СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-12-06

🔴 Д.Тогтохсүрэн: 2022 онд багтааж ҮХНӨ-ийг хийж гишүүдийн тоо, сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлыг хэлэлцэнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, үүсээд буй нөхцөл байдлыг авч хэлэлцжээ. Гаргасан шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа.

Тэрбээр, МАН-ын бүлгийн хурлаар үндсэндээ гурван асуудал шийдлээ. 

Нэгдүгээрт, Жагсагчдын тавьж байгаа шаардлагын гол нь нүүрсний хулгайчдыг зарлах болон бусад ажлын хариуцлага алдаж байгаа хүмүүст хариуцлага тооцох. Энэ хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг өөрчилж, хэрэг хянан шийдвэрлэх хугацааг багасгах чиглэлээр Засгийн газрыг ойрын үед хуулийн төслийг боловсруулж парламентад өргөн барих үүрэг өгөв. 

Хоёрдугаарт, Нээлттэй сонсгол хийх УИХ-ын даргын захирамж гарсан. Хуулийн дагуу 14 хоногийн дотор хийнэ. Маргааш Эдийн засгийн байнгын хороо хуралдана. Энэ хүрээнд 4-5 асуудал бий.

-Засгийн газар ойрын хугацаанд хуралдаж оффтэйкийн /урьдчилсан төлбөрт/ гэрээнүүдийг нууцаас гаргах.

-УИХ цаашдын уул уурхайн бүтээгдэхүүн дээр ийм асуудал гаргахгүйн тулд энэ ондоо багтааж "Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль"-ийг батлах шаардлагатай гэж үзлээ.

-Төмөр замтай холбоотой асуудлыг Нээлттэй сонсголын хүрээнд авч хэлэлцэнэ.

Гуравдугаарт, Энэ парламент Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ярихаас өөр арга алга. Өнгөрсөн наймдугаар сард УИХ-ын 54 дүгээр тогтоол гаргасан. УИХ-ын гишүүдийн тоотой холбоотой асуудал, мөн сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудлыг Засгийн газар судалж, хуулийг өргөн барь гэсэн чиглэл өгсөн байсан. Энэ ондоо багтааж Засгийн газар хуулийн хүрээнд судалж үзээд, УИХ-д өргөн барь гэх шийдвэрийг бүлэг гаргалаа.

Уг 54 дүгээр тогтоолд тодорхой заасан. Үндсэн хуулийн цэц тодорхой шийдэл гаргасны нэг нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, нөгөө нь сонгуулийн холимог тогтолцоо байж болох тухай асуудал. 

Бидэнд 2023 оны зургаан сарын 01-ээс өмнө Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах боломж байгаа. Олон жил ярьж байгаа дээрх хоёр асуудлыг улс төрийн намуудтай зөвшилцөж, ард түмний дэмжлэг авбал өөрчилнө гэлээ. 

-УИХ-ыг тараах тухай асуудлыг МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар ярилцсан юм уу?

-Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ыг тараах тухай асуудлыг ярьсан гэх мэдээлэл цацагдаад байна. Албан ёсоор албан бичиг ирээгүй. Бид Үндсэн хуультай. Үндсэн хуульд зааснаар УИХ тарах шийдвэрийг өөрөө гаргана. Санал гаргадаг хоёр субъект бий. Нэг нь Ерөнхийлөгч, хоёр дахь нь УИХ өөрөө.

УИХ тарахтай холбоотой асуудлыг намын удирдах зөвлөлөөр ч, намын бүлгээр ч хэлэлцээгүй. Эдийн засаг хямралтай, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн байна. Энэ үед бид аль болох улстөрийн хямралгүй байлгах ёстой гэдэг байр суурьтай байгаа. Тийм учраас энэ асуудлыг огт хэлэлцээгүй гэдгийг хариуцлагатай хэлье.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.