СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-12-06

Түгжрэл ба гурван E...

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Гурван өгүүлбэрээр: 

  1. 385,000 тонн нүүрс хулгайд алдагдсан нь тодорхой болоод буйг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хүлээн зөвшөөрлөө.
  2. Чингис бондын үлдэгдэл болох 136.8 сая ам.долларын төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулахад бэлэн болоод байгааг Сангийн сайд мэдээлэв.
  3. III улиралд "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХК 72.8 тэрбум төгрөгийн цэвэр орлоготой ажилласан нь өмнөх оны мөн үеэс 176 хувиар өссөн үзүүлэлт болов.

Жагсаал ба онц байдал

Нүүрсний хулгайд холбогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардсан жагсаал хоёр дахь өдрийнхөө орой үймээн самууны шинжтэй болж эхэлсэн ч иргэд жагсаалаа сайн дураар өндөрлүүлэн тарсан байна. Жагсагчид мод шатааж, зам хааж, ордны хашааг нураах зэрэг үйлдлүүд гаргасныг албан эх сурвалж мэдээлээд буй. Үүнээс өмнө Нийслэлийн Засаг дарга жагсаалыг албадан тараах тухай захирамж гаргаж, УИХ-ын чуулган ээлжит бусаар цахимаар хуралдаж, Онц байдал тогтоох талаар ХЗДХ-ийн сайдын саналыг хэлэлцсэн юм. Хуралдаанаас Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзсэн бөгөөд цаашид нөхцөл байдал даамжирвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг дэмжжээ. 

"Хулгайчид"-ыг зарлав

Өнөөдрийн байдлаар 385,000 тонн нүүрс хулгайд алдагдсан нь тодорхой болсныг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан иргэдийн жагсаал цуглаантай холбогдуулан нэгдсэн байдлаар мэдээлэл өгөхдөө дурдав. Мөн Монгол Улсаас сүүлийн 10 жилд экспортолсон нүүрсний хэмжээ болон БНХАУ сүүлийн 10 жилд импортолсон нүүрсний хэмжээг жил жилээр нь тулгах шаардлагатай байгааг өгүүлсэн юм. Харин Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нүүрстэй холбоотойгоор гэрээ, тээвэр, төмөр замтай холбоотой гурван төрлийн хэрэгт 10 эрүүгийн хэрэг үүсгэгдээд шалгагдаж байгааг мэдээлсэн. Үүнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Д.Ариунболд, Б.Ганхуяг, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал, Өмнөговь аймгийн Засаг дарга, мөн ГЕГ, ХХЕГ-ын тодорхой албан тушаалтнууд багтсаныг нэр заан дурдсан юм.

Байр суурь

"Ийм хязгаарлагдмал төсөв, санхүүгийн орчинд аль төслөө хамгийн түрүүнд хэрэгжүүлэх вэ гэдгээ бодож, дэс дарааллыг маш үр дүнтэйгээр боловсруулж бодох хэрэгтэй. Богино хугацааны арга хэмжээ авахаас илүүтэй нэгдсэн байдлаар, хамгийн оновчтой, шинжлэх ухаанд үндэслэж, судалгаанд суурилсан төлөвлөлт хийх ёстой. Тээврийн салбарын төлөвлөлтөд гурван E шаардлагатай гэж Япончууд ярьдаг. Нэгдүгээрт Engineering буюу инженерийн анализ, дүгнэлт хийх байдлаар төлөвлөлт хийх, хоёрдугаарт Education буюу замын хөдөлгөөнд оролцож буй иргэдийн боловсролыг сайжруулах, хэрхэн дүрэм журмаа баримталж замын хөдөлгөөнд оролцох вэ гэдэг чухал. Гуравдугаарт Enforcement буюу зам тээврийн дүрмийг оновчтойгоор төлөвлөөд түүнийгээ хэрэгжүүлдэг байх" хэмээн JICA-аас хэрэгжүүлж буй Монгол Улсын хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн чадавхыг бэхжүүлэх төслийн багийн ахлагч Нагаяма Кацүхидэ "Bloomberg TV Mongolia"-д ярилцлага өгөхдөө өгүүлэв.

