СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-12-07

🔴"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн талбайгаас 268 тонн нүүрстэй мөргөцөг алга болсон уу

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талбайгаас 268 мянган тонн нүүрсийг орон нутгийн “Тавантолгой” хил давуулсан” гэх асуудлаар бид Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй “Тавантолгой” ХК-ийн тайлбарыг хүргэж байна.

Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цанхийн Зүүн уурхайн урд хэсэг нь “Тавантолгой” ХК-ийн 4-р уурхайн тусгай зөвшөөрлийн талбайн хойд хэсэгтэй огтлолцдог байна. Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн хооронд “Хамтын ажиллагааны гэрээ”-г 2017 онд байгуулж, компани хоорондын үйл ажиллагааг уялдуулах, харилцан хяналтын орчныг сайжруулах хүрээнд хамтран ажилладаг аж.

Гэвч “Тавантолгой” ХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшил бүхий талбайд нэвтэрч, хууль бусаар олборлолт хийсэн талаарх мэдээлэл гарсан.

“Тавантолгой” ХК-ийн 4-р уурхайн олборлолтод өртсөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайн нүүрсний хэмжээг баталгаажуулсан хамтарсан тайланг инженер техникийн ажилтнууд 2016 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр гаргаж байжээ.

Уг тайланд “Хоёр компанийн хамтарсан геологи, маркшейдерийн баг 2015 оны есдүгээр сарын 25-26, 2016 оны наймдугаар сарын 12, 2016 оны араваннэгдүгээр сарын 9-11-ний хооронд гурван удаагийн хэмжилт, дээжлэлтийг хийсэн “Тавантолгой” ХК-ийн 4-р уурхай нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн лицензтэй талбайгаас хойд хэсгээрээ 26.6 мянган тонн, зүүн хэсгээрээ 233.4 мянган тонн, баруун хэсгээрээ 8.2 мянган тонн, нийт 268.3 мянган тонн нүүрс олборлосон байна” гэжээ.

Уг асуудлаар бид Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн Өмнөговь аймагт уурхайн олборлолт хийж байгаа хэсэг болох мөргөцөг дээр очиж нөхцөл байдлыг сурвалжиллаа. 

“Тавантолгой” ХК-ийн Үйлдвэрлэл хариуцсан дэд захирал, ерөнхий инженер П.Мөнхтуул:

-Уурхайн баруун, зүүн, хойд хэсэгт Эрдэнэс Тавантолгой ХК-ийн олборлолтын ажил эрчимтэй өрнөж байна. Үүний голд “Тавантолгой” ХК-ийн 276 га талбайд ажиллаж буй хэсэг бүх захынхаа лиценз хил дээр тулсан, хаалтын хана үүсгэсэн байдалтай ажиллаж байна.

Мөргөцөг алга болсон гэх асуудал огт байхгүй. Лицензийн хилийн захаар байрлах хаалтын хана тухайн үед өндөр хэмжээний хана байсан. Үүнийг өөрсдийн олборлолтын ажлаар аюулгүй болгож багасгасан. Мөргөцгийн зүүн талаар хоёр уурхай уулын ажлын технологио нэгтгэх ажлууд хийгдсэн. Тус хэсэг дээр 268 мянган тонн нүүрс өртсөн асуудал байгаа. Хоёр уурхайн хамтын ажиллагааны гэрээний үндсэн дээр адилхан чанартай нүүрсийг буцааж олгох ажил хийгдэж байна.

Нэг төлөвлөлт түвшинд ажиллах дүр зурагтай байна. Өнөөдрийн байдлаар маргаан үүсээд буй мөргөцөг харагдаж байгаа ч 1-2 жилийн дараа зөвхөн тоон систем дээр аль нь аль уурхайн хэсэг вэ гэдэг нь харагдах нөхцөл үүсэж байна. Уурхайн олборлолтоос дурын компани “Тавантолгой” ХК-тай нийлээд авсан мэтээр буруу ойлголт яваад байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК төрийн өмчит маш том уурхай. Том уурхай том асуудал л ярина. Орон нутгийн “Тавантолгой” ХК нь 276 га талбай дээр үйл ажиллагаа явуулдаг жижиг компани. 57 жилийн түүхтэй уурхайн хийсэн бүтээсэн ажлыг үгүйсгэж, хувьцаа эзэмшигч, ажиллаж байсан дарга, инженер ажилчдыг хулгайч болгож байна.

