг нас нэмдэг бөгөөд өдөр тутмын амьдралдаа энэхүү "хий нас"-аа ашигладаг юм. Харин цэрэг татлага, согтууруулах ундаа, тамхины хэрэглээ зэрэгт зөвшөөрөгдөх нас нь олон улсын жишгээр байдаг аж. Харин дээрх хууль 2023 оны VI сараас хүчин төгөлдөр болсноор энэхүү толгой эргэмээр тогтолцоо үгүй болох юм.

BloombergTV.mn танд санал болгож байна

ХБНГУ-д Төрийн эрх булаахаар төлөвлөж байсан бүлэглэлийн гишүүдийг баривчилжээ

“Vale” компани суурь металлын бизнесээ "тусад нь гаргана"

БНХАУ-ын Төв банкны алтны нөөц сүүлийн 3 жилд анх удаа өсөв

Онцлох чарт

Эрчим хүчний компаниудын хувьцааны ханш болон газрын тосны үнэ хоорондын зөрүү нэмэгдэж байгаа тул хөрөнгө оруулагчид эрчим хүчний хувьцаагаа зарах хэрэгтэйг JPMorgan банкны стратегич Марко Коланович зөвлөжээ. Тэрбээр эрчим хүчний хувьцаанууд 20 хувиар унана гэж тооцоолсон ч урт хугацаандаа энэ салбарт тогтвортой тэлэлтийн мөчлөг буюу "supercycle" үргэлжилсэн хэвээр байхыг онцолсон байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.