Гурван өгүүлбэрээр:
Тогтолцоо өөрчлөгдөх үү?
Нүүрсний хулгайг эсэргүүцсэн гэх тодотголтой жагсаалын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхдээ тогтолцооны асуудлыг хөндлөө. "Нийгэм тогтолцооны шинэчлэлийг хүлээн зөвшөөрвөл Ерөнхий сайдын хувьд манлайлан ажиллана. Сонгодог парламент бол хүчтэй Ерөнхий сайд, Засгийн газартай байхыг хэлдэг" гэж мэдэгдсэн юм. Тэгвэл зөвхөн "нүүрсний хулгай" иргэдийг жагсахад хүргэв үү сэдэвтэй сурвалжилгыг энд дарж үзээрэй.
Ерөнхийлөгч юу гэв?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцруулж, ээлжит бус сонгуулийг дахин явуулах шаардлагатай гэсэн санал гаргасан тухай мэдээлэл гараад байсан. Үүнийг Ерөнхий сайд үгүйсгэж, "Ийм мэдээнээс болоод бид хэд муудалцаад сүртэй юм болчихгүй. Дэлхий нийт цар тахалтай, дайн тулаантай үед ҮАБЗ-ийн гурван гишүүн хөгжлийн бодлогыг нэг цонхоор харж чадаж байна" гэв. Мөн шаардлага гарвал тогтолцооны реформ хийхийг ард түмэн дэмжвэл Ерөнхийлөгч ч мөн дэмжихээ илэрхийлсэн болохыг тэрбээр онцоллоо. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нүүрсний хэргийн асуудлаар УИХ-д нээлттэй сонсгол хийж ард түмэнд ил тод мэдээлэх хэрэгтэйг өөрийн цахим хаягаараа дамжуулан уриалсан юм.
ҮХНӨ бодит болох нь...
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар УИХ-ын гишүүдийн тоо, сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудлыг одоогийн парламентын бүрэлдэхүүн хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнээ мэдэгдлээ. Ингэснээр ҮХНӨ-ийн төслийг 2022 онд багтаж Засгийн газраас УИХ-д өргөн барихаар болсон байна. Мөн хуульд зааснаар 15 хоногийн дотор УИХ нээлттэй сонсгол хийх шийдвэр гаргасны зэрэгцээ Засгийн газар ойрын үед хуралдаж, офтек гэрээг нууцаас гаргах шаардлагатайг хурлын үеэр онцлон тэмдэглэжээ.
Байр суурь
"Бид бүх талаараа гацаанд орчихоод байна гэдгийг энэ хоёр өдрийн жагсаал цуглаан харууллаа. Тогтолцооны хямрал нүүрлээд байна гэх мэтээр олон янзын тайлбар тавьдаг. Гол нь яг хаана юу болохгүй байна вэ, эрх мэдлийн хуваарилалтын юу нь буруу байна вэ гэдгийг бодитоор харж байгаа эсэх нь нэгдүгээр асуудал. Парламентын чадавхыг сайжруулж, гишүүдийн тоог нэмж, сонгуулийн тогтолцоог холимог хэлбэр рүү шилжүүлье гэсэн байр суурьтай байх шиг байна. Гэхдээ энэ нь гүйцэтгэх, шүүх, хууль тогтоох эрх мэдлийн харилцан хяналт тавих механизмыг үнэхээр бүрдүүлж, Ерөнхийлөгчийн институц парламентад эрх мэдлийн ямар байр суурьтай орж ирэхийг шийдэхүйц хэмжээнд тогтолцооны өөрчлөлт хийж чадахгүй бол дахиад энэ байдал үргэлжилсээр байна" хэмээн МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, доктор Д.Бумдарь "Bloomberg TV Mongolia"-д ярилцлага өгөхдөө дурдсан юм.
ГВАН нэмэгдэв
Гадаад валютын албан нөөц XI сарын байдлаар 2.9 тэрбум ам.доллар болж, өмнөх сараас 5.3 хувиар өссөн бол өмнөх оны мөн үеэс 29.5 хувиар буурчээ. Энэ онд гадаад валютын албан нөөцийн хэмжээ эрчимтэй буурч, VIII сард доод түвшиндээ хүрээд байсан бол IX, X саруудад эргээд бага зэрэг өссөн. Ирэх онуудад бондын эргэн төлөлтүүд нэмэгдэж, зарим бондын хугацаа дуусахад ойртож байгаа тул валютын хэмжээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүсэж байна.
Бондын эргэн төлөлт
Монгол Улс Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг бүрэн төлж барагдуулсныг Ерөнхий сайд өчигдөр мэдээлэв. Чингис бондын зарцуулалтын 63 хувийг улсын төсөвт авч хэрэглэсэн буюу үлдэгдэл 136 сая ам.долларыг 2022 оны төсөв дээр тусгасны дагуу Төрийн сангаас төлж барагдуулсан болохыг Сангийн сайд Б.Жавхлан тайлбарласан. Мөн ирэх онд "Самурай" бондын төлбөрт өгөх ёстой 30 тэрбум иенийг Хөгжлийн Банкны зээлүүдийг төлүүлсэн эх үүсвэрээс цуглуулаад байгааг тэрбээр мэдээлсэн юм.
Ноолуур давамгайлав
III улирлын байдлаар Хөдөө аж ахуйн биржээр нийт 1 их наяд 34.2 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн нь өмнөх оны мөн үеэс 53.9 хувиар өссөн үзүүлэлт болсныг СЗХ мэдээллээ. Тайлант хугацаанд 5 төрлийн бараа бүтээгдэхүүн арилжаалсан бөгөөд үнийн дүнгийн дийлэнхийг буюу 92.6 хувийг ямааны ноолуурын арилжаа бүрдүүлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 2.2 нэгж хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Монгол улс дэлхийн ноолуурын зах зээлийн 40 хувийг дангаараа бүрдүүлж байгаа юм. XI сарын 30-нд Хөдөө аж ахуйн бирж нь Бүгд найрамдах Турк улсын худалдааны биржтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан билээ.