CU тэлнэ

2022 оны III улиралд "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХК 72.8 тэрбум төгрөгийн цэвэр орлоготой ажилласан нь өмнөх оны мөн үеэс 176 хувиар өссөн үзүүлэлт болсныг тайлагналаа. Тайлант хугацаанд цэвэр алдагдлын хэмжээ 58 хувиар буурч 4.5 тэрбум төгрөг болсон байна. Өсөлтөд салбар дэлгүүрийн тоо өмнөх оны мөн үеэс 90 хувиар өсөж 257-д хүрсэн болон үйлчлүүлэгчдийн тоо нь 24.1 саяд хүрсэн нь нөлөөлжээ. Түүнчлэн өнгөрсөн оны мөн үеэс хойш хүнсний жижиглэн худалдаа 17 хувийн өсөлттэй, харин үнийн өсөлт 20-иос дээш хувьтай байгаагаас харвал жижиглэн худалдааны салбарт уналт үүссэн гэж дүгнэж болохыг компанийн санхүү хариуцсан захирал С.Дашдорж "Bloomberg TV Mongolia"-д ярилцлага өгөхдөө дурдсан юм. 

Уул уурхайн тээвэрлэлт

Зам тээврийн хөгжлийн яамнаас гаргасан мэдээллээр энэ оны эхний 11 сард төмөр замаар 14.9 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 17.5 хувиар буурсан үзүүлэлт болж байна. Энэ онд Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги чиглэлийн нийт гурван төмөр зам ашиглалтад ороод байгаа.  Гэхдээ эхний ээлжинд туршилтын тээвэр болон дагалдах дэд бүтцийн ажлуудыг хийх шаардлагатай байгаа тул эдгээр төмөр замаар экспорт хараахан хийгдэж эхлээгүй байна. Харин авто замаар тайлант хугацаанд 27 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн экспортолсон нь өнгөрсөн онтой харьцуулахад 70 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Эргэн төлөлтөд бэлэн

Чингис бондын үлдэгдэл болох 136.8 сая ам.долларын төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулахад бэлэн болоод байгааг Сангийн сайд мэдээллээ. Бондын I транчийн эргэн төлөлтийг Гэрэгэ бондын 500 сая ам.долларын хөрөнгөөр 2018 оны I сард төлж барагдуулсан. Харин II транчийг ЗГ-ын өрийн удирдлагын бодлого, 2020 онд гаргасан "Номад" өрийн зохицуулалтын арга хэмжээ, 2021 онд гаргасан "Century" өрийн хэрэгслийн хүрээнд зарим хэсгийг төлж барагдуулсанаар 136.8 сая ам.долларын төлбөр үлдээд байв. Чингис бондын ханш сүүлийн байдлаар 100 ам.доллар байна. Сүүлийн нэг жилд ханш нь тогтмол буурах трендтэй байсан бол X сараас хойш эргэн өссөн байна. 

Шинэ бөмбөгдөгч

АНУ-ын зэвсэгт хүчин 30 гаруй жилийн дараа шинэ үеийн стратегийн бөмбөгдөгч онгоц болох "B-21 Raider"-аа танилцууллаа. "Northrop Grumman" компанийн үйлдвэрлэсэн тус онгоц нь автомат жолоодлоготой, ердийн болон цөмийн зэвсэг тээвэрлэх чадалтай, агаарт шатахуунаар цэнэглэгддэг тул ямар ч хол зайд зогсолтгүй нисэх боломжтой, хамгийн орчин үеийн радар ч илрүүлэхэд хэцүү болохыг онцолжээ. Тус онгоц нэг бүр нь $700 саяын үнэтэй байх бөгөөд АНУ-ын агаарын хүчин эхний ээлжинд 100 ширхгийг захиалах төлөвлөгөөтэй байгааг мэдээлжээ.

