Засгийн газраас нүүрсний хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх штаб байгуулжээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:
-Нүүрсний хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх штаб байгуулсан. Тус штабыг ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан.
Нүүрсний хулгайн гэх хэрэгт мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагууд нэгдүгээрт, “Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой гэрээ, гэрээ байгуулахдаа бусдад давуу байдал үүсгэсэн эсэхийг тогтоохоор шалгаж байна. Хоёрдугаарт, уртын болон богинын тээврээр бүртгэлгүй нүүрс тээвэрлэлт хийсэн эсэх, оффтейк гэрээг шалгаж байна. Гуравдугаарт, гадаадын компаниудтай байгуулсан гэрээг оффтейкээр байгуулсан учраас Гадаад харилцааны яамаар дамжуулан ил болгохоор ажиллаж байна. Дөрөвдүгээрт, бүртгэлгүй тээврийн хэрэгсэл Монголын хилээр гарсан эсэхийг шалгаж байна.
Тус штаб нь мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй, агентлаг хоорондын уялдааг хангах чиг үүрэгтэй. Хятад улсаас шаардлагатай мэдээллийг гаргуулах ийм чиг үүрэгтэй штабыг байгуулсан. Нэг жишээ хэлье. Тавантолгойн тээвэрлэлтэд 9000 орчим тээврийн хэрэгсэл оролцож байгаа гэдэг мэдээлэл байна. Тээврийн хэрэгслийн эцсийн өмчлөгчийг тотгоох. Ачаа бараатай гарсан эсэхийг судлан шалгах нүсэр ажил зохион байгуулагдаж байна. Тээврийн хэрэгсэл хилээр гарахад тэмдэглэгээ хийгдсэн байгаа, ачаатай гарсан бол гааль дээр бүртгэгддэг. Зөрүүтэй мэдээллийг шалгах давхар ажил хийгдэнэ.
Цагдаагийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өргөтгөх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Орон нутагт ажиллаж байгаа эрүүгийн цагдаа нарыг татан оролцуулна. Штаб өнөөдөр үдээс хойш эхний хуралдаанаа хийнэ. Өргөн бүрэлдэхүүнтэй шалгах ажиллагааг явуулна.
Нүүрсний хэргийг шалгах шатанд мөрдөн шалгах ажиллагааг нуун дарагдуулсан юм уу, мэдээлэл өгөхөөс цааргалж байгаа зүйл байхгүй. Сая Ерөнхийлөгч үүрэг чиглэл өглөө, яаралтай мэдээллийг өг гэсэн. Яагаад өнөөдрийг хүртэл системтэй мэдээлэл өгдөггүй юм бэ гэдэг шаардлага тавьсан.
ГХЯ-аар дамжуулж, ХЗДХЯ-аас БНХАУ-ын Дотоод хэргийн яаманд албан бичиг илгээсэн. "Эрх зүйн талаар харилцан туслалцаа үзүүлэх гэрээний хүрээнд нүүрсний гэх эрүүгийн хэргийг шалгах явцад БНХАУ-ын Гаалийн байгууллагаас тодорхой мэдээлэл авах шаардлагатай байгаа тул харилцан мэдээлэл солилцоход дэмжлэг туслалцаа үзүүлж өгнө үү" гэсэн бичиг хүргэгдсэн гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.