Газрын тосны хайгуул
Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй газрын тосны "Petro Matad" компани 20-р блокийг тусгай хэрэгцээний газраар бүртгүүлэх ажилд ахиц гарсныг мэдээллээ. Тус компани Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах хоёр гэрээ байгуулж, газрын тосны 20 болон 5-р талбайд хайгуул хийх зөвшөөрөл авсан ч өнгөрсөн онд орон нутгийн иргэдийн эсэргүүцлийн улмаас зөвшөөрөл бүхий талбайд үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод байв. Харин даваа гарагт Ашигт малтмал газрын тосны газраас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам руу зөвшөөрөл олгох хүсэлт гаргасан байна. Компани газар ашиглах эрхээ авах хүртэл буюу 2023 оны хавраас 20-р блокийн "Херон" талбайд үйл ажиллагаа явуулах боломжтой болно.
Хугацаа наашлав
БНХАУ-ын Засгийн газар олон хотууддаа цар тахлын хорио, хязгаарлалтыг сулруулж байгаатай зэрэгцэн эдийн засагчид тус улсын COVID-19-ийг Үл тэвчих бодлого хэзээ цуцлагдах тухай төсөөллөө наашлуулж эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногт “Bloomberg”-ийн судалгаа авсан 16 эдийн засагчийн ес нь БНХАУ эдийн засгаа өмнө таамаглаж байснаас эрт нээнэ гэж хариулжээ. Цар тахлын эсрэг стратеги нь одоо дээд түвшиндээ хүрээд буй халдварын тархалтыг тогтоон барьж чадахгүй нь ойлгомжтой болсны дараа БНХАУ-ын эрх баригчид эдийн засгаа эргэн нээх ажлаа эрчимжүүлж байгаа юм.
Өрийн уул
Сүүлийн жилүүдэд дэлхийн улсуудад хуримтлагдсан өрийн хэмжээ нь Төв банкнууд инфляцтай тэмцэхэд сорилт болж байгааг Олон улсын төлбөр тооцооны банк (Bank for International Settlements) онцолсон байна. Тус банкны тайланд дурдсанаар 40 улсын Засгийн газрын өр тэдгээрийн дотоодын нийт бүтээгдэхүүний 90 хувьтай тэнцэх болсон нь 2020 оны эхэн үеэс 79 хувиар өссөн үзүүлэлт болж байгаа аж. Хэдий тийм боловч төсөөллөөс давсан инфляцын өсөлтийн мөчлөг дууссаны дараа олон улсад үнийн өсөлт эдийн засгийн үйл ажиллагаатай зэрэгцэн суларсныг дурджээ.
Нүүрс шатаасаар байх нь...
Дэлхийн нүүрсний хэрэглээ 2035 онд дээд түвшиндээ хүрэх төлөвтэй гэж “Bloomberg Intelligence” тооцооллоо. Энэ нь бусад судалгааны байгууллагын тооцооллоос 10 жилээр хойшилсон хугацаа болж байна. Украины дайнаас үүдэлтэй эрчим хүчний хямрал, мөн БНХАУ, Энэтхэгт өнгөрсөн онд нүүрлэсэн эрчим хүчний хомсдолын нөлөөгөөр дэлхийн дахинд нүүрсний хэрэглээ нэмэгдсээр байгаа. Мэдээж энэ нь дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмд барих зорилтыг биелүүлэхэд сорилт учруулахаар байна.
Таны Rolex "ориг" уу?
"Rolex" компани 20 тэрбум ам.доллароор үнэлэгддэг тансаг зэрэглэлийн хуучин цагны зах зээлийг доргиохоор шийджээ. Хэрэглэсэн "Rolex" цаг зарах албан ёсны эрхтэй худалдаалагчдад компанийн зүгээс баталгаажуулалтын гэрчилгээг анх удаа олгож эхлэхээр болсон байна. Ингэхдээ зөвхөн гурваас дээш жилийн настай цагнуудад гэрчилгээ олгохоор болсон нь шинэ цагийг жижиглэнгийн үнээс өсгөж зарах явдлыг зогсоох зорилготой аж. "Deloitte"-ийн тооцоолсноор тансаг зэрэглэлийн хуучин цагны зах зээл 2030 он гэхэд 35 тэрбум ам.доллар болж тэлэхээр байна.
BloombergTV.mn танд санал болгож байна
“Чөлөөт уналт” хийж байсан иений ханш 2023 онд эрс сэргэх төлөвтэй байна
Крипто биржүүд виртуал хөрөнгийн зах зээлийн уналт цаашид ч үргэлжилнэ гэж үзэж, ажилтнуудаа цөөлж эхлэв
Онцлох чарт
Хөл бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулж буй Катар улсын валют чангарч байгаа нь БНСУ, Япон, Английн жуулчдад хүндрэл учруулж байна. Катарын риалын ам.доллартай харьцах ханш тогтмол байдаг нь үүнд улам нэрмээс болжээ. Энэ онд ам.долларын ханш чангарч, бусад орнуудын зах зээлд тогтворгүй байдал үүсгэсэн билээ. Тиймээс эх орондоо өндөр инфляцтай тулгараад буй гадаадын жуулчдад зочид буудлын өрөөнөөс эхлээд цэнгэлдэх хүрээлэнгийн ундаа хүртэл маш үнэтэй тусаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.