СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-12-08

Хүнд жил айсуй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Гэрэл зургийг Б.Баяр /албан ёсны зөвшөөрөлтэй/

Гурван өгүүлбэрээр: 

  1. Нүүрсний хулгайч нарын нэрийг зарлахгүй байгаа шалтгааныг Ерөнхийлөгч ЗГ, хууль хүчний байгууллагын удирдлагуудаас нэхлээ.
  2. Оны эхний 11 сарын байдлаар гадаад худалдаа 3.3 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.
  3. Дэлхийн эдийн засаг ирэх онд сүүлийн 30 жилд байгаагүй хүнд нөхцөлтэй нүүр тулна гэж “Bloomberg Economics” үзэж байна.

Ерөнхийлөгчийн хатуу үг

Иргэд дөрвөн өдрийн турш Төв талбайд жагсаал хийж байгаа ч Засгийн газар, хууль хүчний байгууллагууд өнөөг хүртэл тодорхой арга хэмжээ авч, шийдвэрлэхгүй байгааг ерөнхийлөгч У.Хүрэлсүх буруушаалаа. Тэрбээр өчигдөр Засгийн газар, хууль хүчний байгууллагын удирдлагуудыг дуудаж уулзахдаа нүүрсний хулгайчдын нэрийг зарлахгүй байгаа шалтгааныг нэхэж, энэ хэрэгт нэр холбогдсон гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулах эрх хуулиар олгогдсоныг улсын Ерөнхий прокурорт сануулав. Мөн асуудлыг шуурхай шийдвэрлэхгүй бол холбогдох хууль тогтоомжуудад заасны дагуу УИХ, Засгийн газрын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож, ард түмэнд сонголт хийх эрхийг нь олгох цаг ойрхон байгаа хэмээн анхааруулжээ.

21 хэрэг

Өчигдрийн жагсаалын дараа Хууль зүй, дотоод хэргийн яам, АТГ, шүүх прокурорын байгууллагаас жагсагчдын тавьсан шаардлагын дагуу мэдээлэл өглөө. Нүүрсний хулгайн хэрэгт авлига, албан тушаал, мөнгө угаалттай холбоотой 21 хэрэг багтсан бөгөөд өнөөдрийн байдлаар 41 хүнийг холбогдуулж, яллагдагчаар татаад байгааг Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.Ариунболд мэдээлсэн. Мөн хуулийн дагуу үйл ажиллагааг явуулах ёстой учраас одоогоор тэд ямар гэмт хэрэг үйлдсэн, улсад хэр хэмжээний хохирол учруулсныг шууд хэлэх боломжгүйг тэрбээр өгүүлсэн юм. Үүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дэмжиж, "Бид 1937 он биш 2022 онд байгаа. Хүнийг ямар нэгэн шүүхийн шийдвэргүйгээр шууд яллаж болохгүй. Нүүрсний 21 эрүүгийн хэрэг дээр хэн хэн шалгагдаж байгааг мэдэхгүй байна" гэв.

Байр суурь

"Сүүлийн үед зөвхөн уул уурхайн салбар гэлтгүй хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал зэрэг бусад салбарын компаниуд байгаль орчны аудит хийлгэдэг болж байна. Компаниуд мэдлэг, мэдээлэл байхгүйгээс болж төрийн хяналт шалгалтын үед хариуцлага тооцуулах тохиолдол олон гардаг. Харин байгаль орчны аудит хийлгэснээр үйл ажиллагааны хүрээнд ямар үүрэг хүлээсэн, тэдгээрийг хэрхэн биелүүлэхээ мэддэг болох тул тухайн аж ахуйн нэгж дээр хяналт шалгалтын үед дарамт бага болно. Мэдээж жижиг компаниуд байгаль орчны ажилтантай байх боломжгүйг ойлгож байгаа. Гэхдээ хоёр жилдээ нэг удаа мэргэжлийн байгууллагаар шалгуулаад, юу нь болоод юу нь болохгүй байгааг мэдээд, сайжруулдаг байвал тэдэнд маш үр дүнтэй" хэмээн Eco National компанийн гүйцэтгэх захирал Т.Индра "Bloomberg TV Mongolia"-д ярилцлага өгөхдөө дурдсан юм. 

Нүүрс жин дарав

Гадаад худалдааны нийт бараа эргэлт өмнөх оны мөн үеэс 26.6 хувиар, гадаад худалдааны ашиг 23.9 хувиар өссөн байна. Оны эхний 11 сарын байдлаар гадаад худалдаа 3.3 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Тайлант хугацаанд экспорт өмнөх оны мөн үеэс 26.2 хувиар өсөж, 11.1 тэрбум ам.доллар болсон байна. Нийт экспортын 84.4 хувийг эрдэс бүтээгдэхүүн бүрдүүлж байгаагаас 50 гаруй хувийг нь нүүрс дангаараа эзэлжээ. 

