ХЗДХ-ийн сайд, Нүүрсний хулгайн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсэг дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийн Х.Нямбаатар өдөр бүрийн 11 цагт цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөхөөр боллоо. Энэ удаагийн хэвлэлийн хурлаар хэд хэдэн ноцтой мэдээллийг дэлгэлээ.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
-Нүүрсний хулгайг мөрдөн шалгах ажлын хэсэг байгуулагдсантай холбоотойгоор өчигдрөөс үйл ажиллагаа эрчимжиж байна. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн үйл ажиллагаа эхэлснээс хойш хөрс хуулалт хийж байгаа Хишиг арвин индустрал ХХК-ийн захирал Б.Хишигдорж болон түүний хамаарал бүхий гурван хүн, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн хамаарал бүхий тав гээд нийт найман хүнийг урьд шөнө баривчилсан байна. Тус хоёр компанийн удирдлагуудын хамтарсан компани илэрсэн учир шалгах шаардлагатай гэж Авлигатай тэмцэх газраас үзсэн байна.
Орон нутгаас мөрдөн байцаагч нарыг татаж, ажлын хэсгийг өргөжүүлж байна. 2009 оноос хойших нүүрс олборлолт, тээвэрлэлт, борлуулалтын бүх мэдээллийг дахин шалгана. Тэнд ажиллаж байсан гаалийн үе үеийн байцаагч нарыг шалгана. Өмнөговийн Цогтцэций сум руу мөрдөн шалгах баг явсан, тэнд байрлаж ажиллана. Орон нутгийн өмчит Тавантолгой ХК-ийг бас шалгана. Шивээ-Овоог ч шалгана.
Харамсалтай нь, чин хүслээрээ жагсаж байгаа жагсагчдын зорилгыг өөрчлөх, улс төржүүлэх, улс орныг хямрал руу түлхэх оролдлого хийж байгаа хэсэг бүлэг этгээдүүд гарч ирсэн. MCS групп бүх ажилчдаа талбай руу гарч жагсахыг үүрэгдсэн байна. Нүүрс угаахтай холбоотой шалгагдаж байгаа хэргээ бүрхэгдүүлэх оролдлого хийж байна.
Хишиг арвин индустрал ХХК, УИХ-ын дарга асан Зандаахүүгийн Энхболдын хамаарал бүхи Страто ХХК-ийн хүмүүс жагсаалд нөлөөлөх гэж оролдож байгаа баримт шалгагдаж байна. З.Энхболдын хувьд Хишиг арвин индустрал ХХК-тай маш их хамааралтай хүн шүү.
Монголын оюутны холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Ганхуяг, Х.Батсайхан, С.Энхтүвшин нар жагсаалыг улс төржүүлэх гэж оролдсон. Б.Ганхуяг захирал болохдоо тэдгээр хүмүүсийг Эрдэнэс Тавантолгойд авчирсан. Саяны жагсаалаар тэдний хамаарал бүхий хүмүүсийн дансаар их хэмжээний мөнгө орж ирсэн асуудлыг шалгаж байна. УИХ-ын гишүүн Өмнөговийн иргэдэд мөнгө өгч, авчран жагсааж байгаа.
Гаалийн байгууллагаас нүүрстэй холбоотой гурван удаагийн шалгалт явуулсан. Нэгд, 2010-2011 ны долдугаар сар буюу нэг жил долоон сарын дотор 379 мянган тонн нүүрс гарсан, даанч мэдээлэл нь олдоогүй. Хоёрт, УИХ-ын гишүүн асан Л.Энхболд мөргөцөг алга болсон тухай ярьдаг. 2013-2017 оны хооронд 225 компанийн 12 мянган машин урагшаа хоосон нэвтэрсэн байна. Эдгээрт 268 мянган тонн нүүрс тээвэрлэгдсэн байж болзошгүй байна. Нэг ч төгрөг улсад орж ирээгүй. Гуравт, 2022 оны 4 сарын 27-ноос 5 сарын 3-ны хооронд шалгалт явуулахад Гашуунсухайтын боомтоос их хэмжээний нүүрс бүртгэлгүй гарсан нь тогтоогдсон. Энэ нь Монгол улсын гаалийн мэдээлэл, БНХАУ-ын мэдээлэлтэй зөрсөн. Нүүрс зөвхөн БНХАУ руу гардаггүй, далайн чанадад ч тээвэрлэдэг. Тэр улсуудын мэдээллээс ч зөрсөн.
Ерөнхий сайд өчигдөр жагсагчидтай уулзаад, 100 хүнтэй ажлын хэсэг гарч, Засгийн газартай хэлэлцээр хийхээр тохирсон. Гэвч жагсагчдаас ганц өгүүлбэр ирсэн нь, "Маргааш 12.00 цагт нүүрсний хулгайчдын нэрсийг зарлга" гэсэн байсан. Нэг хоногийн дотор нэр зарлах боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой болно шүү дээ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зөв.22