Өнгөрсөн хугацаанд хяналт, шалгалт хийгээд зөрчил байхгүй гэдгийг тогтоосон байхад санаатайгаар төрийн өмчит том компанитай жижиг орон нутгийн компанийг холбоод, хулгай хэмээн яриад байгаад харамсалтай байна. 268 мянган тонн нүүрс нь 340 мянган тонн нүүрс байсан нь сүүлд тогтоогдсон.

УИХ-ын гишүүн асан Л.Энхболд хэвлэлд өгсөн яриандаа "200 гаруй мянган тонн нүүрс нь шатсан" гэсэн байна лээ. Ямар яриа нь дээр үндэслэж тийм зүйл ярьж байгааг мэдэхгүй. Нүүрс агуулсан хөрс гэж байдаг. Шатамхай исэлдсэн нүүрсийг "Эрдэнэс Тавантолгой"-гоос чанар нь таараад авъя гэвэл өгөхөд бэлэн байна.

Нүүрсийг гадарга дээр удаан байлгах нь байгаль орчинд сөрөг нөлөөлөл үүсгэх эрсдэлтэй. Исэлдсэн нүүрс шатаад байгааг унтрааж таараа.

Хоёр уурхайн хил давж олборлолт хийсэн нүүрсийг буцааж олгох процесс цаашдаа ч байна.

Мөн "Тавантолгой” орд дотроос 6 сая 500 мянган тонн нүүрс алга болсон гэж яриад байдаг. Төрийн өмчийн том компани, орон нутгийн жижиг компани гэдгээ ч ялгаж тайлбарлахгүй. 6 сая 500 мянган тонн гэдэг бол орон нутгийн жижиг уурхайд маш том тоо. Бид жилдээ 1,8-2 сая тонн нүүрсээ чадан борлуулж байна. Төрийн болон орон нутгийн "Тавантолгой" гэдгийг ард иргэд ялгаж ойлгох хэрэгтэй гэв.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй одоогийн талбайгаас нүүрс олборлосон, хулгайлсан зүйл байхгүй. “Тавантолгой” ХК 2004 оноос хойш дөрөвдүгээр давхарга дээрээ технологийн зам гаргах, траншей нээх зэрэг ажил хийх явцад манай нүүрсний талбай  өртсөн. Нийт 268 мянган тонн нүүрс болсон нь мэргэжлийн байгууллагын актаар тогтоогдсон. Үүнийг “Тавантолгой” ХК хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл, “Тавантолгой” ХК “Эрдэнэс Тавантолгой” ХК-д өгөх ёстой 268 мянган тонн нүүрс гэж ойлгож болно” гэжээ.

“Тавантолгой” ХК-ийн өгч буй мэдээллээс үзэхэд мөргөцгийн асуудал нь нүүрсний хулгай биш болохыг илтгэж байна. Хоёр компанийн уурхайн техник, олборлолтоос үүдсэн нүүрсний өглөг, авлагын асуудал үүсжээ. Орон нутгийн “Тавантолгой” ХК нь Өмнөговь аймагт 284,8 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараасан шилэн компани бөгөөд улсын хэмжээнд ногдол ашиг олголтоор тэргүүлдэг топ 5 компанийн нэг аж.

“Тавантолгой” ХК нь нүүрс тээврийн болон хөрс тээврийн уурхайн замыг байгуулахын тулд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зэргэлдээ талбай руу зайлшгүй байдлаар хэтэрч, нүүрс олборлосон болох нь тогтоогдсон ба бөгөөд дээрх үйлдэл нь иргэний эрх зүйн маргаан болох нь нотлогдсон гэх прокурорын тогтоол гарч, уг хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хаасан байна.

Улмаар хоёр компанийн зүгээс нүүрс олборлосон, хулгайлсан зүйл байхгүй хэмээн харилцан тохиролцоонд хүрчээ. Өглөг авлагын уг асуудлыг улс төржүүлж, хулгай мэтээр нийгэмд ойлгуулах улс төрийн ямар зорилго байна вэ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.