АНУ руу шууд ниснэ

АНУ-тай "Open sky" агаарын тээврийн хэлэлцээр байгуулахыг дэмжсэн тул 2024 оны эхээр АНУ руу шууд нислэг гүйцэтгэх боломжтой болсныг Зам тээвэр, хөгжлийн сайд мэдээллээ. Мөн гуравдагч улсын нутаг дэвсгэрээр дамжин тээвэрлэлт хийж нислэг гүйцэтгэх чөлөөтэй зохицуулалт бүрдэх бөгөөд цаашид Австрали болон Сингапур луу шууд нислэг үйлдэх боломжтой болохыг онцоллоо. Ирэх онд Ерөнхий сайд АНУ-д айлчлал хийхдээ тус хэлэлцээрийг байгуулахаар төлөвлөж байгааг албаныхан мэдээлж байна. Монгол Улс холын зайд нисэх хүчин чадалтай долоон онгоцтой байсан бол энэ оны есдүгээр сараас хойш дөрвөн онгоц нэмэгдээд байгаа юм.

Вьетнамчуудын амжилт

Вьетнамын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “VinFast” компани АНУ-д хувьцаагаа олон нийтэд нээлттэй санал болгохоор хүсэлтээ хүргүүллээ. Компани IPO хийхдээ “JPMorgan”, “Citigroup”, “Credit Suisse”, “Morgan Stanley” зэрэг банкнуудын зөвлөгөөг авч байгаагаа АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд гаргасан хүсэлтдээ дурдсан байна. “Bloomberg News”-ийн сүүлийн мэдээллээр “Vinfast” ирэх нэгдүгээр сар гэхэд нэг тэрбум ам.доллар татан төвлөрүүлэх боломжтойг онцолжээ. Өнгөрсөн сард тус компани АНУ руу хийх анхны нийлүүлэлт болох 999 цахилгаан автомашинаа Вьетнамын боомтоос гаргасан билээ. Харин энэ сарын сүүлээр Калифорни мужийн хэрэглэгчдэд автомашинаа анхлан борлуулахаар бэлтгэж байна.

Литийн төлөөх тэмцэл

БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэлийн тэргүүлэх компани “BYD” цэнэг хураагуурын гол металлын нийлүүлэлтээ хангахын тулд Африк, Латин Америк дахь литийн олборлолтын төсөлд анхаарч байна. Компани дэлхийд литийн нийлүүлэлтээр хоёрдугаарт ордог Чили улсад олборлолтын төсөл эхлүүлж, цэнэг хураагуурын катодын түүхий эдийг боловсруулах зөвшөөрөл авахаар ажиллаж байгааг мэдээлжээ. Тодруулбал: Чилийн уурхайнуудыг литийн шууд олборлолт хийх технологиор хангаж, үйлдвэрлэгчтэй оффтек гэрээ хийн нийлүүлэлтээ баталгаатай болгохоор төлөвлөсөн аж. Эрэлт нийлүүлэлтээсээ давснаар энэ онд литийн үнэ түүхэн дээд түвшинд хүрч, БНХАУ-ын зах зээлд хоёр дахин нэмэгдээд байна.

Хүнд жил айсуй

Украины дайнаас үүдэлтэй эрчим хүчний “шок” үргэлжилж байгаагаас дэлхийн эдийн засаг ирэх онд сүүлийн 30 жилд байгаагүй хүнд нөхцөлтэй нүүр тулна гэж “Bloomberg Economics” үзэж байна. 2023 онд дэлхийн эдийн засаг ердөө 2.4 хувиар өсөх төлөвтэй гэж Эдийн засагч Скотт Жонсон тооцоолжээ. Энэ нь 2009 оны санхүүгийн хямрал, 2020 оны цар тахлын үеийг эс тооцвол 1993 оноос хойших хамгийн тааруу өсөлт болох юм. Хэдий тийм боловч улс орнуудын нөхцөл байдал харьцангуй өөр байна. Тухайлбал: Евро бүсийн эдийн засаг ирэх оныг уналттайгаар эхлэх бол АНУ-ын эдийн засаг энэ оныг агшилтын бүсэд үдэх төлөвтэй гэж үзжээ. Харин БНХАУ COVID-19-ийг Үл тэвчих бодлогоо таамаглаж байснаас хурдацтайгаар эцэслэж, эдийн засгийн өсөлт нь таван хувь давахаар байна.

Баяртай, 747

"Boeing" компанийн үйлдвэрлэсэн сүүлчийн 747 нисэх онгоц Вашингтон мужийн Эверетт дэх үйлдвэрээс гарчээ. Ингэснээр "Тэнгэрийн хатан хаан" хэмээн нэрлэгдсэн энэхүү том оврын агаарын хөлгийн үйлдвэрлэл 50 гаруй жилийн дараа эцэслэгдэж байна. Тус онгоцны хамгийн амжилттай хувилбар болох 747-400 нь нийт 600 нэгж үйлдвэрлэгдсэн бөгөөд 1980-аад оноос өнөөг хүртэл дэлхийн агаарын тээврийн компаниудад өргөн хэрэглэгдсээр байна. 1989 онд "Qantas" компани 747-400 онгоцоор Лондоноос Сидней хүрсэн нь иргэний нисэхийн салбарт хамгийн хол зогсолтгүй нислэг үйлдсэн дээд амжилт болон бүртгэгджээ. 

BloombergTV.mn танд санал болгож байна

“Apple” автомат жолоодлоготой автомашиныхаа худалдаанд гарах товыг 2026 он хүртэл хойшлуулжээ

JPMorgan: Хуурамч ногоон зорилт компаниудад томоохон эрсдэл авчирна

Их Британийн үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт бүтээн байгуулалтын ажилд төсөөлж байснаас хүндээр нөлөөлжээ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.