Starlink өргөжсөөр...

АНУ-ын зохицуулах байгууллага нам орбитын хиймэл дагуулаас интернэт үйлчилгээ үзүүлэх “Starlink” төсөлд ээлжит хиймэл дагуулын багц хөөргөх зөвшөөрөл олголоо. Ингэснээр тэрбумтан Илон Маскийн “SpaceX” компани тойрог замд оруулахаар төлөвлөөд буй нийт 30 мянган хиймэл дагуулынхаа 7500-г нь энэ удаад хөөргөхөөр болж байна. Компани анх нэгдүгээр үеийн 4400 хиймэл дагуул хөөргөх зөвшөөрөл авснаас одоогоор 2500-г хөөргөөд байгаагаа өнгөрсөн тавдугаар сард мэдэгдэж байсан юм. Тэдгээр нь дэлхий дахинд 400 мянга гаруй хэрэглэгчдэд интернэтийн үйлчилгээ үзүүлж байгааг мэдээлсэн байна.

Устөрөгчийн машины сорилт

“IDTechEx” компанийн сүүлийн үеийн судалгаагаар устөрөгчийн түлш болон дахин цэнэглэгч дэд станцын хүрэлцээ дутмаг байгаа нь устөрөгчийн хөдөлгүүртэй автомашиныг ирээдүйд өргөн хэрэглээнд нэвтрүүлэхэд гол сорилт болж байгааг тогтоожээ. Устөрөгчийн хөдөлгүүр нь нэг цэнэглэлтээр илүү их зай туулах давуу талтай ч хэрэглээнд нэвтрэхгүй хүлээгдэх тусам цахилгаан хөдөлгүүрийн туулах зай сайжирч, улмаар тэрхүү давуу талыг арилгах болохыг тус компанийн шинжээчид онцолж байна. Үүнээс гадна өнөө цагт хамгийн өргөн ашиглагддаг устөрөгчийн түлшний төрөл нь “саарал устөрөгч” байгаа нь энэхүү технологийн хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа аж. “Саарал” устөрөгчийг байгалийн хийн ууршсан метан ашиглан гаргаж авдаг учраас CO2 ялгаруулалт нь орчин үеийн дотоод шаталтат хөдөлгүүрээс төдийлөн багагүй байдаг. Харин сүүлийн үед нүүрсхүчлийн ялгарал багатай “цэнхэр” болон “ногоон” устөрөгч үйлдвэрлэлийг дэмжих санхүүжилт нэмэгдсэнийг судалгаанд онцолсон байна.

BloombergTV.mn танд санал болгож байна

БНХАУ цар тахлын хязгаарлалтаа сулруулж, OPEC+ гарцаа тогтворжуулснаар газрын тосны үнэ өслөө

“iPhone 14”-ийн үйлдвэрлэл 16 сая нэгжээр буурна гэж “UBS” тооцоолов

“Jade Gas Holdings” компани “Red Lake-7” цооногийг 19 өдөрт багтаан 501 м хүртэл өрөмдөв

Онцлох чарт

Нүүрсний хулгайн эзэн холбогдогчдыг ил болгож, хариуцлага тооцохыг шаардсан эсэргүүцлийн жагсаал болоод байгаа энэ үед Засгийн Газраас олон улсад гаргасан бондуудын ханшийн хөдөлгөөн анхаарал татаж байна. Арилжааны явц хамгийн идэвхтэй байгаа "Century" бондын ханш сүүлийн 1 жилийн хугацаанд нийт 16 хувиар буурч, сүүлийн байдлаар 79 ам.долларт хэлбэлзэж байна. Ханшийн хөдөлгөөнийг харвал XI сарын дунд үеэс тогтмол өсжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

hitad
1 жилийн өмнө
45.57.200.208

sunu2

mongol
1 жилийн өмнө
23.250.92.187

arai2

oros
1 жилийн өмнө
45.72.62.116

yalna2

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.